EPC ГЭРЭЭНИЙ СУУТГАН БАРИХ МӨНГӨН ДҮН

Удирдтгал: EPC Гэрээний Суутган барих мөнгөн дүн гэдэг нь төсөл дуусах хүртэл Захиалагчаас Гэрээний үнийн дүнгийн тодорхой хувийг авч үлдэж буй мөнгөн дүнг хэлнэ. Ингэснээр төсөл хэрэгжиж дууссаны дараа үүсэж болзошгүй доголдол, дутагдлыг арилгах зэргээр гэрээнд заасан бүх үүргээ Гүйцэтгэгчээс биеүлүүлэхийг баталгаажуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Үл ойлголцол гарахаас сэргийлж гэрээний талууд Суутган барих мөнгөн дүн, түүнтэй холбоотой нөхцөлийг гэрээндээ тодорхой зааж өгөх шаардлагатай байдаг. Иймд энэхүү нийтлэлээр Суутган барих мөнгөн дүн, түүнтэй холбоотой анхаарвал зохих асуудлыг нэгтгэн буулгалаа.
 
Түлхүүр үг: EPC Гэрээ, Суутган барих мөнгөн дүн, Баталгаа
 
1. Суутган барих мөнгөн дүн. Суутган барих мөнгөн дүн (англи: Retention Money) гэж гэрээний үнийн тодорхой хувийг төслийн Захиалагч барилгын ажил гүйцэтгэгдэж дуусах хүртэл төслийн Гүйцэтгэгчээс суутган авдаг мөнгөн дүн бөгөөд энэ нь барилгын салбарт түгээмэл хэрэглэгддэг байна. Энэхүү Суутган барих мөнгөн дүн нь санхүүгийн баталгааны нэг хэлбэр бөгөөд Гүйцэтгэгч нь барилгын ажил дууссаны дараа гарч болзошгүй аливаа доголдол, дутагдлыг арилгах зэргээр гэрээгээр хүлээсэн бүх үүргээ биелүүлэхийг баталгаажуулах зорилготой юм. Ерөнхийдөө Суутган барих мөнгөн дүн нь Захиалагчийг эрсдэлээс хамгаалах хэрэгсэл болдог ба Гүйцэтгэгч нь тус мөнгөн дүнг авахын тулд гэрээнд заасан, өөрийн гүйцэтгэвэл зохих ажлыг бүрэн дуусгах шаардлагатай болдог. 
 
2. Суутган барих мөнгөн дүнгийн хувь хэмжээ. Ихэнх барилгын гэрээнд Суутган барих мөнгөн дүнгийн хэмжээ нь тухайн барилгын гэрээний үнийн дүнгийн 5-10 хувь хүртэлх хэмжээгээр хязгаарлагдсан байх бөгөөд уг хувь хэмжээнд хүрсэн нөхцөлд цаашид нэмж мөнгө суутгаж болохгүй.
 
3. Суутган барих мөнгөн дүнг эргэн төлөх. FIDIC жишиг гэрээний нэг Мөнгөлөг номонд (Conditions of Contract for EPC/Turnkey Projects-Silver Book, 1999) Суутган барих мөнгөн дүнг Гүйцэтгэгчид буцаан төлөх шаардлагыг тусгасан байна. Тухайлбал, Ажил хүлээн авах гэрчилгээ олгосон, Ажил нь бүх туршилтанд хамрагдсаны дараа Суутган барих мөнгөн дүнгийн 50 хувийг, Доголдол арилгах хугацаа дууссаны дараа үлдсэн 50 хувийг тус тус Гүйцэтгэгчид төлөхөөр заасан байна. Энэ нь Ажил бүхэлдээ, эсхүл Ажлын хэсэгт мөн хамаарч болно. Гэсэн хэдий ч Захиалагч тус Суутган барих мөнгөн дүнгийн эргэн төлөлтөөс дуусгавал зохих ажилд тооцоолсон зардлыг хасч болно. 
 
Cуутган барих мөнгөн дүнгийн үлдэгдэл хувийг Гүйцэтгэгчид эргүүлэн төлөх зохицуулалт FIDIC Улаан ном (Conditionsof Contract for Construction-Red Book, 1999) болон Шар номонд (Conditions of Contract for Plant and Design Build-Yellow Book, 2017) ижил зохицуулалттай буюу Доголдол арилгах хугацаа дууссаны дараа Гүйцэтгэгчид өгөхөөр тусгагдсан боловч Улбар шар номын (Conditions of Contract for Design-Buit and Turnkey- Orange Book, 1995) хувьд өөр зохицуулалттай. Тухайлбал, Гэрээний хугацаа дууссаны дараа Суутган барих мөнгөн дүнгийн үлдэгдэл хэсгийг Гүйцэтгэгчид эргүүлэн төлөхөөр Захиалагчийн төлөөлөлгчөөр баталгаажуулна. Гэхдээ гэрээний 11 [Ажил дууссаны дараа хийгдэх туршилт] болон 12 [Доголдлын хариуцлага]-т заасны дагуу гүйцэтгэвэл зохих ажлыг гүйцэтгэх хүртэл батлахыг түдгэлзүүлж, гүйцэтгэвэл зохих ажилд шаардлагатай мөнгөн дүнг Суутган барих мөнгөн дүнгээс суутгаж авахаар заасан байна. 
 
4. Суутган барих мөнгөн дүнгийн үр нөлөө.
– Суутган барих мөнгөн дүнг ихэвчлэн Захиалагч, Гүйцэтгэгчийн хооронд байгуулсан барилгын гэрээнд тусгах ба мөн гэрээний үнийн дүнгийн хэдэн хувь нь суутгагдах, чөлөөлөгдөх нөхцөлийг талууд харилцан тохиролцож тусгана.
 
– Барилгын явцад Гүйцэтгэгч нь гүйцэтгэсэн ажлын нэхэмжлэх буюу явц дундын төлбөрийн нэхэмжлэхийг Захиалагчид гаргаж өгөх ба Захиалагч нь ажлын явцын дагуу тогтмол төлбөр төлнө. 
 
– Төслийн барилгын ажил дууссаны дараа Суутган барих мөнгөн дүнг Захиалагч тодорхой хугацаагаар барих ба энэ хугацаанд барилга байгууламжтай холбоотой аливаа доголдол, дутагдлыг Гүйцэтгэгчид арилгах хугацаа олгох зорилготой бөгөөд үүнийг доголдол арилгах хугацаа гэнэ. Доголдол арилгах хугацаа ихэвчлэн 12 сар байх ба тухайн улс орон, бүс нутгийн хууль тогтоомжийг үндэслэн энэ хугацаа өөрчлөгдөж болно. Тухайлбал: Манай улсын хувьд Монгол Улсын Иргэний хуулийн 349.1-т: “…Барилга байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно” гэж заасан байна.
 
– Суутган барих хугацаа өнгөрсний дараа Гүйцэтгэгч нь аливаа доголдол, дутагдлыг арилгах буюу гэрээгээр хүлээсэн бүх үүргээ бүрэн гүйцэт биелүүлсний дараа Захиалагч Суутгах барих мөнгөн дүнг (үлдсэн хэсгийг) чөлөөлнө. Энэ нь ихэвчлэн эцсийн төлбөр, эсхүл тусдаа хувилбараар хийгддэг. Суутган барих мөнгөн дүнгийн эхний хагасыг барилгын ажил дууссаны дараа, хоёр дахь хагасыг доголдол арилгах хугацаа дууссаны дараа чөлөөлдөг.
 
Барилгын салбарын Суутган барих мөнгөн дүн нь дараах зорилго, ач холбогдолтой. Үүнд:
 
Чанарын баталгаа. Суутган барих хугацаа буюу Доголдол арилгах хугацаанд Гүйцэтгэгч нь аливаа асуудал, доголдол гаргахгүй байх хүсэл эрмэлзэлтэй байдаг тул Гүйцэтгэгчид өндөр чанартай ажлыг гүйцэтгэхэд түлхэц болж өгдөг.
 
Доголдол арилгах. Төслийн барилгын ажил дууссаны дараа ямар нэгэн алдаа, доголдол илэрсэн тохиолдолд Захиалагч суутгаж авсан мөнгөн дүнгээр тэдгээрийг арилгахад гарах зардлыг нөхөх боломжийг олгодог.
 
Үлдэгдэл ажлыг дуусгах. Суутган барих хугацаа, нөгөө талаас Доголдол арилгах хугацаа дуусахаас өмнө Гүйцэтгэгч нь дутуу гүйцэтгэсэн ажил байгаа тохиолдолд тус ажлыг дуусгах, эсхүл дутагдалтай ажлыг арилгах үүргийг гэрээгээр Захиалагчийн өмнө хүлээдэг.
 
Санхүүгийн аюулгүй байдал. Суутган барих мөнгөн дүн нь  Захиалагчийн аюулгүй байдлын нэг хэлбэр бөгөөд Гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ дагаж мөрдөхгүй байх эрсдэлийг бууруулж өгдөг.
 
Цаг тухайд нь дуусгах сэдэл өгөх. Гүйцэтгэгч Суутган барих мөнгөн дүн буюу эцсийн төлбөрөө хурдан авахын тулд төслийг хугацаанд нь бүрэн хийж гүйцэтгэх урамшуулал болж өгдөг.
 
Суутган барих мөнгөн дүнг авч үлдэх эсэх нь Захиалагч, Гүйцэтгэгчийн хооронд байгуулсан тухайн гэрээний нөхцөлөөс бүрэн хамаардаг ба Суутган барих мөнгөн дүнг барилгын гэрээгээр суутгах эсэх нь Гүйцэтгэгчийн нэр хүнд, туршлага зэргээс бүрэн хамаарна5. Өөрөөр хэлбэл гэрээнд Заахиалагч Суутган барих мөнгөн дүнг тодорхой хугацаагаар, тодорхой дүнгээр хойшлуулан барих нь түгээмэл боловч, заавал нийтээр дагаж мөрдөх шаардлагагүй, бөгөөд энэ нь тухайн барилгын гэрээний нөхцөлөөс хамаарна.
 
EPC Гэрээнд Суутган барих мөнгөн дүн нь тухайн төслийг хангалттай хэмжээнд дуусгах хүртэл гэрээний үнийн дүнгийн тодорхой хэсгийг Захиалагчийн “эзэмшлийн барьцаа”-ны нэг хэлбэр гэж тооцогддог. EPC Гэрээний хүрээнд Суутган барих мөнгөн дүн нь: 
 
Суутгалын хувь хэмжээ: EPC Гэрээний үнийн дүнгийн тодорхой хувь буюу 5-10 хувийн хооронд хэлбэлзэж, тодорхой хугацаанд Захиалагчид үлддэг. Тухайлбал, Гэрээний нийт үнийн дүн 1 сая доллар бол Суутган барих мөнгөн дүн 5 хувь буюу 50 мянган доллар байна.
 
Зорилго: Захиалагчийг эрсдэлээс тодорхой хэмжээгээр хамгаалах юм. Төлбөрийн доторхой хэсгийг суутган барьснаар Захиалагч Гүйцэтгэгчийг техникийн нөхцөл, чанарын стандартын дагуу  төслийг дуусгахыг баталгаажуулдаг.
 
Суутган барих мөнгөн дүнг чөлөөлөх: Захиалагч суутган барих мөнгөн дүнг бүр мөсөн авах зорилгогүй бөгөөд харин төслийг амжилттай хэрэгжүүлж, гэрээний бүх үүргээ биелүүлсний дараа Гүйцэтгэгчид олгохоор “түр хугацаанд барьсан мөнгө” юм. Үүнд, төслийг зорилтод түвшинд хүргэх, чанарын стандарт хангах, төслийн явцад илэрсэн аливаа согог, асуудлыг арилгах зэрэг орно.
 
Доголдол арилгах хугацаа: Төсөл дууссаны дараа Доголдол арилгах хугацаанд Гүйцэтгэгч аливаа доголдол, асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй. Суутган барих мөнгөн дүнг энэ хугацаанд үргэлжлүүлэн барих бөгөөд аливаа, доголдол, үүссэн асуудлыг арилгасны дараа уг мөнгөн дүнг Гүйцэтгэгчид олгоно.
 
Банкны баталгаа, эсхүл Бонд: Зарим тохиолдолд Захиалагч Суутган барих мөнгөн дүнг барихын оронд Гүйцэтгэгчээс банкны баталгаа, эсхүл бонд хүлээн авч болно. Эдгээр санхүүгийн арга хэрэгсэл нь Захиалагчийн аюулгүй байдлыг хангахад оршино.
 
Товч дүгнэлт. EPC Гэрээнд Суутган барих мөнгөн дүнтэй холбоотой нөхцөлүүдийг тодорхойлохдоо суутган барих хувь хэмжээ, чөлөөлөх нөхцөл, суутган барих хугацааг заах ба ингэсэнээр холбогдон үүсэх маргаанаас зайлсхийх, төслийг дуусгах үйл явцыг жигд явуулахад чухал ач холбогдолтой. Барилгын үе шатны явц дундын төлбөрөөс тодорхой хувь тооцож, дараа нь төсөл дууссаны дараа Гүйцэтгэгчид эргүүлэн өгөх мөнгөн дүнг Захиалагч суутган авч үлдэх нь “заншил” хэлбэрийн практик гэдгийг анзаарвал зохино. Өөрөөр хэлбэл гэрээний талууд заавал хэрэглэнэ гэсэн үг биш харин харилцан тохиролцсон тохиолдолд л хэрэглэнэ, хэрэв энэ зохицуулалтыг хэрэглэх тохиолдолд нөхцөлийг сайтар тусгах нь зүйтэй юм.
 

Хуульч, Хууль зүйн ухааны доктор (Ph.D)  Д.Ундралсайхан  

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН АЛБА