ТӨМӨР ЗАМЫН МЭДЭЭЛЛИЙГ ГАЗАРЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМТЭЙ ХОЛБОН АШИГЛАХ

Хураангуй 

Газарзүй Мэдээллийн Систем (ГМС) нь орон зайн болон орон зайн бус өгөгдлүүд дээр тулгуурлан өгөгдлийг цуглуулах, хадгалах, удирдах, дүн шинжилгээ хийх мэдээллийн цогц систем юм. Энэхүү мэдээллийн системийн тусламжтайгаар газрын нэгдмэл сангийн 6 ангилал хөдөө аж ахуй, ойн сан, усан сан, улсын тусгай хэрэгцээ, зам шугам сүлжээ, хот тосгон бусад суурины газар болон инженерийн бүхий л салбаруудад мэдээллийн сангийн нэгдсэн бааз үүсгэх болон өгөгдлүүдийг ашиглан газрын зураг боловсруулах, өгөгдлүүдийг нэгтгэх, ажлын бүтээмжийг өсгөх, үр дүнг нэмэгдүүлэх, бүртгэх, хянах, удирдах боломжийг бий болгодог. Төмөр замын тээврийн ГМС-ийг бий болгох гол зорилго нь түүний үйл ажиллагааны бүх чиглэлийг нарийн орон зайн зохицуулалттай координат мэдээллээр хангах явдал юм. ГМС нь өөртөө дурийн мэдээллийн сан болон одоо ашиглагдаж байгаа автоматжуулсан бараа материал, зураг төсөл, удирдлагын системийг нэгтгэх чадвартай юм. ГМС-ийн ажлын үр дүнд олж авсан мэдээллийг автоматжуулсан систем (паспорт, баталгаажуулалт), зураг төсөл (САПР), менежмент удирдлага (АСУ) системд амжилттай ашиглаж байна. Олон улсад ГМС-ийг төмөр замын салбарт газарзүйн мэдээлэл боловсруулалт, дүн шинжилгээний ажилд өдөр тутам ашиглаж, үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд манай орны хувьд энэ программыг ашиглалт харьцангуй дутмаг байна. 

Түлхүүр үг: Анхдагч өгөгдөл, Орон зайн өгөгдөл, Орон зайн бус өгөгдөл, Газарзүйн мэдээллийн сан

Оршил

Зам дагаж улс орны хөгжил ирдэг. Дэлхийн хөгжингүй улс орон болох АНУ – 195мян.км, ОХУ-86мян.км, Хятад – 58мян.км, Казактан улс – 14мян.км дэлгэмэл урт төмөр замтай байна. Монгол улсад төмөр замын салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж томоохон уул уурхай түшиглэн төмөр замын бүтээн байгуулалт их барилгын засвар шинэчлэлтийн ажлууд хийгдсээр байна. Одоогоор 2,7мян.км төмөр замтай ба ойролцоогоор 5683.5 км төмөр замын суурь бүтцийг шинээр барихаар засгийн газар төлөвлөж байна. Тиймээс төмөр замын салбарт хөгжлийн дэвшилтэт технологи нэвтрэх нь зайлшгүй шаардлагатай билээ.  Төмөр замын эрчимтэй хөгжлийг дагаад суурь мэдээлэл болох газарзүйн мэдээллийг цуглуулах, шинэчлэх, хяналт удирдлагыг бий болгох зайлшгүй шаардлага үүсэж байгаа бөгөөд газарзүй мэдээллийг төмөр замын салбарт нэвтрүүлэн ашиглах нь нэн чухал юм. 

Сэдэв сонгосон үндэслэл

Төмөр замын суурь бүтэц эзэмшигч замын мэргэжилтнүүдэд газар зүйн мэдээллийн программ ашиглалт дутмагаас дараахь дутагдлууд ажиглагддаг: 

– Ажил гүйцэтгэх үед замын тэмдэг тэмдэглэгээ дутмагаас төмөр бетон дэр тоолох гэх мэт болхи тэмдэглэгээг өдөр тутамдаа ашигладаг

– Төмөр замын шинэ бүтээн байгуулалтад замын тэмдэг тэмдэглэгээ байдаггүйгээс бараа материалыг буруу буулгаж дахин зөөвөрлөх эрсдэл

– Байршлын зөрүүтэй мэдээллээс шалтгаалж төсөл төлөвлөлтийн алдаа ихээр гарч төлөвлөсөн цаг хугацаа алддаг үүнийг дагаад зардлыг нэмэгдүүлж байдаг 

– Замын анги хэсгүүд тус бүр паспортжуулалтыг цаасан байдлаар хадгалдаг нь мэдээллийн сангийн аюулгүй байдлыг бүрэн хангаж чадахгүй гэх мэт.

Төмөр замын суурь бүтэц эзэмшигчдэд энэхүү программ хангамжийг нэвтрүүлснээр замын салбарын хамгийн энгийн хэрэглээ болох ажилчид ажил гүйцэтгэхдээ гар утсаараа байршлыг оновчтой тодорхойлох, ажлын талбар дээр гүйцэтгэсэн ажлаа баталгаажуулах, тайлагнах хэрэгсэл, боловсруулалт хийх, хадгалах архивлах хамгийн хялбар нэгдсэн мэдээллийн сан болж өгөх чухал ач холбогдолтой гэж үзэн энэхүү сэдвийг сонгож байна.  

Үндсэн хэсэг

Төмөр замын мэдээллийг газарзүй мэдээллийн системтэй холбон ашиглаж буй гадаад туршлага

Турк:

Турк улс нь төмөр замын өндөр чанартай шийдвэр гаргах системийг бий болгох зорилгоор газарзүй мэдээллийг ашиглан мэдээллийн баазыг бүрдүүлдэг. Төрөл бүрийн орон зайн өгөгдлүүдийг ашиглан төмөр замын объектуудыг дүрслэн харуулж дүн шинжилгээ хийх зорилгоор растер, вектор хүснэгтийн өгөгдлийг MapInfo мэргэжлийн мэдээллийн санд шилжүүлэн орон зайн бус өгөгдлийг үүсгэдэг. Энэхүү өгөгдөл нь дараах утгуудыг агуулна. Үүнд:

Турк улсын төмөр замын трасс

– Захиргааны мэдээлэл (сүлжээ болон түүний удирдлагын зохион байгуулалтын талаарх мэдээлэл)
– Ерөнхий өгөгдлийн зохион байгуулалт ба ашиглалтын өгөгдөл (муруй, ачаалал, хурд, налуу)
– Дээд бүтэц, дэд бүтцийн ерөнхий мэдээлэл (тогтворжуулагч, дэр, төмөр зам, байгууламж)
– Геометрийн хэмжилт (Босоо, мушгих, хөндлөн түвшин, хэмжүүр, чанарын үзүүлэлтүүд, бусад хэрэглэгчийн тусгай параметрүүд)
– Хяналт шалгалт болон бусад хэмжилтүүд (ерөнхий байдал, тогтворжуулагчийн байдал, бэхэлгээний байдал)
– Ажлын түүх (шинэчлэлт, хөндлөнгийн ажлын түүх, засвар үйлчилгээний түүх)
– Газрын зургийн өгөгдөл (төмөр замын сүлжээний газрын зургийг тодорхойлсон өгөгдөл)

ОХУ:
Төмөр замын салбарт ГМС-ийн хэрэглээний тэргүүлэх үндсэн 4 цогцолбор чиглэлүүд байдаг. Үүнд:
1-р цогцолбор:
– Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын автоматжуулалтын бодлогын асуудлыг шийдвэрээр хангадаг Оросын төмөр замын гол замуудын тоон загварыг бий болгох;
– Ачааны хөдөлгөөнд мэдээлэл, аналитик дэмжлэг үзүүлэх, диспетчерийн асуудлыг шийдвэрлэхэд мэдээлэл, аналитик дэмжлэг үзүүлэх;
– Төмөр замын өртөө зөрлөгийн удирдлагын системийн мэдээлэл, аналитик дэмжлэг хангах;
2-р цогцолбор:
– Ачаа тээврийн менежмент удирдлагын үр ашгийг нэмэгдүүлэх хэрэгсэл болох “Оросын төмөр замын сүлжээний цахим зураглал” мэдээлэл, аналитик ГИС системийг боловсруулах;
– Төмөр замын тээврийн хөгжил, үйл ажиллагааг урьдчилан таамаглах;
– Зах зээлийн эдийн засагт үл хөдлөх хөрөнгийн менежментийн удирдлагын хэрэгсэл болох төмөр замын кадастрын автоматжуулсан системийг бий болгох;
3-р цогцолбор:
– Өртөө зөрлөг, болон бусад хамтрагч байгууллагуудыг удирдлагын болон одоо ашиглаж буй автоматжуулсан системтэй нэгтгэх
– Төмөр замын тээврийн дэд бүтцийн обьектыг САПР болон ГИС-д нэгтгэх
– Засвар, сэргээн босгох ажлын удирдлагын автоматжуулалт мэдээлэллээр хангах
– ГМС-ийн геометрийн суурь болох төмөр замын өндөр хурдны чиглэлийн төмөр замын дэвсгэр болон дагуу аясыг хянах репер системийг бий болгох, төмөр замын тээврийн үйл ажиллагааны бүх боломжит чиглэлийг үнэн зөвөөр нь хамрах;
4-р цогцолбор:
– Газарзүйн мэдээллийн систем, технологид суурилсан төмөр замын тээврийн асуудлыг шийдвэрлэх чадвартай боловсон хүчин бэлтгэх үйл явцыг мэдээллийн дэмжлэг үзүүлэх.
ГМС нь бүх шаталсан цахим газрын зураг, төлөвлөгөө, масштабын схем дээрх замын геомэдээллийн нэгдсэн, шуурхай шинэчлэгдсэн мэдээллийн сан, бусад автоматжуулсан системүүдтэй мэдээлэл солилцох хэрэгслийг хадгалах ёстой.

Өгөгдлийн сан

Энэтхэг:
Төмөр замтай холбоотой бүхий л анхдагч өгөгдлүүдийн цуглуулж вектор болон растер өгөгдлүүдэд дүн шинжилгээ хийх зарчмаар мэдээллийн баазыг үүсгэж ажилладаг. Анхдагч мэдээллийг (боломжтой эсвэл хангагдсан) чиглэлийн ажиглалт, станцын дарга, зорчигчдын санал дүгнэлтээр цуглуулан хоёрдогч мэдээллийг төмөр замын станцын бүртгэлээс цуглуулан авч боловсруулалтад ашигладаг. Мөн газарзүй өгөгдлүүдэд тулгуурлан байршлыг харуулсан газрын зургуудыг боловсруулж ашигладаг байна.

Орон өгөгдөл болон орон зайн бус өгөгдлийн импорт

Вьетнам:
Газарзүй мэдээллийн системд суурилсан технологиор Вьетнам дахь төмөр замын системийг тогтвортой хөгжүүлэх зорилгоор мэдээллийн баазыг үүсгэдэг байна.
Төмөр замын объектуудын цуглуулсан мэдээллээс геомэдээллийн баазыг ArcCatalog бүтцэд үүсгэж, дараа нь геомэдээллийн сан буюу аналог мэдээллийг ArcMap дээр дүрсэн харуулж газрын зураг бий болгодог байна.
Орон зайн өгөгдлийн импорт: Газрын зургийн өгөгдөл хадгалах төвөөс цуглуулсан газарзүйн суурь өгөгдлөөс объектуудын орон зайн өгөгдлийг цэг, шугам, талбай хэлбэрээр форматалж, ArcCatalog-ээр гүйцэтгэдэг.
Атрибутын өгөгдөл оруулах: Атрибутын өгөгдлийг жилийн статистик мэдээллээс цуглуулан хүснэгт хэлбэрээр хадгалдаг бөгөөд орон зайн бус өгөгдлийг шууд ArcMap дээр бүтээдэг байна. Дараагаар талбарыг нэрлэж, талбар бүрийн өгөгдлийн төрлийг бүхэл тоо, бутархай тоо эсвэл текстийн аль нэгээр нь тохируулж тухай объектын шинж чанартай холбоотой бүхий л хүснэгтэн мэдээллийн баганыг үүсгэн оруулдаг.

Орон өгөгдөл болон орон зайн бус өгөгдлийн импорт

Дээрх дөрвөн улсуудын төмөр замын тээвэрт газарзүй мэдээллийн системийг холбон ашиглах арга барилыг харахад газарзүйн байршилтай холбоотойгоор растер вектор өгөгдлүүдэд боловсруулалт хийж газрын зураг зурах, атрибутан мэдээллүүдийг шивж оруулах дарааллаар мэдээллийн бааз үүсгэн ажилладаг байна. Харин Монгол улсын төмөр замыг газарзүй мэдээллийн системтэй холбох ажлын хувьд растер вектор өгөгдлүүдийг боловсруулж, орон зайн бус мэдээлэлд тухайн объектын шинж чанартай холбоотой бүхий л мэдээллийг хамруулахаас гадна өгөгдлүүдийг хөрвүүлж Autocad, Google Earth, Mapsme зэрэг программ хангамж болон гар утасны аппликайшинд ашиглаж хэрэглэгчидэд мэдээллийг цаг хугацаа алдалгүй үнэн зөв бодитоор хүргэх боломжыг олгоно.
 
Арга зүй
Газарзүй мэдээллийн системийн тусламжтай мэдээллийн баазыг үүсгэхийн тулд зорилгоо тодорхойлж зөв өгөгдлүүдийг цуглуулах нь чухал. Шаардлагатай анхдагч өгөгдлүүдийг цуглуулсны дараагаар тухайн өгөгдлүүдийг хөрвүүлэх, нэгтгэх буюу вектор өгөгдлүүдийг бэлтгэх ажлыг гүйцэтгэсэн. Вектор өгөгдлүүдийг үүсгэснээр ArcGis программ хангамж нь тэдгээр өгөгдлүүдийг хадгалах, шинээр үүсгэх, засварлах боломжийг олгодог. Ингээд дүн шинжилгээ, шинэчлэлт, засварлалтын үр дүнд бид газрын зураг, орон зайн өгөгдлүүд, атрибутан мэдээ буюу орон зайн бус өгөгдлүүдийг бий болгож олон төрлийн өргөтгөлөөр ашиглах боломжтой.
Admin – Админ
Data – Өгөгдөл
ArcMap – Программ хангамж
Geoprocessing – Өгөгдөл боловсруулалт
Spatial data – Орон зайн өгөгдөл
Non-Spatial data – Орон зайн бус өгөгдөл
Vector data – Вектор өгөгдөл
Attribute – Хүснэгтэн мэдээлэл
Point, polygon, polyline – Цэг, талбай, шугаман өгөгдөл
Geodatabase – Мэдээллийн сан
User – Хэрэглэгч
Мэдээллийн удирдлагын системийн хувьд ГМС дараахь зүйлсийг агуулсан байх ёстой. Үүнд:
– Түгээмэл цифр загварууд, (ГИС систем өртөө болон зөрлөгийн замд) шаардлагатай тохиолдолд зөрлөгийн замын цифр загварууд
– Засварын болон барилгын ажлыг удирдах автоматжуулалтын асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай тохиолдолд зам, байгууламжийн төлөв байдалд хяналт тавих мэдээлэл;
– төмөр замын суурь бүтэц, төмөр замын хамгаалалтын бүсийн тоон кадастрын дэвсгэрийг зөрлөгийн автоматжуулсан паспорттой нэгтгэсэн;
– Төмөр замын дэд бүтцийн менежмент удирдлагын асуудлыг шийдвэрлэхэд зориулсан программ боловсруулах хэрэгслүүд.
 

ГМС ашиглалтын арга зүй

ArcGis программ хангамжийн тухай
Газарзүй мэдээллийн сан нь ESRI-ийн ArcGIS платформ дээр үүсгэсэн стандарт харилцааны өгөгдлийн сангийн диаграмм юм. Энэ нь орон зайн объектуудыг үр дүнтэй тодорхойлж, дүрслэн харуулж, тэдгээрийн хязгаарлалтын харилцааг системчилж, тодорхойлсон загварыг бодит ертөнц дэх төлөвтэй нь ойртуулдаг. Газарзүй мэдээллийн сан нь газарзүйн өгөгдлийг олон төрлийн форматаар нэгтгэж удирдах боломжтой бөгөөд олон хэрэглэгч ижил газарзүйн бүсэд нэгэн зэрэг хандах, өөрчлөх боломжийг олгодог. ArcGis нь газарзүйн олон төрлийн өгөгдлүүдийг нэгтгэж, хадгалж, дүн шинжилгээ хийж үр дүн бий болгох боломжтой хамгийн өргөн хэрэглэгддэг программ хангамж юм.
Газарзүй мэдээллийн системд геомэдээллийн сан байгуулах үе шатуудыг доорх схемд үзүүлэв.

Төмөр замын мэдээллийг ГМС-тэй холбон ашиглахад газарзүйн байршлын хувьд үнэн зөв нарийвчлалтай хийгдсэн геодезийн хэмжилт боловсруулалтын ажил хамгийн чухал. Энэ нь анхдагч өгөгдлийг бүрдүүлэхэд үндсэн хэсэг буюу гол хүчин зүйл нь болж өгдөг. Төмөр замын геодезийн хэмжилт боловсруулалтын ажлыг хийж гүйцэтгэхдээ Монгол улсын барилгын норм ба дүрэм “АВТО ЗАМ БОЛОН ТӨМӨР ЗАМЫН ГЕОДЕЗИЙН АЖИЛ Барилгын дүрэм 11-114-14”-г баримталж ажиллана.

Тавантолгой – Гашуунсухайт чиглэлийн төмөр замд ГМС программыг нэвтрүүлэх
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь нийт 233.6км урттай 25 мянган тонн даацтайгаас гадна , 100 км хурдтай явах боломжтой 1-р зэрэглэлийн, хүнд даацын, жилд 30-50 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай Монгол улсын анхны уулзваргүй төмөр зам бөгөөд энэхүү том бүтээн байгуулалтын ажлыг жишээ болгон авч мэдээллийн баазыг үүсгэж ажилласан.
Нийгэм, эдийн засгийн ач холбогдол: БНХАУ-руу экспортлох нүүрс тээврийн өртөг 46.8 ам.доллароос 12.1 болж, тонн тутамд 3.8 дахин буурна. Төмөр замаар дамжуулах нүүрс, зэсийн экспортын хэмжээ нэмэгдэж, БНХАУ төдийгүй тус улсын далайн боомтуудаар дамжин гуравдагч орон руу тээвэрлэлт хийх боломжтой болно. Монгол Улсын уул уурхайн компаниуд дэлхийн зах зээлд хямд үнээр өрсөлдөх боломж бүрдэнэ. Малын бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу шуугиан, хөрс болон агаарын бохирдол 74 хувиар буурна. Авто тээврийн осол, зөрчил буурч, хөдөлгөөний аюулгүй байдал дээшилнэ. 2000 орчим тогтмол ажлын байр шинээр бий болно. Улсад жилд 44.2 сая ам.долларын татвар төлнө. Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
Цогцолбор төсөл нь нийт 6 багц ажлаас бүрдэнэ. Үүнд:
– Багц 1 дээд, доод бүтцийн ажил
– Багц 2 дохиолол холбооны системийн угсралт, суурилуулалт
– Багц 3 барилга байгууламж
– Багц 4 эрчим хүч, цахилгаан хангамж
– Багц 5 хөдлөх бүрэлдэхүүн
– Багц 6 хөдлөх бүрэлдэхүүний засварын тоног төхөөрөмж гэсэн үндсэн 6 багцаас бүрдэх бөгөөд төмөр замын мэдээллийн сангийн нэгдсэн бааз бүрдүүлэлтэд багц 1 – багц 4 хүртэл хамруулж ажилласан.

Төмөр замын мэдээллийг Газарзүй мэдээллийн системтэй холбон ашиглах
Орон зайн өгөгдөл буюу вектор өгөгдөл (Тавантолгой – Гашуунсухайт чиглэлийн төмөр зам)
Орон зайн өгөгдөл буюу тухайн объектын байршлыг илэрхийлсэн бүх төрлийн геометр дүрслэлүүдэд дараах төмөр замын суурь бүтцийг хамруулж вектор өгөгдлүүдийг үүсгэн ажилласан. Үүнд:

Орон зайн өгөгдөл оруулах

Дээрх вектор өгөгдлүүдийг үүсгэсэнтэй адил төмөр замын суурь бүтцийн бүхий л объектуудад орон зайн мэдээллийг үүсгэж ажилласан. Тухайлбал төмөр замын гарам, тоонолжийн арын тохой, гол замын 20м болон 1км тутмын пикет цэгүүд, гэрлэн дохио, гүүр хоолой, мал амьтны гарц, өртөөний барилга байгууламж зэрэг объектуудыг үүсгэсэн. Мөн цаашлаад инженерийн байгууламжууд буюу цэвэр бохир, холбоо, шилэн кабель, дулааны шугам, болон худгууд, замын гэрэлтүүлэг, нийтийн зориулалттай барилга байгууламж, сүүдрэвч, хашаа хороо зэрэг байр зүйн бүхий л элементүүдийг оруулж мэдээллийн сан үүсгэх боломжтой.

Орон зайн бус өгөгдөл буюу хүснэгтэн мэдээлэл
Орон зайн бус өгөгдөл буюу хүснэгтэн мэдээлэл нь тухайн объектын шинж чанартай холбоотой бүхий л мэдээллийг агуулсан өгөгдлийг хэлнэ. Тус өгөгдөл нь зарим тохиолдолд тайлбар мэдээ, шинж чанарын мэдээ гэж нэрлэгдэх тохиолдол байдаг. Төмөр замын обьектуудын орон зайн мэдээллүүдийг үүсгэсний дараагаар объект тус бүрт хүснэгтэн мэдээллийг нэмж үүсгэсэн.
Төмөр замын суурь бүтцийн хүснэгтэн мэдээлэлд тухайн объектуудын шинж чанартай холбоотой бүхий л мэдээллүүдийг багтаасан бөгөөд жишээ болгон доорх хүснэгтэнд төмөр замын тахир, суман шилжүүлэг, тоонолжын арын тохой гэсэн гурван объектын хүснэгтэн мэдээллийг харуулав.

Орон зайн бус өгөгдөл оруулах

Вектор өгөгдлийн боловсруулалтын үр дүн
ArcMap бүтцийн тусламжтай анхдагч өгөгдлүүдийг боловсруулж вектор болон хүснэгтэн мэдээллийг үүсгэсний дараагаар олон төрлийн үр дүнг бий болгох боломжтой. Сэдвийн гол зорилго болох төмөр замын нэгдсэн нэг мэдээллийн бааз үүсгэх, газарзүй мэдээллийн системийг төмөр замтай уялдуулж ашиглах, мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгах болон цаг хугацаа хэмнэх зэрэг үрд дүнд хүрэх бүрэн боломжтой бөгөөд үүсгэсэн вектор (shp) өгөгдлийг хөрвүүлж хэрэглэгчийн түвшинд Google Earth, Mapsme зэрэг утасны болон дэлгэцийн аппликайшинд ашиглаж болно. Үүнээс гадна өгөгдлүүдийг нэгтгэж төмөр замын байршлыг илтгэсэн газрын зураг зурах, ажил төлөвлөлөнд ашиглах зэрэг олон олон боловсруулалтыг хийж болно. Өгөгдлийг (shp) хөрвүүлж утас болон дэлгэцийн газарзүйн программ хангамжууд дээр харахын тулд ArcMap – Toolbox – Conversion tools – To KML – Layer to KML командын тусламжтай хөрвүүлж харах бөгөөд KML өргөтгөлтэй файлыг утасны аппликайшин болох Mapsme, Google Earth бүтцүүд дээр харах боломжтой.

 Комьпютерт буюу Google Earth программд Төмөр замын объектын хүснэгтэн мэдээлэл  харагдах байдал

Гар утасны аппликайшин буюу Google Earth, Mapsme-д Төмөр замын объектын хүснэгтэн мэдээлэл  харагдах байдал

Дүгнэлт
Төмөр замын мэдээллийг газарзүй мэдээллийн системтэй холбон объектуудын орон зайн болон орон зайн бус өгөгдлүүдийг үүсгэж мэдээллийн нэгдсэн баазыг үүсгэснээр дараах хэд хэдэн чухал үр дүн гарна. Үүнд:
1. Төмөр замын обьектуудын анхдагч өгөгдлүүдийг цогцолбор сан үүсэх
2. Цуглуулсан өгөгдлүүдэд ArcMap программ хангамжийн тусламжтай дүн шинжилгээ хийж орон зайн өгөгдөл буюу вектор өгөгдлийг үүсэх
3. Вектор өгөгдөл тус бүрт орон зайн бус өгөгдлийг үүсгэж тухайн объектын шинж чанартай холбоотой мэдээллийг хамруулах
4. Өгөгдлүүдийг хөрвүүлж хэрэглэгчидэд мэдээллийг үнэн зөв бодитой цаг хугацааны хувьд хурдан шуурхай хүргэх нөхцлийг бүрдүүлэх
5. Төмөр замын шинэ бүтээн байгуулалт, засвар шинэчлэлтийн ажлуудад байршилтай холбоотой мэдээллийн зөрүүтэй байдал үүсэх нөхцөл буурч мэдээллийг цаг алдалгүй үнэн зөв өгөх
6. Орон зайн болон орон зайн бус мэдээллийг үнэн зөв үүсгэснээр хэрэглэгчдэд тухайн объекттэй холбоотой шинж чанарын бүхий л мэдээллэр хангах
7. Монгол улсад ашиглагдаж байгаа төмөр замууд, шинэ бүтээн байгуулалт, засвар ашиглалтын төмөр замуудад нэгдсэн нэг сан бүрдүүлэх цаашид хоорондын уялдаа холбоо хангах боломжтой.
8. Ашиглалтын явцад хүндрэл багатай гар утасны аппликайшин байдлаар өргөн хэрэглээний байдлаар ашиглах боломж бүрдэнэ.

 

Төмөр замын хэлтсийн захирал П.Мөнхсайхан

Инкон ХХК