Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн хүрээнд Тавантолгой төмөр зам ХХК-д хүлээлгэн өгөх зам хэмжигч-лаборатори вагон Декарт болон зам төмрийн сэв шалгагч ВД-УМТ-2 вагоныг ОХУ-ын Москва хот дахь “Фирма ТВЕМА” компаний үйлдвэрт үйлдвэрлэж дууссан тул Бодь интернэшнл ХХК-ий инженер техникийн ажилтнууд газар дээр нь хүлээн авах ажлыг зохион байгууллаа.

Төмөр замын суурь бүтцэд хэмжилт, оношилгоо, шинжилгээ хийн, хяналт тавих, үнэлгээ өгөх зориулалттай уг вагонууд нь 80-120 км/цаг буюу галт тэрэгний тогтоосон дээд хурдаар хэмжилт, шалгалтыг тасралтгүй гүйцэтгэх боломжтой, орчин үеийн дэвшилтэт технологиор бүрэн тоноглогдсон “УХААЛАГ” вагонууд юм.

 

Зам хэмжигч-лаборатори вагон Декарт

Зам хэмжигч-лаборатори вагон Декарт нь шүргэлцэх ба үл шүргэлцэх систем, дүрс бичлэгийн аргаар цариг, түвшин, суулт, чиг зэрэг замын үндсэн геометр үзүүлэлтүүд болон зам төмрийн хөндлөн огтлол, толгой ба улны хэсгийн налуулаг, толгойн босоо ба хажуу элэгдэл, зам төмрийн температур зэрэг бусад хэмжээсүүдийг бүрэн гаргаж, замын дээд бүтэц, дэр, зам төмөр, бэхэлгээ, балластын байдлыг автоматаар үнэлнэ.

 

Зам төмрийн сэв шалгагч вагон ВД-УМТ-2

Зам төмрийн сэв шалгагч ВД-УМТ-2 вагон нь хэт авианы ба цахилгаан соронзонгийн хосолсон арга, дүрс үүсгэх аргаар зам төмрийн байдалд хяналт тавин, ил ба далд сэв, гэмтлүүдийг илрүүлэн, оношилох буюу автоматаар уншин тайлна.

Дашрамд дурдахад “Фирма ТВЕМА” компани нь төмөр замын оношилгоо, үл эвдэх сорилтын багаж, тоног төхөөрөмж үйлдвэрлэх чиглэлээр анх 1989 онд үүсгэн байгуулагдсан ба 2005 оноос үйлдвэрлэлээ өргөжүүлж, төрөл бүрийн хөдөлгөөнт техник хэрэгслийг үйлдвэрлэж ирсэн туршлагатай бөгөөд өнөөдрийн байдлаар 5 тивийн 30 гаруй оронд өөрийн үйлдвэрлэсэн техник хэрэгслээ нийлүүлэн, хамтран ажиллаж байна.

Мөн ОХУ-ын төмөр замуудад ашиглаж байгаа оношилгоо, үл эвдэх сорилтын техник хэрэгслүүдийн 80 орчим хувийг тус компаний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн эзлэдэг ба дэлхийн хурдны болон хүнд даацын төмөр замууд, хотын тээвэр буюу метроны замын оношилгоо, үл эвдэх сорилтын чиглэлээр хөдөлгөөнт 400 гаруй, гар ба замаас авагддаг багаж, тоноглол 5000 гаруйг үйлдвэрлэсэн байна.