Дэлхийн шилдэг үйлдвэрлэгч, ХБНГУ-ын VOSSLOH компанитай хийж буй хамтын ажиллагааны хүрээнд Бодь группийн инженер техникийн ажилтнуудын туршлага судлах ажил амжилттай үргэлжилж байна.
VOSSLOH компани нь сүүлийн 6 жилийн хугацаанд эрчимтэй судалгаа туршилт, хөгжүүлэлт хийсний үр дүнд “M-GENERATION” буюу шинэ үеийн бэхэлгээний системийг 2021 оноос үйлдвэрлэл болон ашиглалтад бүрэн нэвтрүүлсэн бөгөөд энэ нь арчлалтын үед тулгардаг олон асуудлыг эерэгээр шийдвэрлэж, чанарыг улам сайжруулсан, эдийн засгийн өндөр үр өгөөж бүхий, орчин үеийн төгс шийдэл болж чадсан байна.
Ингээд “M-GENERATION” бэхэлгээний системийн талаар товч танилцуулъя.
1. Tension clamp буюу пүршин даруулга
Хуучин хийцийн пүршин даруулгын үзүүрүүд дотогш эргэлттэй байсныг гадагш нь дэлгэж өөрчилснөөр зам төмрийн улан дээр дарах даралтыг илүү өргөн болгож өгсөн. Ингэснээр зам төмөр нь дагуу болон хөндлөн хүчний нөлөөнд өртөх нөлөөлөл буурч, уян харимхай чанар нэмэгдсэнээр ашиглалтын хугацаа уртсаж, бэхэлгээний найдвартай байдал 60 орчим хувиар сайжирсан байна.
2. Angled guide plate буюу цариг баригч
Цариг баригчийн өргөнийг нэмэгдүүлснээр зам төмрийн ултай харьцах талбай өргөссөн ба энэ нь температурын нөлөөгөөр зам хөндлөн шилжилтэд өртөх буюу бүлтрэх эрсдлийг бууруулсан. Мөн замын тахир хэсгийн тогтвортой байдлыг хангахад илүү эерэг нөлөөтэй юм.
3. Rail pad буюу улны жийрэг
Улны жийргийг илүү уян зөөлөн болгосноор даацыг нэмэгдүүлж, шахалт тэсвэрлэх чадварыг сайжруулсан.
4. Plastic dowel буюу тэлэгч
Тэлэгчийн эрчлээсний хөндлөн огтлолыг өөрчилснөөр шураг холхих, сул явалт гарах нөхцлийг бүрэн арилгасан. Мөн амсрын тойргийн ирмэгийг өөрчлөн, зай завсар гарах, хог шороо тогтохоос сэргийлж чадсан. Тэлэгчийн материалыг чийг нэвчүүлдэггүй боловч мөн хатаж хагардаггүй болгож сайжруулсан.
5. Sleeper screw буюу шураг
Шурагийн эрчлээсийг тэлэгчний нэгэн адил өөрчилснөөр шураг холхих, сул явалт гарах дутагдлыг арилгасан.
6. Дэрийн улан доорх зөөлөвч жийрэг
Балластын бохирдлыг бууруулах, замын ашиглалтын хугацааг уртасгах зорилгоор дэрийн улан дор зөөлөвч резин нааж ашигладаг болсон. Үүнийг ашиглалтад нэвтрүүлээд бараг 10 жил болж байгаа бөгөөд сүүлийн үед хүнд даацын болон өндөр хурдны замуудад эрчимтэй тавьж ашиглаж байна.