Бодь групп нь өнгөрөгч 10-р сард Европ, Монголын хамтарсан худалдааны танхимд гишүүнээр элсэн хамтын ажиллагааг өрнүүлж эхлээд байна.
Хамтын ажиллагааны хүрээнд энэ удаад “Олон улсын худалдааны ажлын хэсэг”-ийг судалгаа хөгжүүлэлтийн R&D төвдөө хүлээн авч анхны уулзалтыг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү уулзалтаар “Монгол банкны валютын нөөц багассантай холбоотой дотоодын банкууд гадаад валютын арилжаанд хязгаарлалт тогтоосон нь худалдааны компаниудад хүндрэл учруулж” байгаа талаар танхимын гишүүн байгууллагууд өргөн хүрээнд хэлэлцэж уг асуудалд гарц гаргалгаа, шийдэл эрэлхийлэн ярилцсан юм.
Уулзалтад Hyperchase, Mondreem, Metro Express, Erel Group / Эрэл Групп, Volvo Mongolia, Wellbee, BSB Mebel LLC, Maris, Veritech ERP, GG Groceries, NTU компаниудын удирдлагууд оролцлоо.
2018 онд байгуулагдсан Европ, Монголын хамтарсан худалдааны танхим нь дараах үндсэн 4 чиглэлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:
1. Европын холбооноос Монгол улс руу хийгдэх гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих;
2. Европын зах зээлийг Монголын бизнес эрхлэгч, хэрэглэгчдэд илүү ойртуулах;
3. Монгол улс болон Европын хооронд бизнес хамтын ажиллагааны гүүр болох;
4. Гишүүддээ үнэ цэнэ авчрах;