“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд гэсэн 3-н сумын нутаг дэвсгэрт өрнөж байгаа бүтээн байгуулалт билээ. Манай компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд төмөр замын трасс дайран өнгөрч байгаа эдгээр сумууд болон аймаг орон нутагт чиглэсэн олон арга хэмжээ, бүтээлч ажлыг санаачлан хэрэгжүүлдэг.Энэ хүрээнд жил бүр цаг үеийн байдлаас шалтгаалан болзошгүй аюул, эрсдэлээс зэрлэг амьтдаа хамгаалах, хорогдол гаргахгүй байх зорилгоор нэн ховор, ховор амьтад нутагладаг өвөлжилт хүндэрсэн газруудад өвс, тэжээл тавьж биотехникийн арга хэмжээнд дэмжлэг үзүүлж ажиллалаа.
Амьтны амьдрах болон идэш тэжээлийн нөхцөлийг сайжруулахад чиглэгдсэн биотехникийн арга хэмжээнд зориулж 180 гаруй боодол өвсийг сумын ЗДТГ болон байгаль орчны байцаагч нартай хамтран 14 орчим цэгт байршуулж, ундаалах мөсийг бэлтгэн тавих ажлыг авч хэрэгжүүллээ. Цаашид биотехникийн арга хэмжээг төлөвлөгөөний дагуу шат дараатай авч хэрэгжүүлнэ.
Говь нутагт 1990 оны байдлаар 8000 орчим хулан, 50-55 мянга орчим хар сүүлт, 40-55 мянган аргаль, 30 гаруй мянган аргаль нүүдэллэж амьдардаг гэсэн судалгаа байдаг. 1999 онд Ханбогд уулнаас 55 инч эвэртэй угалз агнагдсан нь говийн рекорд болж байжээ.
Ханбогд сумын байгаль хамгаалагч С.Бандийн мэдээллээр тус суманд хулан 5000-6000, аргаль угалз 400, янгир-200, үнэг 400, чоно 200-300 байдаг ажээ. Хоол тэжээл, ган зудын байдлаас шалтгаалан олшрох цөөрөх тохиолдол нэлээдгүй байдаг хэмээн албаны хүн мэдээлсэн.
Аймаг сумын ЗДТГ болон орон нутгийн иргэдийн зүгээс сайн дураараа зэрлэг ан амьтнаа авран хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаад ТАЛАРХАЛ илэрхийлснийг онцолж байна.