МОНГОЛ УЛСАД ТӨМӨР ЗАМЫН ХУВАНЦАР ДЭР АШИГЛАХ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА БА ХЭТИЙН ТӨЛӨВ

Хураангуй

Энэхүү илтгэлд төмөр замын суурь бүтэц, тэр дундаа замын дээд бүтцийн гол эд ангиудын нэг болох дэр ба дэрийн аж ахуйг сайжруулах, үүний үр дүнд хөдөлгөөний аюулгүй байдлыг найдвартай хангах, зардлыг бууруулах арга замын талаар авч үзсэн.

Дэлхийн олон улс орны төмөр замд модон ба төмөр бетонон дэрийг өргөнөөр ашиглахаас гадна хуванцар дэрийг нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Иймд дэлхий нийтэд өргөн хэрэглэгдэж буй хуванцар дэрийг судлах, түүнийг Монгол Улсад нэвтрүүлж, ашиглах, төмөр замын салбарын тулгамдсан асуудлуудын нэг болох дэрийн аж ахуйг сайжруулах, эдэлгээг уртасгах, модон дэрийн хэрэглээг багасгах асуудлыг энд дэвшүүлэн тавьсан.

Дэрийн аж ахуйг сайжруулах хэрэгцээ шаардлагыг Монгол Улсын төмөр замын тээврийн салбарын ууган байгууллага, гол төлөөлөгч болох “Улаанбаатар төмөр зам” ХНН болон хувийн хэвшлийн дагнасан хэрэглээний салбар замуудын жишээн дээр тулгуурлан тодорхойлсон.

Мөн хог хаягдлыг бууруулах, дахин боловсруулах, байгаль орчинд ээлтэй төмөр замын дэд бүтэц, дэвшилтэт технологи нэвтрүүлэх асуудлыг ч давхар хөндөж тавьсан болно.

Түлхүүр үг

Төмөр замын суурь бүтэц, замын дээд бүтцийн материал, дэрийн аж ахуй, модон дэр, байгальд ээлтэй дэр.

Оршил

Монгол Улсын зам, тээврийн салбарт зорчигч ба ачаа тээвэрлэлтийн ихэнх хувийг төмөр замын тээвэр эзэлж байна. Төмөр замын тээврийн онцлог нь харьцангуй найдвартай, тав тухтай, жилийн дөрвөн улиралд, өдөр шөнийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг, ачааг хол зайд бага зардлаар тээвэрлэдэг зэрэг давуу талтай юм. Харин төмөр замыг бүхэлд нь барьж байгуулах, ашиглалтад оруулах, арчлалт үйлчилгээ хийх зардал харьцангуй өндөр байдаг бөгөөд энэ зардлын нэлээд хэсэг нь төмөр замын дээд, доод бүтцийг барьж байгуулах, ашиглах зардал юм. Замын дээд бүтцийн үндсэн бүрэлдэхүүн болох зам төмөр, дэр, бэхэлгээ, балластын материалд дээрх зардлын тодорхой хувь нь шингэдэг.

Дэр нь галт тэрэгний дугуйнаас ирэх ачааллыг зам төмөр, бэхэлгээгээр дамжуулан хүлээн авч, балластын давхарга ба ул шороонд дамжуулах, замын тогтвортой байдлыг хангах үүрэг бүхий замын дээд бүтцийн чухал эд анги юм. Дэлхийн олон улс орны төмөр замд уламжлалт модон ба төмөр бетонон дэрээс гадна сүүлийн үед хуванцар дэрийг өргөнөөр нэвтрүүлж байгаа бөгөөд металл буюу төмөр дэрийг харьцангуй бага хэмжээгээр ашиглаж байна.

Манай улсын хувьд төмөр замын тээврийн салбарын гол төлөөлөгч нь “Улаанбаатар төмөр зам” ХНН бөгөөд гол замын нийт дэрийн 40%, өртөөний замын нийт дэрийн 82%, балансын салбар замын нийт дэрийн 93% нь модон дэр, үлдсэн нь төмөр бетонон дэр байна. Мөн Улаанбаатар болон бусад өртөөд дэх хувийн хэвшлийн дагнасан хэрэглээний салбар замууд нь бараг бүхэлдээ модон дэртэй бөгөөд салбар замуудын модон дэрүүд нь ихэвчлэн “цагаан” дэр буюу ялзралтаас хамгаалах идээлэгч бодис түрхээгүй байдаг тул харьцангуй богино хугацаанд, ердөө 5-8 жил ашиглагддаг.

Сэдэв сонгосон үндэслэл

Жилээс жилд нэмэгдэж буй тэнцэхгүй дэрийн өсөлтийг тухайн жилд солигдож буй нийт дэрийн тоо нэгэнт гүйцэж чадахгүй байгаа өнөө үед модон дэрийг орлуулах бусад төрлийн дэрийг судлах, нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага зайлшгүй гарч байгаа бөгөөд дэлхийн олон улс оронд өргөнөөр ашиглагдаж байгаа хуванцар дэрийг судлах асуудал үүнтэй нийцэж байгаа юм.

Үндсэн хэсэг

Төмөр замын дэрийн төрлүүд нь өөр өөрийн давуу ба сул талуудтай байдаг. Модон дэр нь жин багатай, уян хатан, цахилгаан дамжуулдаггүй, суурилуулахад хялбар зэрэг давуу талтай боловч ой мод ихээр ашигладаг, ашиглалтын хугацаа бага, ялзралтад амархан өртдөг, бат бэх муутай, галд тэсвэргүй, цариг амархан тэлдэг, сольсны дараа хог хаягдал ихтэй, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөтэй зэрэг олон сул талтай. Эдэлгээний хугацааг уртасгах, ялзралтаас хамгаалах зорилгоор модон дэрийг идээлэгч бодисоор нэвчүүлдэг нь хүний эрүүл мэнд ба байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг.

Төмөр бетонон дэр нь бат бөх, удаан эдэлгээтэй, тогтвортой, эвдрэл гэмтэлд бага өртдөг, галд тэсвэртэй зэрэг давуу талуудтай боловч хүнд жинтэй (модон дэрнээс бараг гурав дахин илүү), суурилуулахад хялбар биш, бэхэлгээ нь олон тооны жижиг эд ангиуд шаарддаг, цахилгаан дамжуулах чадвар өндөр, сольсны дараа их хэмжээний хог хаягдал гардаг, дахин боловсруулах боломжгүй зэрэг сул талуудтай байдаг.

Металл дэр нь бат бөх, эдэлгээ сайтай, галд тэсвэртэй гэх мэт давуу талтай боловч хүнд жинтэй, цахилгаан дамжуулах чадвар өндөр, зэврэлтэд өртөмтгий, өндөр өртөгтэй зэрэг сул талуудтай тул өргөн хэрэглэгддэггүй.

Сүүлийн үед дэлхий нийтээр модон дэрийг орлох шинэ төрлийн дэр нэвтрүүлж эхэлсэн нь нийлмэл материалаар хийсэн хуванцар дэр юм.

 Зураг -1. Дахин боловсруулсан полиэтилен хуванцар дэр

Хуванцар дэр нь модноос хэд дахин илүү бат бөх, цаг агаар болон гадны хүчин зүйлийн нөлөөнд маш бага өртдөг, ялзарч мууддаггүй, удаан эдэлгээтэй, ашиглалтын хугацаа урт (50 хүртэл жил) бөгөөд энэ нь засвар, арчлалтын зардлыг эрс бууруулдаг сайн талтай. Төмөр бетонон дэрээс ялгагдах онцлог нь цахилгаан дамжуулдаггүй, суурилуулахад хялбар, температурын өөрчлөлтөд тэсвэртэй, ус нэвтрүүлдэггүй зэрэг юм.


Хуванцар дэрийг модон болон төмөр бетонон дэртэй хослуулан хэрэглэж болох бөгөөд энэ үед тэдгээртэй нэг ижил төрлийн бэхэлгээг ашиглаж болдог онцлогтой. Хуванцар дэр ашиглах нь галт тэрэгний хөдөлгөөнөөс үүсэх чимээ шуугианыг эрс бууруулдаг бөгөөд энэ нь төмөр зам дайран өнгөрч буй хот, суурин газрын иргэд, оршин суугчдын тав тухтай байдлыг хангахад эерэгээр нөлөөлдөг. Хуванцар дэр нь халуун, хүйтэнд тэсвэртэй, гал ба хөлдөлтөд өртдөггүй, ус, тос нэвтрүүлдэггүй, химийн болон төрөл бүрийн бодисыг нэвчүүлдэггүй тул байгаль, цаг уурын ямар ч нөхцөлд, байнгын халуун элсэн цөл, цас их унадаг хүйтэн бүс, далайн чийглэг уур амьсгалтай аль ч газар нутагт тавьж ашиглах боломжтой. Чийгшил ихтэй, өндөр температуртай газар хуванцар дэрийн ашиглалтын хугацаа нь модон дэрээс 4 дахин их байдаг нь туршилтаар тогтоогдсон. Хуванцар дэрийн хамгийн том давуу тал нь амар хялбараар сэргээн засварлах, хэрэгцээгүй болсон дэрийг дахин боловсруулж ашиглах боломжтой байдаг. Хуванцар дэр нь ой модонд хор хөнөөл учруулдаггүй, харин ч эсрэгээрээ хуванцар хог хаягдлыг дахин боловсруулж, түүхий эд болгон ашиглах замаар байгаль орчинд эерэг нөлөө үзүүлдэг тул байгаль орчинд ээлтэй буюу “эко дэр” гэж нэрлэж болно. Ерөнхийдөө хуванцар дэр нь модон болон төмөр бетонон дэрүүдийн давуу талуудыг шингээсэн, инженерийн шийдэл бүхий шинэ технологи юм.


Орчин үед хуванцар дэрийн бас нэг давуу тал нь замын параметр үзүүлэлтүүдийг хадгалах болон хөдлөх бүрэлдэхүүнд байршлын мэдээллийг дамжуулах үүрэгтэй тусгай мэдрэгчийг дэрийн дотор суурилуулж ашиглаж байгаа явдал юм. Энэ нь зам, тээврийн салбарт мэдээллийн технологийн ухаалаг системийг нэвтрүүлэх, хэрэглээг сайжруулах, замд гарсан гэмтэл, саатлыг хурдан, шуурхай илрүүлж арилгах, улмаар галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлын түвшинг нэмэгдүүлэх боломжийг олгож байна.

Зураг -2. Байршлын мэдээлэл дамжуулах мэдрэгч бүхий хуванцар дэр

Дээрх олон давуу талуудаас шалтгаалан хуванцар дэрийг ашиглах нь улам бүр түгээмэл болж, одоогоор дэлхийн олон улс оронд хуванцар дэрийн хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байгаа юм. АНУ-ын компаниуд хуванцар дэр үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг бөгөөд 1990-ээд оны сүүлээр өндөр нягтралтай, бага даралтын полиэтилен дэрүүдийг туршиж эхэлсэн. Латин Америкийн орнууд, Канад, Австрали, Их Британи, Герман, Энэтхэг, Япон, Хятад зэрэг улсуудад хуванцар дэрний үйлдвэрлэл болон туршилтыг хийж, жилээс жилд хөгжүүлэн, сайжруулж байна. Нидерланд зэрэг Европын холбооны улс орнуудад креозитээр нэвчүүлсэн модон дэр ашиглахыг хориглосон ба хэрэглээг хязгаарласнаас шалтгаалан хуванцар дэрийг энэ зууны эхнээс өргөнөөр ашигладаг болсон.

Японд синтетик мод буюу шилэн утас ба полиуретаныг хослуулсан нийлмэл материалаар хийсэн хуванцар дэрийг ашигладаг. ХБНГУ-д элс ба техникийн хуванцар материалыг хослуулсан шилэн болон металл арматур бүхий нийлмэл хуванцар дэрийг үйлдвэрлэдэг. Манай хойд хөрш ОХУ-д ч хуванцар дэр аль хэдийнээ нэвтэрсэн бөгөөд “Фирма Твема”, “Аксион Рус” зэрэг компаниуд хуванцар дэрийг үйлдвэрлэж, худалдаалж байна. Монгол Улсад одоогоор хуванцар дэр ашиглаж байгаа туршлага байхгүй бөгөөд энэ сэдвээр олон нийтэд нээлттэй судалгааны ажил бараг байхгүй гэж хэлж болно.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дэрийн аж ахуйн жишээн дээр хуванцар дэрийг Монголд ашиглах хэрэгцээ шаардлагын талаар авч үзье.

УБТЗ-ын хэмжээнд нийт 4.5 сая орчим дэр ашиглагдаж байгаа бөгөөд үүнээс гол замын нийт дэрийн 40%, өртөөний замын нийт дэрийн 82%, балансын салбар замын нийт дэрийн 93% нь модон дэр, үлдсэн нь төмөр бетонон дэр байна. 2023 оны хаврын паспортжуулах үзлэгийн дүн мэдээгээр гол замын нийт дэрийн 10%, өртөөний замын нийт дэрийн 22%, балансын салбар замын нийт дэрийн 18.5% нь ашиглалтад тэнцэхгүй буюу хуучирч муудсан модон дэр байна. БОАЖ-ын сайдын тушаалаар “төмөр замын дэр үйлдвэрлэх зориулалтаар мод бэлтгэх” ажлыг 2013-2018 оны хооронд 5 жилийн хугацаагаар хориглосон. Энэхүү хоригоос шалтгаалан жилд солигдох модон дэрийн тоо эрс буурсан нь дэрийн аж ахуй муудахад шууд нөлөөлсөн гэж үзэж болно. Мөн өртөөний болон балансын салбар замууд нь бараг бүхэлдээ модон дэртэй байгаа нь дээрх тоо баримтаас харагдаж байгаа бөгөөд хязгаарлагдмал тоотой үйлдвэрлэгдэж, нийлүүлэгддэг төмөр бетонон дэр болон цөөн тооны модон дэрийг замын их засвар, гол зам зэрэгт эхний ээлжинд хуваарилдгаас дээрх өртөөний болон балансын салбар замуудад маш бага тооны шинэ дэр оногддог байна.

2023 оны 9-р сарын байдлаар Зам, тээврийн хөгжлийн яамны https://digital.mrtd.gov.mn/ цахим хаягт, бүртгэлтэй нийт 186 компаний 385 дагнасан хэрэглээний зам байгаа бөгөөд үүнээс 373 зам нь буюу 97 хувь нь дан модон дэртэй байна.

Дээр дурдсанчлан хуванцар дэрийг Монгол орны төмөр замын бүх хэсэгт буюу халуун, дулаан цаг агаартай говь, хээр, байнгын чийглэг уур амьсгалтай хангайн бүсэд ч ашиглах боломжтой юм.

Одоогоор мэдэгдэж байгаа хуванцар дэрийн нэг сул тал бол түүний үнэ харьцангуй өндөр байгаа явдал юм. Хуванцар дэр үйлдвэрлэх зардал нь модон дэр бэлтгэх зардлаас даруй 3 дахин, төмөр бетонон дэр үйлдвэрлэх зардлаас бараг 2 дахин өндөр үнэтэй байгаа бөгөөд энэ нь үйлдвэрлэлийн технологитой шууд холбоотой. Мөн ОХУ болон АНУ-д ашиглагдаж буй өндөр даралтын аргаар шахаж бэлтгэдэг полиэтилен хуванцар дэрүүдийг Герман зэрэг Европын улс орнуудад өндөр хурдны болон хүнд даацын төмөр замуудад ашиглахыг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд энэ нь тус хуванцар дэрийн жин, шахалтын бат бөх болон замын тогтвортой байдалтай холбоотой юм. Мөн дээрх өндөр даралтын, шахмал хуванцар дэрийн дотоод бүтэц, шинж чанараас хамаарч бага радиустай тахирт ашиглахад нэмэлт шалгалт, туршилтуудыг хийхийг шаарддаг.

Манай улсын хувьд өндөр даралтын, полиэтилен хуванцар дэрүүдийг галт тэрэгний хурд багатай өртөө, зөрлөгийн болон дагнасан хэрэглээний салбар замуудад ашиглахад ямар ч асуудалгүй бөгөөд гол замд бол арматур бүхий элс, хуванцарын холимог буюу амалентик дэрийг ашиглах нь илүү найдвартай.

Хуванцар дэрийн гол түүхий эд болох дахин боловсруулах хог хаягдлын талаар авч үзвэл манай улс нийт хог хаягдлынхаа 50 хувийг дахин боловсруулах боломжтой ч өнөөдрийн байдлаар ердөө 3-5 хувийг л дахин боловсруулж байгаа судалгаа байна. Монгол Улсын “Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо”-ноос гаргасан 2021 оны мэдээллээр манай улсад дахивар хүлээн авдаг бүртгэлтэй 150, бүртгэлгүй 14 цэг байгаа бөгөөд дээрх бүртгэлтэй 150 цэгийн 67 нь хуванцар түүхий эд худалдаж авдаг. 2021 оны байдлаар хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах 24 үйлдвэр манай улсад бүртгэлтэй байгаа ба дээрх үйлдвэрүүд нь нийт хүчин чадлынхаа 52 хувийг л ашигладаг гэсэн мэдээлэл байна. Дээрх мэдээллээс дүгнэхэд манай улсад хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэл төдийлөн сайн хөгжөөгүй байна.

Орчин үед зөвхөн хуванцар хог хаягдлаар хуванцар дэр хийнэ гэдэг учир дутагдалтай бөгөөд шилэн утас, төрөл бүрийн резинэн нэгдлүүд, шахмал полиэтилен, нийлэг уут, хуванцар сав, ахуйн болон техникийн хуванцарууд, өндөр чанартай хатуу хуванцар зэрэг нийлмэл эд ангиуд нь хуванцар дэрийн материалыг бүрдүүлдэг бөгөөд элс, металл ба шилэн арматур ч бас түүний түүхий эд болж байна. Эдгээр нийлмэл материалуудын заримыг дотоодын үйлдвэрүүдээс нийлүүлэх, заримыг нь гадаадаас худалдан авч ашиглах шаардлагатай болно.

ДҮГНЭЛТ

Жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа төмөр замын дэрийн хэрэгцээг хангахын тулд хуванцар дэрийн технологийг судлаж, нэвтрүүлэх зайлшгүй шаардлага бидний өмнө тулгараад байгааг дээрх судалгаанд өгүүлэхийг зорилоо.

Өнөөгийн зах зээлд хуванцар дэрийн үнэ өртөг хэдий өндөр байгаа ч ашиглалтын хугацаанд засвар арчлалт бараг шаардахгүй, бага зардлаар сэргээн засварлах боломжтой бөгөөд амьдралын мөчлөг нь харьцангуй урт тул үйлдвэрлэл ба худалдан авалтын дээрх зардлыг хангалттай нөхөх, бүр түүнчлэн модон дэрээс илүү үр ашигтай байх боломжтой юм.

Хуванцар дэрийг нэвтрүүлж, ашиглахын тулд дараах арга замуудыг сонгож хэрэгжүүлэх шаардлагатай.
1. Гадаад улсаас хуванцар дэрийг шууд худалдан авах. Энэ нь хамгийн хялбар, гэхдээ өндөр үнэтэй арга юм.
2. Гадаад улсаас (Хятад, Солонгос, Япон, Орос зэрэг) түүхий эдээ хэсэгчлэн худалдан авч, Монгол Улсад хуванцар дэрийн үйлдвэр байгуулах. Энэ арга зам нь шинэ тоног төхөөрөмж, техник технологи нэвтрүүлж, хөгжүүлэхийг шаардана.
3. Хуванцар дэрийн түүхий эд болон хуванцар дэр үйлдвэрлэх үйлдвэрийг бусад улстай хамтран Монгол Улсад байгуулж, хуванцар дэр үйлдвэрлэх бие даасан үйлдвэрлэлд шилжих. Энэ нь хог хаягдлыг дахин боловсруулах болон хэрэгцээт бүтээгдэхүүнийг хямд үйлдвэрлэх хамгийн үр дүнтэй арга байх болно.
Судалж, шийдвэрлэх, ажил хэрэг болгох асуудлууд олон байгаа ч хуванцар дэрийг ашиглах зайлшгүй хэрэгцээ шаардлага бидний өмнө тулгарч байгаа тул ойрын хугацаанд энэ асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд дэлхийн төмөр замын ирээдүй хуванцар дэр лүү чиглэж байгаа өнөө үед бид ч гэсэн хоцрох ёсгүй юм.

Зураг төслийн ахлах инженер Ж.Ууганбаяр

ЗУРАГ ТӨСЛИЙН ХЭЛТЭС