Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн хүрээнд ОХУ-ын “Фирма ТВЕМА” компанид үйлдвэрлэсэн Зам оношилгооны вагон-лаборатори Декарт болон Зам төмрийн оношилгооны ВД-УМТ-2 вагонуудыг ерөнхий гүйцэтгэгч “Бодь интернэшнл” ХХК нь захиалагч “Тавантолгой төмөр зам” ХХК-д бүрэн хүлээлгэн өглөө.

Орчин үеийн дэвшилтэт технологи бүхий хэмжилт, оношилгооны тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон энэхүү “УХААЛАГ” вагонуудыг 2023 оны 4 дүгээр сарын 21-нд Монгол Улсын хилээр оруулж ирэн, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамжийн дагуу томилогдсон ажлын хэсэг буюу Улсын комисс хүлээж авсан юм.

Захиалагч “Тавантолгой төмөр зам” ХХК болон ерөнхий гүйцэтгэгч “Бодь интернэшнл” ХХК-ий инженер, техникийн ажилтнууд нь үйлдвэрлэгч “Фирма ТВЕМА” компаний мэргэжилтнүүдтэй хамтран 2023 оны 5 дугаар сарын 14-28-ны өдрүүдэд дээрх вагонуудын хэмжилт, оношилгооны тоног төхөөрөмжүүдийг тохируулах, компьютер, программ хангамжид өгөгдөл оруулах, мэдээллийн сан бүрдүүлэх, туршилтын аялал хийх зэрэг ажлуудыг гүйцэтгэн, бүрэн зүгшрүүлсний дараа ийнхүү ашиглалтанд оруулав.

Зам хэмжигч-лаборатори вагон Декарт нь шүргэлцэх ба үл шүргэлцэх систем, дүрс бичлэгийн аргаар төмөр замын суурь бүтцийн геометр хэмжээсүүдийг бүрэн гаргаж, оношилон, замын техникийн байдалд автоматаар үнэлгээ өгдөг бол Зам төмрийн сэв шалгагч вагон ВД-УМТ-2 нь хэт авиа, цахилгаан соронзонгийн хосолсон болон дүрс үүсгэх аргаар зам төмрийн байдалд бүрэн хяналт тавьж, сэв, гэмтлүүдийг илрүүлэн, оношилдог бөгөөд 2 вагоны хэмжилт, оношилгооны тоноглол нь 24 цагийн турш тасралтгүй ажиллах боломжтой, автоматжуулсан ажлын байранд инженер техникийн ажилчдын ажиллаж, амьдрах нөхцөл, тав тухтай байдлыг бүрэн хангасан онцлогтой юм.