EPC ГЭРЭЭНИЙ АНХАН ШАТНЫ ОЙЛГОЛТ

Удирдтгал: EPC Гэрээг барилга угсралтын салбарт өргөнөөр хэрэглэдэг гэрээний төрөл бөгөөд EPC гэх  үгийн задаргаа нь Engineering, Procurement and Construction гэх гурван үгс юм. EPC жишиг гэрээг олон улсад томоохон төслүүдэд ашиглаад 70 гаруй жил болж харин манай улсын хувьд тус гэрээний ойлголт одоогоос 20 гаруй жилийн өмнөөс Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээнд тусгалаа олж, сүүлийн жилүүдэд илүү ихээр дурдагдах болжээ. Иймд эх хэлээр бичигдсэн энэ төрлийн нийтлэл, судалгаа, мэдээлэл дутмаг учраас EPC Гэрээний талаар анхан шатны ойлголтыг өгөх үүднээс тус нийтлэлийг бичлээ.

Түлхүүр үг: FIDIC, EPC Гэрээ, EPC Гэрээний давуу болон сул талууд.


1. EPC Гэрээний үүсэл. Fédération Internationale Des Ingénieurs-Conseils (цаашид “FIDIC” гэх) буюу Олон Улсын Зөвлөх Инженерүүдийн Холбоо нь 1913 онд Бельги Улсад анх үүсэн байгуулагдсан бөгөөд тэр цагаас хойш 100 орчим гишүүн оронтой дэлхийн өнцөг булан бүрийн зөвлөх инженерүүдий эрх, ашгийг төлөөлөх хамгийн том байгууллага болсон байдаг.

Хэдийгээр Гэрээний Хороо (Contract’s Committee) нь FIDIC байгуулагдсаны дараа түүний хамгийн анхны бүрэлдэхүүн хэсэг болсон ч 1957 онд хүртэл анхны FIDIC жишиг гэрээг бүтээж чадаагүй аж.

Улаан Номны Анхны Хэвлэл (Red Book First Edition) гэж нэрлэгддэг анхны гэрээ нь FIDIC-ээс боловсруулагдаагүй, харин FIDIC-ээс эрх олгогдсоны дагуу “ICE Condition of Contract 4 дэх Хэвлэл” нэрээр Барилгын Инженерүүдийн Институтээс (Institution of Civil Engineers) нийтлэгдсэн байдаг. Тус гэрээг Зөвлөх Инженерүүдийн Ассоциаци (Association of Consulting Engineers) баталсан тул “олон улсын гэрээ” гэж үзэх болсон байна. Хэдийгээр орчин үеийн FIDIC гэрээний хэлбэрүүд 1950-иад оноос хойш эрчимтэй хөгжсөн боловч “Улаан Ном (Red Book) нь дотоодын гэрээнд суурилсан” гэдгийг тэмдэгдэх нь зүйтэй . Улаан Ном нь бараг 20 жилийн дараагаас буюу 1969 , 1975 болон 1987 онуудад амжилттайгаар хэвлэгдэн гарсан байдаг.

FIDIC-ийн өөр нэгэн, хэвлэгдэх хүртэл багагүй хугацаа зарцуулсан гэрээ бол 1963 онд, хожим 1980 , 1987 онуудад хэвлэгдсэн Шар Ном (Yellow Book) бөгөөд тус гэрээ нь Улаан Номтой дүйцэхүйц болсон гэж үздэг.

1990-ээд оны дундуур FIDIC гэрээний хөгжлийн түүхэнд хоёр чухал үйл явдал болсон. Эдгээр нь түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ болох Улаан, Шар Номыг дахин хянаж засварлаж гаргасан Улбар шар Номыг (Orange Book) танилцуулсан.

Эдгээр түүхэн үйл явдлууд нь 1999 онд Улаан, Шар, Мөнгөлөг Номын хавтасны өнгөнөөс бүрдсэн “Солонгон Багц”-ыг (Rainbow Suite) гаргахад түлхэц болсон гэж үздэг.

2017 оны 12 дугаар сард буюу 18 жилийн дараа FIDIC нь Солонгон Багцын Анхны Хэвлэл, Улаан, Шар болон Мөнгөлөг Номнуудын Анхны Хэвлэлийг шинэчлэн сайжруулсан Хоёр дахь Хэвлэлийг нийтэлсэн байна. 2017 оны Солонгон Багцын танилцуулга нь дэлхий даяар томоохон дэд бүтцийн төслүүдийн олон улсын гэрээг хөгжүүлэхэд хамгийн сүүлийн үеийн чухал үе шат болсон гэж үздэг.

Дэлхийн банктай 5 жилийн хугацаатайгаар томоохон бүтээн байгуулалтын төсөлд FIDIC-ийн 6 гэрээг байгуулж , 2019 оны 05 дугаар сарын 10-нд Америк Хоорондын Хөгжлийн Банктай мөн 5 жилийн хугацаатай гэрээ байгуулснаар Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын бүтээн байгуулалтыг санхүүжүүлдэг төслүүдэд ижил гэрээг ашиглахыг баталгаажуулж чадсанаар FIDIC гэрээний байр суурь бэхжсэн.

FIDIC багцын хамгийн сүүлийн бүтээл нь газар доорх ажлын гэрээний нөхцөл буюу Ногоон Ном бөгөөд тус гэрээг Олон Улсын Туннель болон Газар доорх Сансрын Холбоотой хамтран 2019 оны 05 дугаар сарын 07-нд гаргасан байдаг.

FIDIC 1999 оны Мөнгөлөг Ном нь Солонгон Багцын томоохон гэрээний гурав дахь гэрээ бөгөөд тус гэрээний нээлт нь хамгийн их маргаан дагуулж байсан нь эрсдэл хуваарилалтын зарчмаас шалтгаалж байсан. FIDIC-ийн анхны Түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ Улбар Шар Ном байсан боловч Мөнгөлөг Ном нь 1999 оны Cолонгон Багцаас өмнөх уламжлалт FIDIC гэрээнээс тэс өөр түвшинд бичигдсэн гэж үздэг тус FIDIC Мөнгөлөг ном нь EPC/Turnkey гэрээний нөхцөлийг тусгаж өгсөн. Тус Мөнгөлөг номыг барилгын төслийн зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын гүйцэтгэлийг бүхэлд нь хариуцуулах зорилготой төслийн хэлбэрүүдэд ашиглахыг зөвлөдөг. Энэ төрлийн гэрээний ерөнхий зохицуулалтын дагуу төслийн Гүйцэтгэгч нь төлөвлөлт, зураг төслөөс авхуулаад барилгын ажлыг гүйцэтгэн бүрэн тоноглогдсон, ашиглахад нэг зуун хувь бэлэн болсон байгууламжаар хангах, өөрөөр хэлбэл “түлхүүр эргүүлэх” буюу түлхүүр гардуулах нөхцөлийг хангах зорилготой юм.

2. EPC Гэрээний үндсэн ойлголт. Зураг төсөл, Худалдан авалт, Барилгын ажил Гүйцэтгэх Гэрээ (цаашид “EPC Гэрээ” гэх) нь барилга, бүтээн байгуулалтын салбарт тэр дундаа нарийн төвөгтэй, инженерийн шийдэл бүхий бүтээн байгуулалтын төслүүдэд өргөнөөр хэрэглэгддэг гэрээ бөгөөд энэ нь олон улсын томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг хамарсан төслийн санхүүжилтийн сонголтоор барилгын салбарын гэрээ болон гарч ирсэн байдаг. EPC Гэрээ нь эрсдэлийг бууруулж, удирдах хэрэгсэл болох төслийн гэрээ бөгөөд тус гэрээ нь барилгын эрсдэлийг Гүйцэтгэгчид шилжүүлэх зорилготой боловсруулагдсан гэрээ юм. Зураг төсөл боловсруулахаас эхлээд барилгын үе шат хүртэлх төслийн бүх ажиллагааг Гүйцэтгэгч хариуцдаг. Тодруулбал тэд төслийн бүх зураг төсөл, инженерчлэл, худалдан авалт, барилга угсралт, ашиглалтад оруулахад бэлэн төлөвт хүлээлгэн өгөх ажлыг Гүйцэтгэгчид хариуцуулдгаараа ихээхэн түгээмэл ашиглагддаг гэрээ юм. Гүйцэтгэгч, эсхүл EPC компани нь EPC Гэрээний нэг хэсэг болохын хувьд төслийн дараах гурван бүрэлдэхүүн хэсгийг гүйцэтгэдэг. Үүнд:

  • Инженер, Зураг төсөл – энэ нь байгууламжийн иж бүрэн, нарийвчилсан зураг төслийг боловсруулна (Үндсэн болон Нарийвчилсан инженерчлэл, Нарийвчилсан зураг төсөл, Төлөвлөлт, Барилгын инженерчлэл зэрэг ажлууд хамаарна);
  • Худалдан авалт – зураг төслийн дагуу хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх материал, тоног төхөөрөмжийн худалдан авалтыг зохион байгуулна (Тээвэр, Ложистик, Худалдан авалт, Нэхэмжлэх, Материал хүлээн авах зэрэг ажлууд хамаарна);
  • Барилга – барилга, байгууламжийг барьж гүйцэтгэн, ашиглалтад оруулахад бэлэн төлөвт төсөл эзэмшигч/захиалагч, эсхүл санхүүжүүлэгчид хүлээлгэн өгнө (Зураг төсөл, барилгын менежмент, Эрчим хүч, Ус хангамж, Цэвэрлэх байгууламж зэрэг ажлууд хамаарна).

EPC Гэрээг өргөнөөр ашиглах, хүлээн зөвшөөрөх бас нэгэн шалтгаан нь төсөл Санхүүжүүлэгчид  уг гэрээг илүү сонгож ашигладагт байгаа юм, өөрөөр хэлбэл барилга угсралтын гэрээнд үнэ тогтмол, барилгын ажлыг гүйцэтгэж дуусгах хугацаа тодорхой тохиолдолд Санхүүжүүлэгчдэд санхүүжилт олгоход илүү таатай бөгөөд Санхүүжүүлэгчийн эрсдэл бага байх тусам төслийг санхүүжүүлэх магадлал төдий чинээ нэмэгдэнэ гэсэн үг.

3. EPC Гэрээний давуу болон сул талууд. EPC Гэрээ нь дараах давуу талтай. Үүнд:

  • Хариуцлагыг нэг цэгт төвлөрүүлж өгдөг. Өөрөөр хэлбэл EPC Гэрээний Гүйцэтгэгчид тухайн төслийн барилгын бүх ажиллагаа буюу зураг төсөл боловсруулах, худалдан авах, барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээс гадна байгууламжийг ашиглалтад оруулах, хүлээлгэн өгөх хүртэлх ажиллагааг нэг субъектэд хариуцуулж чаддаг. Төслийн бүтээн байгуулалтын үе шатанд аливаа алдаа мадаг үүсэхэд Гүйцэтгэгч, эсхүл EPC компани хариуцлага хүлээдэг.
  • Гэрээний үнэ тогмол байдаг. EPC Гэрээний Гүйцэтгэгч ажил, үйлчилгээний үнийг тогтоох ёстой ба хэрэв зардал хэтрэх болон хэмнэх нь мөн Гүйцэтгэгчийн данстай шууд холбогддог.
  • Гэрээний хугацаа тодорхой байдаг. EPC Гэрээний хэрэгжилтийг заасан хугацаанд багтаан гүйцэтгэх ёстой бөгөөд хэрэв Гүйцэтгэгч заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсний нөхөн төлбөрийг төлөх үүрэгтэй ч хэрэв энэ тохиолдол нь төслийн Захиалагч, эсхүл төслийн эзнээс хамааралтай үед гэрээний хугацаа сунгахыг Гүйцэтгэгч Захиалагчаас шаардах эрхтэй байдаг.
  • Гүйцэтгэлийн баталгаа. EPC Гэрээ нь Гүйцэтгэгчийн биелүүлэх хэд хэдэн Гүйцэтгэлийн үзүүлэлтийг агуулсан байх ба хэрэв төсөл бүтэлгүйтсэн тохиолдолд нөхөн төлбөрийг хариуцах үүрэгтэй байна.
  • Гүйцэтгэлийн батлан даалт. Барилгын гэрээнд гүйцэтгэлийн батлан даалтыг тусгасан байх ба үүний зорилго нь төслийн Захиалагч, эсхүл Санхүүжүүлэгчийг болзошгүй санхүүгийн эрсдэлээс хамгаалах юм. Батлан даалт нь урьдчилгаа төлбөр, толгой компанийн баталгаа, эсүл банкны баталгаа байж болно.
  • Захиалгын өөрчлөлтийн уян хатан байдал. Төслийн Захиалагч нь барилгын гэрээнд захиалга, ажилтай холбоотой өөрчлөлт оруулах эрхтэй.
  • Давагдашгүй хүчин зүйл. EPC Гэрээ нь газар хөдлөлт, хар салхи, халдварт өвчин, зэвсэгт мөргөлдөөн зэрэг давагдашгүй хүчин зүйлийн улмаас ноцтой хүндрэл үүсэх магадлал өндөр тул гэрээний хоёр тал үүргээ биелүүлэхээс татгалзаж болдог.

EPC Гэрээний сул тал. Үүнд:

  • EPC төсөл өндөр үнэтэй байдаг. EPC Гэрээний дагуу хэрэгжих төслүүд өндөр өртөгтэй байдаг бөгөөд энэ нь төслийн Гүйцэтгэгч, эсхүл EPC компанид өндөр эрсдэлтэй тулгардагтай холбоотой. Өөрөөр хэлбэл уг өндөр үнэ өртөг нь Гүйцэтгэгчийг тухайн өндөр эрсдэлийг даван туулахад тусалдаг. Товчхондоо, гэрээний өндөр үнэ нь эрсдэл хуваарилалтын нэг хэлбэр гэж ойлгож болно.
  • Төслийн Захиалагч хяналт тавих нь бага байдаг. Төслийн Захиалагч, эсхүл эзэмшигч нь удирдлага, эрх мэдлээ Гүйцэтгэгчид шилжүүлсэн байдаг ба хөндлөнгөөс оролцох нь зардал нэмж, явцыг саатуулж болзошгүй гэж үздэг байна.

Дүгнэлт. Хэдийгээр EPC Гэрээний ойлголт өөрө таван нүүрэнд багтахаар агуулга бүхий ойлголт биш ч түүний бидний зайлшгүй мэдвэл зохих үндсэн ойлголтыг тус нийтлэлээр товчхон дурдахыг хичээлээ. EPC Гэрээ нь гэрээний менежментэд, тэр дундаа дэд бүтэц, барилгын салбарын урт хугацааны төсөлд чухал үүрэг гүйцэтгэдэг гэрээ бөгөөд зөвхөн барилгын салбарынхан бус барилга, дэд бүтцийн салбарын санхүү болон хуулийнханд EPC Гэрээ болон түүний үр дүнгийн талаар сайтар ойлголттой байхыг шаарддаг. Манай улсын хувьд улсын төсөв, гадаадын зээл тусламж, санхүүжилтийн хүрээнд төдийгүй хувийн хөрөнгө оруулалтаар иргэний болон аж үйлдвэрийн барилга, уул уурхайн, газрын тос, дэд бүтцийн олон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж буйтай холбогдуулан цаашид энэ чиглэлээр ихээхэн судалж үнэн бодит мэдлэг, туршлагыг хуримтлуулах шаардлагатай гэж харж байна.

 

Энэхүү нийтлэл нь танин мэдэхгүйн мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой бөгөөд тус нийтлэлийн агуулга нь хууль зүйн зөвлөгөө биш болохыг анхаарна уу.

 

Хуульч, Хууль зүйн ухааны доктор (Ph.D)  Д.Ундралсайхан  

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН АЛБА