Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн хүрээнд Ерөнхий гүйцэтгэгч “Бодь Интернэшнл” ХХК-ийн захиалгаар АО “Фирма Твема” компанид үйлдвэрлэсэн хэмжилт, оношилгооны тусгай зориулалтын “Зам хэмжигч-Лаборатори декарт” болон “зам төмрийн сэв шалгагч вд-умт-2” вагонуудыг Монгол улсын дархан хилийн сүхбаатар өртөөнд хүлээн авлаа.
Орчин үеийн дэвшилтэт технологиор бүрэн тоноглогдсон эдгээр “ухаалаг” вагонууд нь төмөр замын суурь бүтцэд хэмжилт, шалгалт, оношилгоо, шинжилгээ хийн хяналт тавина. Мөн цуглуулсан өгөгдөл, мэдээллүүдийг бие даан боловсруулж, хадгалан, үнэлэлт дүгнэлт өгнө. Үр дүнд нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах зориулалттай. Түүнээс гадна энэхүү вагонууд нь тогтоосон дээд хурдаар хэмжилт, шалгалтыг тасралтгүй гүйцэтгэх боломжтой.
Вагон үйлдвэрлэгч компанийн мэргэжилтнүүд тохируулга, туршилт, зүгшрүүлэлтийн ажлыг Тавантолгой өртөөнд хийж бэлэн болгох бөгөөд Монгол инженер, техникийн ажилтнуудад сургалт явуулж, дадлагажуулах юм.