Австралийн үндэсний их сургуулийн 75 жилийн ой 2021 онд тохиосон бөгөөд 2022 онд “АҮИС-ын 75 жилийн ой-75 хот” арга хэмжээг Дэлхийн өнцөг булан бүрд байгаа төгсөгчдөө хамруулан зохион байгуулж байна.

Тус арга хэмжээний “отгон” буюу 75 дахь хот болж “75 хот: Улаанбаатар” арга хэмжээг тус сургуулийг төгсөгч Р.Алтангэрэл, Н.Золжаргал, Б.Долгормаа нар санаачлан Австралийн Үндэсний Их сургуулийн төгсөгчдийн холбоо болон Монгол-Австралийн нийгэмлэг (MOZZIES)-тэй хамтран 2022 оны 12-р сарын 22-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Дэлхийн шилдэг 50 сургуулийн нэг болох  Австралийн Үндэсний их сургууль нь олон улсын хэмжээнд 129 мянган төгсөгчидтэй бөгөөд үүний 80 гаруй нь 1995 оноос хойш бакалавр, магистр, докторын зэргээр суралцсан Монгол төгсөгчид байна.

Энэ удаагийн арга хэмжээнд үе үеийн 45 төгсөгч оролцож ойн баяраа тэмдэглэн, харилцан нээлттэй яриа өрнүүллээ.

Төгсөгчид тус тусын салбартаа манлайлан Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулан ажиллаж байгааг онцлох нь зүйтэй. Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, ХЭҮК-ын гишүүн Доктор Г.Нарантуяа,  Монгол Улсад олон улсын стандартад нийцсэн нэгдүгээр зэрэглэлийн төмөр замыг бүтээн байгуулалтын цогцолбор төслийг удирдан ажиллаж буй энэхүү арга хэмжээг санаачлан зохион байгуулагчдын нэг “Бодь Интернэшнл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Долгормаа,  НҮБХС-ийн Төв Байгууллагын Статистикийн ажилтан Ж.Мөнхбадар зэрэг манлайлагчид салбар салбарт түүчээлэн ажиллаж байна.