ТӨМӨР ЗАМЫН ДОХИОЛОЛ

Төмөр замын Дохиолол, төвлөрүүлэлт ба хориглолын (ДТХ) байгууламж нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, өртөө болон хоорондын замаар нэвтрэн өнгөрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зориулалттай юм. Тавантолгой – Гашуунсухайт чиглэлийн төмөр замд олон улсын аюулгүй байдлын 4-р зэргийг (Safety Integrity Level 4) хангасан БНХАУ-ын KJS-MCIS-III (Modular Computer-based Interlocking System) төрлийн модульчлагдсан компьютер хориглолын систем шинээр нэвтэрсэн. Мөн автомат зурмагийн програм, цахилгаан сумын гидравлик шилжүүлэгч, гол тоологч, галт тэрэгний хажуугийн илрүүлэх системүүд шинээр нэвтэрсэн.

Сумын цахилгаан гидравлик шилжүүлэгч нь шорыг нягт шахахын тулд үндсэн ZY7, туслах SH6 гэсэн 2 тусдаа шилжүүлэгчээс бүрддэг ба 1/9, 1/11, 1/18 зүрхэвчтэй байдаг. Өртөө, зөрлөгийн гол замын суман шилжүүлгүүд нь 1/18 зүрхэвчтэй ба уг суман шилжүүлэг нь хажуугийн замаар явж өнгөрөхөд галт тэрэгний хурдыг нэмэгдүүлж өгдөг давуу талтай юм.

Гол тоологч нь БНХАУ-ын ARTJZ-2A төрлийн гол тоологчийн систем ашигласан. Өртөө, зөрлөгийн бүх тусгаарлагдсан хэсгүүдийг гол тоологчоор тоноглосон. Уг гол тоологч нь 2 мэдрэгчээс бүрддэг ба мэдрэгч тус бүр нь зам төмрийн баруун, зүүн жирээнд суурилуулддаг. Нэг мэдрэгчинд хүлээн авах 2 ороомог, дамжуулах 1 ороомог байрладаг. 

Галт тэрэгний хажуугийн илрүүлэх системүүд нь унжсан эд анги илрүүлэх систем, вагоны дугаар таних систем, хос дугуйн профайл хэмжих систем, хос дугуй болон гүүшин халалтыг илрүүлэх систем ба хос дугуйн цохилт, ачаалал хэмжих систем болох 5 төрлийн системүүдээс бүрддэг. Хажуугийн илрүүлэх системүүд нь галт тэргийг явж байх үед бүх хэмжилтүүдийг хийж, нэгтгэж, дүгнэж, оношлодог.

Цахилгаан тэжээлийн эх үүсвэрийн хувьд 2 тусдаа 35/10кВ өндөр хүчдлийн шугамтай, 250кВт чадалтай дизель генератор, 100кВт чадалтай дизель генератор, 40кВт чадалтай тасралтгүй тэжээлийн үүсгүүр болох 5 тусдаа цахилгаан тэжээлийн эх үүсвэртэй .   

Тавантолгой – Гашуунсухайт чиглэлийн төмөр замын 2 өртөө, 6 зөрлөг, 2 ачилтын тойрогт нийт 112 ширхэг сумын цахилгаан гидравлик шилжүүлэгч, 263 ширхэг гол тоологч, 5 төрлийн 18 ширхэг хажуугийн илрүүлэх системүүд суурилуулагдсан байдаг. 

 

Дохиоллын инженер Э.Дашням

ДОХИОЛОЛ ХОЛБООНЫ БАРИЛГА УГСРАЛТЫН ХЭЛТЭС