Монгол улсад жилд дунджаар мянган хүүхэд Зүрхний төрөлхийн гажигтай гэсэн онош сонсож тэдгээрээс 200-300 хүүхэд мэс засал хийлгэх шаардлагатай болдог бөгөөд зүрхний гажгийн мэс заслыг олноор нь хийх боломжгүйн улмаас өвчиндөө шаналж буй олон бяцхан үрс удаан хугацаагаар хүлээх шаардлагатай болдог байна. Харин УБ Сонгдо эмнэлгийн захирал, зүрхний мэс засалч Б.Болдсайхан эмчийн санаачилсан “Зүрх мартахгүй” төслөөр олон хүүхдийг эх орондоо үнэгүй эмчилж эдгээгээд байгаа ба 2027 он хүртэл нийт 1000 хүүхдийг эмчлэх зорилго тавин ажиллаж байгаа билээ.

Төслийг эхлүүлснээс хойш энэхүү сайн үйлсийн төсөлд нэр бүхий олон байгууллага, хувь хүмүүсээс хандив өргөж байгаагийн нэг нь “Бодь Интернэшнл” ХХК боллоо.

“Бодь Интернэшнл” ХХК нь нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх хүрээнд эрүүл мэнд, боловсролын чиглэлээр олон ажлуудыг санаачлан амжилттай хэрэгжүүлэн ажиллахын зэрэгцээ бусад төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллаж, дэмжлэг тусламж үзүүлсээр ирсэн.

Энэ удаа зүрхний төрөлхийн гажиг оноштой хүүхдүүдийг илрүүлж оношлох, эх орондоо үнэ төлбөргүй эмчлэх зорилготой “Зүрх Мартахгүй” төсөлд 60 сая төгрөгийн хүүхдийн сэхээний амьсгалын аппарат хандивлав. Энэхүү амьсгалын аппарат нь зүрхний өвчтэй хүүхдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн нэг гэдгийг төслийг санаачлагч Б.Болдсайхан эмчийн зүгээс онцолж баярласнаа илэрхийлсэн юм.

Цохилох зүрх бүхний төлөө Хамтдаа.