“Бодь Интернэшнл” компанийн санхүүгийн ахлах шинжээч Л.Эрдэнэболд болон түүний багийн гишүүд өсвөр насны хүүхдүүдэд чиглэсэн “Эрүүл мэндийг дэмжигч сургууль – Health Promoting School Project” нийгмийн хөгжлийн төслийг БЗД, Дарь эхэд байршдаг ЕБС-ын 102-р сургууль дээр өнгөрөгч оны 11-р сараас эхлэн хэрэгжүүлж байна.
Уг төслийн хүрээнд 4-н бүлэг цогц ажлыг хийх ба өнөөдрийн байдлаар 1-р бүлэг болох тухайн сургуулийн сэтгэл зүйчийн өрөөг хүүхэд, эцэг эх, багш нар зэрэг оролцогч талуудад тохирсон орчин үеийн стандартад нийцсэн өрөө болгон тохижуулах ажлыг хийж дуусган хүлээлгэж өгөөд байна.
Мөн ирэх 4-р сард 2-р бүлэг буюу тус сургуулийн 9-12-р ангийн сурагчдад сэтгэцийн эрүүл мэнд, эерэг хандлага, нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг олгох сургалтуудыг орох, 3-р бүлэг буюу сурагчдаас санал авсны дагуу тэдэнд зориулсан орон зайг сургуулийн тохиромжтой хэсэгт гарган тохижуулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
ЕБС-ын орчныг “Эрүүл мэндийг дэмжигч сургууль” болгон жишиг тогтоож энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улсын “сургууль бүр эрүүл мэндийг дэмжигч сургууль” болох хөтөлбөрийг эхлүүлэх үндэс суурь болох юм. Түүнээс гадна өсвөр насны хүүхдийн ирээдүйд учирч болох эрүүл мэндийн эрсдэл, хорт зуршил зэргээс тэднийг хол байлгахад энэ төсөл дэмжлэг үзүүлж чадна гэдгийг төслийн багийнхан онцолж байсан юм.