Тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжиж Бодь группийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээндээ “Өнгөлөг ирээдүй” нийгэмд хандсан төслийг санаачлан хэрэгжүүлж байна.
Энэ онд уг төслийн хүрээнд орон нутгийн эмнэлэг болон боловсролын байгууллагын гадна орчныг эко талбай болгон тохижууллаа.
1. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын хүүхдүүдэд эрүүл, аюулгүй орчинд өсөж торних боломжийг бүрдүүлэх зорилгоор 27-р цэцэрлэгийн нас насны хүүхдүүдэд тохирсон эко тоглоомыг иж бүрнээр суурилуулан, гадна зам талбайн тохижилт, ногоон байгууламжийн ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгч байна.
“Өнгөлөг ирээдүй” төсөл нь тогтвортой хөгжлийн 17 зорилтоос 5 зорилтыг хангаж байгаа бөгөөд цэцэрлэгийн гаднах 1.5 га талбайд 2-6 насны хүүхдийн онцлогт тохирсон эко модон тоглоомууд, мини-тайз, үзэгчдийн суудал, сандал, сүүдрэвч, элсэн талбай, сагсны талбай, явган замын өргөтгөл, гадна гэрэлтүүлэг зэргийг орчин үеийн стандартад нийцүүлэн цогцоор нь сэргээн засаж, шинээр тохижууллаа.
Энэхүү төслийг гүйцэтгэхдээ бүх тоглоомыг хуванцар биш эко модон байхаар шийдсэн нь хүүхдийн биед харшил үүсгэх ямар нэг хорт бодисын нөлөөгүй, хүүхдийн өсөлт хөгжил, сэтгэхүй, бүтээлч үйлийг дэмжсэн, хэрэгцээ сонирхолд нь нийцсэн зэрэг олон талын ач тустай төдийгүй тэдний ирээдүйн ямар авъяас чадвартай хүн болж өсөхөд чухал үүрэгтэй юм.
Цогтцэций сумын 27-р цэцэрлэг нь 2016 онд ашиглалтад орсон бөгөөд өнөөдрийн байдлаар 235 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Ийнхүү тус цэцэрлэгийн тоглоомын орчин нөхцөл сайжирсанаар “Хүүхэд бүтээгч” буюу “Хүүхэд үйлийн эзэн” болж тэдний бүх талын хөгжлийг хангасан орчин нөхцөл цогцоор бий боллоо.
2. Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Эрүүл мэндийн төвийн гадна талбайн тохижилт, зам талбайн угсралт, гэрэлтүүлгийн ажлыг хоёр сарын хугацаанд иж бүрэн дуусгаж хүлээлгэн өглөө.
Тохижилтын ажлыг гүйцэтгэхдээ эмнэлэгийн түргэн тусламжийн машины орц гарцны замын өртгөл, явган хүний зам шинээр гаргаж, гадна зам талбайн явган гэрэлтүүлэг шинээр хийж, сандал, сүүдрэвч, элсний саравч, цэцгийн мандал, ногоон байгууламж зэргийг хийж дуусгалаа.
Баян-Овоо сумын Эрүүл мэндийн төв нь 2016 онд ашиглалтад орсон бөгөөд сумынхаа 2000 орчим хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэн үйл ажиллагаа явуулдаг.
Эмнэлгийн гадна орчныг иж бүрэн тохижуулснаар тус эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд, хүүхдүүдийг эрүүл, аюулгүй орчинд эмчилгээ, үйлчилгээ авах, эмчилгээний зорилгоор гадаа нарлах, агаар салхинд гарч суух нөхцлийг бүрдүүлж байгаа төдийгүй эмнэлгийн ажилчдын тав тухтай ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулж байна.