“Бодь интернэшнл” ХХК-ийн баг хамт олон Улаанбаатар хотын оффис болон Өмнөговь аймгийн кемпгэсэн хоёр байршилд хуваагдан ажилладаг. Тэд хоёр жил гаруй хугацаанд нэг зорилго, бодит амжилтын төлөө нэгдэж, багийн гишүүн бүр “Тавантолгой-Гашуунсухайт” төмөр замын цогцолбор төслийн ажилд гар бие оролцон их бүтээн байгуулалтыг цогцлоож байна. Улаанбаатар хотын оффист ажилладаг ажилтан нь орон нутагт өрнөж буй бүх үйл ажиллагааг тогтвортой явуулахад гол дэмжлэгийг үзүүлэн санхүү, гэрээ, худалдан авалт, гадаад харилцаа, төлөвлөлт мониторинг, хүний нөөц, мэдээлэл технологи, аж ахуй, тээвэр удирдлага зэрэг ажлуудыг өндөр гүйцэтгэлтэйгээр зохион байгуулан ажилладаг. Энэ сард оффисийн баг төслийн талбайд ажиллаж буй хамт олонтойгоо нэгдсэн уулзалт хийж, 2022 оны 7-р сарын 1-нд хүлээлгэн өгөх төслийн гүйцэтгэлтэй бүрэн танилцахаар Өмнөговь аймгийг зорьсон юм. Тэд шинэ төмөр зам дээгүүрх зорчигч тээврийн галт тэрэгний анхны зорчигчид нь болж өөрсдийн гар бие оролцсон ажлаа дүгнэж түүхэн бүтээн байгуулалтын нэг хэсэг болсондоо сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.