2022 оны 08-р сарын 05-ний өдөр “Бодь Интернэшнл” ХХК-ийн “R&D Center” буюу Судалгаа, Хөгжүүлэлтийн төв Монгол Улсын Их Сургууль болон “Говь Инфрастракчер Партнерс”, Хятадын “Beijing Consen Traffic Technology” компаниудтай хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ.

R&D төв нь орчин үеийн технологид суурилсан төмөр зам, бизнес, менежментийн салбарын олон талт хөгжилд түшиглэсэн олон улсын мэдээллийг Монголд нутагшуулах зорилготой мэдлэгийн гүүр болсон судалгааны төв юм.

Тус төв Монгол Улсын Их сургуультай хамтын ажиллагааг эхлүүлснээр шинэ үеийн залуучууд солилцооны хөтөлбөр, арга хэмжээнүүдэд хамрагдаж, гадны туршлага, инженерингийн ур чадвараас суралцаж, сурснаа хэрэгжүүлэн хамтдаа өсөж хөгжих, ментортой болох боломжууд нээлттэй болж байна.

Санамж бичигт гарын үсэг зурах үеэр МУИС-ийн захирал Б.Очирхуяг: “Их дээд сургуулиуд болон үндэсний компаниуд судалгаа шинжилгээний ажилд хамтарч байж тэндээс инновац, шинэ санаа мөн оюутнуудад сурч хөгжих боломж нээгддэг” талаар онцолсон юм.

Мөн R&D төв нь Хятад улсын төмөр замын салбарт олон жилийн туршлагатай “Beijing Consen Traffic Technology” компанитай судалгаа, хөгжүүлэлтийн чиглэлд хамтын ажиллагааг эхлүүлж байна. Ингэснээр Монгол компани төмөр зам, уул уурхай, бизнес, менежментийн салбарт олон улсын байгууллагуудтай түншлэх, хамтарсан судалгаа хийх, харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлогтой.

“Beijing Consen Traffic Technology” компанийн захирал Шиао Баоди: Хамтын ажиллагааны хүрээнд хийх эхний ажил бол “ATP Automatic Train Protection буюу галт тэрэгний хурдыг үргэлж хянан, аюулгүй зогсоох автомат системийн хөгжүүлэлт” гэдгийг тодотголоо.

Энэхүү үйл явдал нь Монгол-Хятадын хувийн хэвшлийн компаниудын түншлэлд үндэслэсэн томоохон хамтын ажиллагааны хэлбэр төдийгүй хоёр улсын төмөр замын салбарын харилцааг шинэ шатанд гаргахад дөхөм үзүүлж байна.

Ташрамд дурдахад: Өндөр хөгжилтэй улс орнуудын томоохон бүтээн байгуулалтууд үргэлж судалгаа шинжилгээний төв дээр тулгуурлан үйл ажиллагаагаа, бүтээгдэхүүнээ илүү боловсронгуй болгодог. Иймд тус төв нь Монгол улс хийгээд ирээдүйн залуу боловсон хүчин бэлтгэж, туршлагажуулахад өндөр ач холбогдолтой юм. Жишээ татахад сүүлийн үед дэлхий дахинд эдийн засгийн өсөлтөөрөө анхаарал татаж буй Энэтхэг улсад ойролцоогоор 900.000 ажилтантай 1140 орчим R&D төв үйл ажиллагаагаа явуулдаг ба үүгээрээ Энэтхэг улс Азид тэргүүлэгч, дэлхийд топ 2-т бичигдэх инновацын бүсээр шалгараад байгаа юм.