“МЕГА ТӨСӨЛ” ГЭЖ ЮУ ВЭ?
Удирдтгал:
Монгол Улс 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ““Алсын Хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-ыг Монгол Улсын Их Хурлын 52 дугаар тогтооолоор баталсан. Тус баримт бичигт дурдсанаар Монгол Улс ирэх 30 жилд нэмүү өртөг шингэсэн уул уурхай, стратегийн мега төслүүд, хөдөө аж ахуй, боловсруулах аж үйлдвэр, эрчим хүч, тээвэр, логистикийг хөгжүүлэх, мөн уул уурхайн мега төслүүдийн хүрээнд үйл ажиллагаа нь нэгэнт эхэлчихсэн Тавантолгой нүүрсний орд, Оюутолгойн гүний уурхайг оруулсан нь эдгээр ордыг ашиглалтад иж бүрнээр нь оруулах, хариуцлагатай, дэвшилттэй байдлыг нэмэгдүүлж, боловсруулалтын түвшинг ахиулах зорилт тавьжээ.
Тэгвэл “Мега төсөл” гэж юу вэ? Дэлхийн нийтэд “Мега төсөл”-ийг хэрхэн тодорхойлдог талаар нэгтгэн судалж, тус ойлголтын талаар ерөнхий мэдэгдэхүүн өгөхөд энэхүү нийтлэлийн зорилго оршино
Түлхүүр үг:
Мега төсөл, “The Iron Triangle” буюу “Төмөр гурвалжин”.
1. | Мега төслийн нэр томьёо. “Etymology” буюу үгийн гарал үүсэл, тэдгээр нь түүхэн цаг хугацааны туршид хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг судалдаг Латин гаралтай шинжлэх ухааны ойлголт бөгөөд уг ойлголтоор “Mega” гэдэг нь “megas” буюу агуу, том, өргөн уудам, өндөр, хүчирхэг бөгөөд чухал гэсэн утгатай Грек үгнээс гаралтай. Харин шинжлэх ухаан, техникийн нэгжийн хувьд “Mega” гэдэг нь “сая” гэсэн утгыг агуулдаг. Хэрэв бид тус хэмжилтийн нэгжийг эдийн засгийн утгаар нь хөрвүүлбэл шууд утгаараа мега төслүүд нь сая долларын (эсхүл евро, фунт гэх мэт) төслүүд байх бөгөөд өдгөө зуу гаруй жилийн турш дэлхийн томоохон төслүүд үнэндээ сая саяар хэмжигдэж байсан 1. |
2. | Мега төслийн тодорхойлолт. Тэгвэл Megaproject буюу Mега төсөл гэж юуг хэлэх вэ? “Megaproject буюу Mега төсөл (цаашид “Мега төсөл” гэх) нь маш том хэмжээний хөрөнгө оруулалтын төсөл юм”2 . Oxford Handbook of Megaproject Management буюу Мега төслийн менежментийн Оксфордын гарын авлагад дурдсанаар “Мега төслүүд нь ихэвчлэн 1 тэрбум доллар ба түүнээс дээш өртөгтэй, боловсруулах, барихад олон жил шаардагддаг, төрийн болон хувийн хэвшлийн олон талуудыг оролцуулдаг, өөрчлөлт, хөгжлийг авч ирдэг, сая сая хүмүүст нөлөөлдөг томоохон хэмжээний, нарийн төвөгтэй төслүүд юм” гэжээ3. “Мега төсөл гэдэг нь ихэвчлэн олон жил шаардагддаг, цогц, том хэмжээний ажил юм. Эдгээр төслүүд нь ихэвчлэн 1 тэрбум долларын өртөгтэй бөгөөд төрийн болон хувийн хэвшлийнхний оролцоотой, олон сая хүмүүст нөлөөлдөг бөгөөд ихэвчлэн эдийн засаг, газар зүйн хувьд тухай бүс нутагт өөрчлөлтийг авч ирдэг”4 гэж тус тус тодорхойлсон байна. Мега төслүүдийг олж харах хамгийн түгээмэл салбар бол дэд бүтэц, инженерийн салбар бөгөөд газрын тос, мэдээлэл технологи, хангамжийн сүлжээ, тэр ч байтугай сансар огторгуй зэрэг салбараас ч харж болно. |
3. | Мега төслийн шинж чанар. Мега төслийн хувьд хамгийн чухал зүйл нь төслийн зорилго, түүнийг бодит үйл болгон хэрэгжүүлэхэд төсөл хэрэгжүүлэгч байгууллага шаардагдах нөөц, хугацаа, төсөв, төслийн гүйцэтгэл дууссаны дараа тогтвортой байх зэргээс гадна төслийн менежментийн үйл явц, харилцааны стратеги, оролцогч талуудын менежмент зэрэг элементүүд багтах ба эдгээр нь чухал үүрэгтэй байдаг5. Мега төслийн амжилтыг “The Iron Triangle” буюу “Төмөр гурвалжин” гэж нэрлэгддэг цаг хугацаа, төсвийн зохистой байдал болон чанарын гүйцэтгэлээр тодорхойлдог. Илүү дэлгэрэнгүй хэлбэл Мега төслийг оролцогчдын сэтгэл ханамж, бизнесийн тогтвортой байдал, эдийн засгийн үр өгөөж, олон нийтийн сайн сайхан байдал зэрэг урт хугацааны чанараар үнэлдэг байна6. Энгийн төсөлтэй харьцуулахад Мега төсөлд өргөн цар хүрээг хамарсан олон төслийн баг, оролцогч талуудын оролцоо чухал байдаг. Засгийн газар, төслийн захиалагч, эсхүл эзэн, гүйцэтгэгч, хуульч, банк зэрэг оролцогч талууд бүхий Мега төслүүдийг “нэг тэрбум доллараас дээш өртөгтэй төсөл” гэж ангилдаг байна. Мега төсөл нь тухайн улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 0.01%-0.02% хооронд хэлбэлзэж буй төсөвт хэрэгждэг8 гэж үздэг. |
4. | Мега төслийн давуу тал болон эрсдэл. Мега төслийг зөв хэрэгжүүлж чадвал i) төсөл хэрэгжүүлэгчийн ашгийг нэмэгдүүлэх, ii) тухайн бүс нутагт ажлын байр бий болгох, iii) бүтээмжийг сайжруулах, iv) байгаль орчныг хамгаалах, v) хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах, vi) тодорхой бүс нутгийн хүртээмжийг сайжруулах зэргээр тухайн бүс нутагт илүү их ашиг авч ирэх, түүнийг ашиглаж, амьдарч буй иргэдийн туршлага, амьдралын чанарыг сайжруулах зэрэг олон давуу талыг бий болгохын зэрэгцээ i) бүх оролцогч талуудын сэтгэлд нийцсэн шийдвэр гаргах, ii) их хэмжээний төсвийг зөв удирдах, iii) төсөв хэтрэх, эсхүл дутах, iv) цаг хугацаа өнгөрөхөд хамрах хүрээ, зорилго өөрчлөглөх, v) саатал гарах магадлал их, vi) нөөцийн тогвортой байдлыг хянах зэрэг түгээмэл эрсдэл Мега төслийг мөн дагалдаж байдаг. |
5. | Монгол Улс дахь Мега төсөл. Монгол Улс 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ““Алсын Хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлого”-ыг Монгол Улсын Их Хурлын 52 дугаар тогтооолоор баталсан. Тус баримт бичигт дурдсанаар Монгол Улс ирэх 30 жилд нэмүү өртөг шингэсэн уул уурхай, стратегийн мега төслүүд, хөдөө аж ахуй, боловсруулах аж үйлдвэр, эрчим хүч, тээвэр, логистикийг хөгжүүлэх зорилтыг, мөн уул уурхайн мега төслүүдийн хүрээнд үйл ажиллагаа нь нэгэнт эхэлчихсэн Тавантолгой нүүрсний орд, Оюутолгойн гүний уурхайг оруулсан нь эдгээр ордыг ашиглалтад иж бүрнээр нь оруулах, хариуцлагатай, дэвшилттэй байдлыг нэмэгдүүлж, боловсруулалтын түвшинг ахиулах зорилт тавьжээ. Эдгээр төслүүдээс Оюутолгой, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, Тавантолгойн цогцолбор төслөөс уурхайн олборлолтын хэсэг нь Мега төслийн хэмжээнд хэрэгжиж байгааг харж болно. Дүгнэлт. Манай улсад “Мега төсөл” гэх ойлголт нь аль хэдийн хэрэглээнд нэвтэрч улсын хэмжээнд хэд хэдэн мега төслүүдийг хэрэгжүүлж буй, эсхүл хэрэгжүүлэхээр санхүүжилт, хэлэлцээрийн шат буюу бэлтгэл шатын аль ч үед байсан ч, түүнчлэн эл нэр томъёо “шинэ” сонсогдохоо больсон ч чухам ямар утга агуулгатай, юуг хэлдэг талаар нэгдсэн ойлголт, тодорхойлтыг тайлбарласан албан ёсны баримт бичиг, судалгаа, өгүүлэл ховор байдаг. Мега төслийн талаар ойлголт, мэдлэг олж авснаар тус төслийн онцлог, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, хамгийн чухал зүйл болох бодлого төлөвлөлт, төслийн менежмент, эрх зүйн орчин, улс төрийн орчин, хөрөнгө, санхүүжилт босгох зэрэг хүчин зүйлсийн уялдааг ойлгох юм. Энэ утгаараа Мега төслийн талаар нэгтгэн судалж, анхан шатны ерөнхий ойлголт, мэдэгдэхүүнийг өгөх үүднээс энэхүү нийтгэл товч байдлаар бичигдсэн бөгөөд бидний хувьд цаашид ахиулан судлах хэрэгцээ, шаардлага улам бүр нэмэгдэж байна. |
Энэхүү нийтлэл нь танин мэдэхгүйн мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой бөгөөд тус нийтлэлийн агуулга нь хууль зүйн зөвлөгөө биш болохыг анхаарна уу.
Хуульч, Хууль зүйн ухааны доктор (Ph.D) Д.Ундралсайхан
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН АЛБА