Бүтээн байгуулалтууд
Бодит амжилтын төлөө
“БӨӨРӨЛЖҮҮТ ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨСӨЛ
Жилд 80-100МВт-аар өсөн нэмэгдэж буй Монгол Улсын эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор эрчим хүчний салбар сүүлийн 40 гаруй жил хийгдээгүй томоохон бүтээн байгуулалт болох “Бөөрөлжүүтийн уурхай, цахилгаан станцын цогц төсөл”-ийг Бодь группийн охин компани болох “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК нь үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
“Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК нь 2011-2016 онуудад Бөөрөлжүүтийн нүүрсний ордын геологийн хайгуул, уурхайн ТЭЗҮ, Цахилгаан станцын ТЭЗҮ, БОННҮ зэрэг холбогдох бүхий л судалгааг үндэсний болон олон улсын нэр бүхий байгууллагуудтай хамтран олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгэсэн. 2017 онд Бөөрөлжүүтийн уурхайн олборлолтыг эхлүүлэн өдгөө Улаанбаатар хотын эрчим хүчний үйлдвэрлэлд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
Мөн “Бөөрөлжүүт цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай судалгаа, зураг төсөл, гэрээ хэлэлцээрүүдийг хийж гүйцэтгэн 2022 оноос барилга угсралтын ажлыг эхлүүлээд байна.
Бөөрөлжүүтийн уурхай, цахилгаан станцын цогц бүтээн байгуулалтын хүрээнд дараах дэд төслүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:
· Бөөрөлжүүтийн уурхай
· Бөөрөлжүүт цахилгаан станц
· Бөөрөлжүүтийн 220кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам
· Багахангай – Бөөрөлжүүт авто зам, төмөр зам
· Суурьшлын бүс
“Бөөрөлжүүт цахилгаан станц”-ын төслийн ач холбогдлоос дурьдвал:
· Усны хэрэглээ хамгийн бага байх агаарын хөргүүрийн конденсатор;
· Ялгаруулах утааны хий хамгийн байх эргэлтэт буцламтгай үет зуух /CFB/;
· Байгаль орчинд ээлтэй технологи бүхий Монгол Улсын хамгийн орчин үеийн цахилгаан станц болно.
“Бөөрөлжүүт цахилгаан станц” ашиглалтад орсноор Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай, бие даасан байдлыг ихээхэн сайжруулж импортын цахилгаан эрчим хүчний хэрэглээг бууруулж дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээр хангах бодит хувь нэмрийг оруулах юм.
Төслийн эхний үе шат хэрэгжсэнээр Цахилгаан станцад 540, уурхайд 500 нийт 1000 гаруй шинэ байнгын ажлын байр бий болгож байгаа бөгөөд түүнийг дагасан суурьшлын бүс бий болж орон нутгийн болон улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд олон эерэг нөлөөллийг үзүүлнэ.