ЗУРАГ ТӨСӨЛ, ХУДАЛДАН АВАЛТ, БАРИЛГЫН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭ (EPC) БОЛОН ТҮЛХҮҮР ГАРДУУЛАХ НӨХЦӨЛТЭЙ ТӨСЛИЙН ГЭРЭЭНИЙ (TURNKEY PROJECT) ОНЦЛОГ ТАЛУУД

Удиртгал: Барилгын салбарт төслийн ажлыг эхлүүлэхийн өмнөх хамгийн чухал үе шат бол төслийг амжилттай хэрэгжүүлэхэд ашиглах гэрээний төрлийг зөв сонгох юм, харин зөв сонголт хийж шийдвэр гаргахын тулд тэдгээр гэрээний амин сүнс болох гол нөхцөлийн талаар сайтар ойлголттой байх шаардлагатай. Олон улсын жишгээс харахад Зураг төсөл, Худалдан авалт, Барилгын ажил Гүйцэтгэх Гэрээ болон Түлхүүр Гардуулах Нөхцөлтэй Төслийн Гэрээг стратегийн ач холбогдол бүхий томоохон бүтээн байгуулалт болох төмөр зам, хурдны зам, туннель, гүүр, нисэх онгоцны буудал, метро, эрчим хүч, дохиолол, харилцаа холбоо, томоохон үйлдвэр зэрэг өндөр төвөгшилтэй, нарийн төвөгтэй бүтээн байгуулалтын төслүүдэд өргөнөөр ашигладаг. Гэвч эдгээр гэрээний мөн чанар, үзэл санааг буруу, эсхүл дутуу ойлгосноор төслийг амжилттай, бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд олон хүндрэл, асуудлыг үүсгэдэг. Дээр дурдсанчлан Зураг төсөл, Худалдан авалт, Барилгын ажил Гүйцэтгэх Гэрээ болон Түлхүүр Гардуулах Нөхцөлтэй Төслийн Гэрээ нь барилын салбарт өргөн ашиглагддаг гэрээнүүд бөгөөд эдгээр гэрээ нь ижил төстэй нийтлэг талтай ч гэрээ тус бүр нь өөр өөр хувилбарт тохиромжтой байх үүднээс өөрсдийн онцлог талуудыг мөн агуулсан байдаг. 

Энэхүү нийтлэлээр Зураг төсөл, Худалдан авалт, Барилгын ажил Гүйцэтгэх Гэрээ болон Түлхүүр  Гардуулах Нөхцөлтэй Төслийн Гэрээний үндсэн ойлголт, тэдгээрийн өөр хоорондоо ялгагдах онцлогийг тодорхойлж, тайлбарлах юм.  Түүнчлэн олон улсад болон үндэсний хэмжээнд хэрэгжсэн томоохон төслүүдийн туршлагаас танилцуулах, мэдээлэл хүргэж санал бодлоо хуваалцах үүднээс мэдээ нийmлэл, судалгааны товч ажлуудыг цуврал хэлбэрээр гаргахаар зорьж буй бөгөөд эхний дугаараа ийнхүү хүргэж байна.

Түлхүүр үг: FIDIC, EPC Гэрээ, Түлхүүр гардуулах нөхцөлтэй төслийн гэрээ, Түлхүүр гардуулах нөхцөлтэй/EPC Гэрээ.

НЭГ. ЗУРАГ ТӨСӨЛ, ХУДАЛДАН АВАЛТ, БАРИЛГЫН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?

1.1.  FIDIC БАГЦ ГЭРЭЭНИЙ ҮҮСЭЛ

Fédération Internationale Des Ingénieurs-Conseils1 (цаашид “FIDIC” гэх) буюу Олон Улсын Зөвлөх Инженерүүдийн Холбоо нь 1913 онд Бельги Улсад анх үүсэн байгуулагдсан бөгөөд тэр цагаас хойш 100 орчим гишүүн оронтой дэлхийн өнцөг булан бүрийн зөвлөх инженерүүдий эрх, ашгийг төлөөлөх хамгийн том байгууллага болсон байдаг. 

Хэдийгээр Гэрээний Хороо (Contract’s Committee) нь FIDIC байгуулагдсаны дараа түүний хамгийн анхны бүрэлдэхүүн хэсэг болсон ч 1957 онд хүртэл анхны FIDIC жишиг гэрээг бүтээж чадаагүй аж.

Улаан Номны Анхны Хэвлэл (Red Book First Edition)2 гэж нэрлэгддэг анхны гэрээ нь FIDIC-ээс боловсруулагдаагүй, харин FIDIC-ээс эрх олгогдсоны дагуу “ICE Condition of Contract 4 дэх Хэвлэл” нэрээр Барилгын Инженерүүдийн Институтээс (Institution of Civil Engineers) нийтлэгдсэн байдаг. Тус гэрээг Зөвлөх Инженерүүдийн Ассоциаци (Association of Consulting Engineers) баталсан тул “олон улсын гэрээ” гэж үзэх болсон байна. Хэдийгээр орчин үеийн FIDIC гэрээний хэлбэрүүд 1950-иад оноос хойш эрчимтэй хөгжсөн боловч “Улаан Ном (Red Book) нь дотоодын гэрээнд суурилсан” гэдгийг тэмдэгдэх нь зүйтэй3. Улаан Ном нь бараг 20 жилийн дараагаас буюу 19694, 19755 болон 19876 онуудад амжилттайгаар хэвлэгдэн гарсан байдаг. 

FIDIC-ийн өөр нэгэн, хэвлэгдэх хүртэл багагүй хугацаа зарцуулсан гэрээ бол 1963 онд, хожим 19807, 19878 онуудад хэвлэгдсэн Шар Ном (Yellow Book)9 бөгөөд тус гэрээ нь Улаан Номтой дүйцэхүйц болсон гэж үздэг.

1990-ээд оны дундуур FIDIC гэрээний хөгжлийн түүхэнд хоёр чухал үйл явдал болсон. Эдгээр нь түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ болох Улаан, Шар Номыг дахин хянаж засварлаж гаргасан Улбар шар Номыг (Orange Book)10 танилцуулсан. 

Эдгээр түүхэн үйл явдлууд нь 1999 онд Улаан, Шар, Мөнгөлөг Номын11 хавтасны өнгөнөөс бүрдсэн “Солонгон Багц”-ыг (Rainbow Suite) гаргахад түлхэц болсон гэж үздэг.

2017 оны 12 дугаар сард буюу 18 жилийн дараа FIDIC нь Солонгон Багцын Анхны Хэвлэл, Улаан, Шар болон Мөнгөлөг Номнуудын Анхны Хэвлэлийг шинэчлэн сайжруулсан Хоёр дахь Хэвлэлийг нийтэлсэн байна. 2017 оны Солонгон Багцын танилцуулга нь дэлхий даяар томоохон дэд бүтцийн төслүүдийн олон улсын гэрээг хөгжүүлэхэд хамгийн сүүлийн үеийн чухал үе шат болсон гэж үздэг.

Дэлхийн банктай12 5 жилийн хугацаатайгаар томоохон бүтээн байгуулалтын төсөлд FIDIC-ийн 6 гэрээг байгуулж13, 2019 оны 05 дугаар сарын 10-нд Америк Хоорондын Хөгжлийн Банктай14 мөн 5 жилийн хугацаатай гэрээ байгуулснаар Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын15 бүтээн байгуулалтыг санхүүжүүлдэг төслүүдэд ижил гэрээг ашиглахыг баталгаажуулж чадсанаар FIDIC гэрээний байр суурь бэхжсэн.

FIDIC багцын хамгийн сүүлийн бүтээл нь газар доорх ажлын гэрээний нөхцөл буюу Ногоон Ном бөгөөд тус гэрээг Олон Улсын Туннель болон Газар доорх Сансрын Холбоотой хамтран 2019 оны 05 дугаар сарын 07-нд гаргасан байдаг.

FIDIC 1999 оны Мөнгөлөг Ном нь Солонгон Багцын томоохон гэрээний гурав дахь гэрээ бөгөөд тус гэрээний нээлт нь хамгийн их маргаан дагуулж байсан нь эрсдэл хуваарилалтын зарчмаас шалтгаалж байсан. FIDIC-ийн анхны Түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ Улбар Шар Ном16 байсан боловч Мөнгөлөг Ном нь 1999 оны Cолонгон Багцаас өмнөх уламжлалт FIDIC гэрээнээс тэс өөр түвшинд бичигдсэн гэж үздэг тус FIDIC Мөнгөлөг ном нь EPC/Turnkey гэрээний нөхцөлийг тусгаж өгсөн. Тус Мөнгөлөг номыг барилгын төслийн зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын гүйцэтгэлийг бүхэлд нь нэг этгээдэд хариуцуулах зорилготой төслийн хэлбэрүүдэд ашиглахыг зөвлөдөг. Энэ төрлийн гэрээний ерөнхий зохицуулалтын дагуу төслийн Гүйцэтгэгч нь төлөвлөлт, зураг төслөөс авхуулаад барилгын ажлыг гүйцэтгэн бүрэн тоноглогдсон, ашиглахад нэг зуун хувь бэлэн болсон байгууламжаар хангах, өөрөөр хэлбэл “түлхүүр эргүүлэх” буюу түлхүүр гардуулах нөхцөлийг хангах зорилготой юм.

1.2.  ЗУРАГ ТӨСӨЛ, ХУДАЛДАН АВАЛТ, БАРИЛГЫ АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭНИЙ ҮНДСЭН ОЙЛГОЛТ

Зураг төсөл, Худалдан авалт, Барилгын ажил Гүйцэтгэх Гэрээ (цаашид “EPC Гэрээ” гэх) нь барилга, бүтээн байгуулалтын салбарт тэр дундаа нарийн төвөгтэй, инженерийн шийдэл бүхий бүтээн байгуулалтын төслүүдэд өргөнөөр хэрэглэгддэг гэрээ бөгөөд энэ нь олон улсын томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг хамарсан төслийн санхүүжилтийн сонголтоор барилгын салбарын гэрээ болон гарч ирсэн байдаг. EPC Гэрээ нь эрсдэлийг бууруулж, удирдах хэрэгсэл болдог төслийн гэрээ бөгөөд тус гэрээ нь барилгын эрсдэлийг Гүйцэтгэгчид шилжүүлэх зорилготой боловсруулагдсан гэрээ юм17. Зураг төсөл боловсруулахаас эхлээд барилгын үе шат хүртэлх төслийн бүх ажиллагааг Гүйцэтгэгч хариуцдаг. Тодруулбал тэд төслийн бүх зураг төсөл, инженерчлэл, худалдан авалт, барилга угсралт, ашиглалтад оруулах, хүлээлгэн өгөх ажлыг Гүйцэтгэгчид хариуцуулдгаараа ихээхэн түгээмэл ашиглагддаг гэрээ юм. Гүйцэтгэгч, эсхүл EPC компани нь EPC Гэрээний нэг хэсэг болохын хувьд төслийн дараах гурван бүрэлдэхүүн хэсгийг гүйцэтгэдэг. Үүнд:

Инженер, Зураг төсөл – энэ нь байгууламжийн иж бүрэн, нарийвчилсан зураг төслийг боловсруулна (Үндсэн болон Нарийвчилсан инженерчлэл, Нарийвчилсан зураг төсөл, Төлөвлөлт, Барилгын инженерчлэл зэрэг ажлууд хамаарна);

Худалдан авалт – зураг төслийн дагуу хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх материал, тоног төхөөрөмжийн худалдан авалтыг зохион байгуулна (Тээвэр, Ложистик, Худалдан авалт, Нэхэмжлэх, Материал хүлээн авах зэрэг ажлууд хамаарна);

Барилга – барилга, байгууламжийг барьж гүйцэтгэн, ашиглалтад оруулахад бэлэн төлөвт төсөл эзэмшигч/захиалагч, эсхүл санхүүжүүлэгчид хүлээлгэн өгнө (Зураг төсөл, барилгын менежмент, Эрчим хүч, Ус хангамж, Цэвэрлэх байгууламж зэрэг ажлууд хамаарна).

EPC Гэрээг өргөнөөр ашиглах, хүлээн зөвшөөрөх бас нэгэн шалтгаан нь төсөл Санхүүжүүлэгчид  уг гэрээг илүү сонгож ашигладагт байгаа юм, өөрөөр хэлбэл барилга угсралтын гэрээнд үнэ тогтмол, барилгын ажлыг гүйцэтгэж дуусгах хугацаа тодорхой тохиолдолд Санхүүжүүлэгчдэд санхүүжилт олгоход илүү таатай бөгөөд Санхүүжүүлэгчийн эрсдэл бага байх тусам төслийг санхүүжүүлэх магадлал төдий чинээ нэмэгдэнэ гэсэн үг. 

1.3. ЗУРАГ ТӨСӨЛ, ХУДАЛДАН АВАЛТ, БАРИЛГЫ АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭНИЙ ДАВУУ БОЛОН СУЛ ТАЛ

EPC Гэрээ нь дараах давуу талтай. Үүнд:

Хариуцлагыг нэг цэгт төвлөрүүлж өгдөг. Өөрөөр хэлбэл EPC Гэрээний Гүйцэтгэгчид тухайн төслийн барилгын бүх ажиллагаа буюу зураг төсөл боловсруулах, худалдан авах, барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээс гадна байгууламжийг ашиглалтад оруулах, хүлээлгэн өгөх хүртэлх ажиллагааг нэг субъектэд хариуцуулж чаддаг. Төслийн бүтээн байгуулалтын үе шатанд аливаа алдаа мадаг үүсэхэд Гүйцэтгэгч, эсхүл EPC компани хариуцлага хүлээдэг.

Гэрээний үнэ тогтмол байдаг. EPC Гэрээний Гүйцэтгэгч ажил, үйлчилгээний үнийг тогтоох ёстой ба хэрэв зардал хэтрэх болон хэмнэх нь мөн Гүйцэтгэгчийн данстай шууд холбогддог. 

Гэрээний хугацаа тодорхой байдаг. EPC Гэрээний хэрэгжилтийг заасан хугацаанд багтаан гүйцэтгэх ёстой бөгөөд хэрэв Гүйцэтгэгч заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсний нөхөн төлбөрийг төлөх үүрэгтэй ч хэрэв энэ тохиолдол нь төслийн Захиалагч, эсхүл төслийн эзнээс хамааралтай үед гэрээний хугацаа сунгахыг Гүйцэтгэгч Захиалагчаас шаардах эрхтэй байдаг.

Гүйцэтгэлийн баталгаа. EPC Гэрээ нь Гүйцэтгэгчийн биелүүлэх хэд хэдэн Гүйцэтгэлийн үзүүлэлтийг агуулсан байх ба хэрэв төсөл бүтэлгүйтсэн тохиолдолд нөхөн төлбөрийг хариуцах үүрэгтэй байна. Барилгын гэрээнд гүйцэтгэлийн баталгааг тусгасан байх ба үүний зорилго нь төслийн Захиалагч, эсхүл Санхүүжүүлэгчийг болзошгүй санхүүгийн эрсдэлээс хамгаалах юм. Баталгаа нь урьдчилгаа төлбөр, толгой компанийн баталгаа, эсүл банкны баталгаа байж болно.

Захиалгын өөрчлөлтийн уян хатан байдал. Төслийн Захиалагч нь барилгын гэрээнд захиалга, ажилтай холбоотой өөрчлөлт оруулах эрхтэй.

Давагдашгүй хүчин зүйл. EPC Гэрээ нь газар хөдлөлт, хар салхи, халдварт өвчин, зэвсэгт мөргөлдөөн зэрэг давагдашгүй хүчин зүйлийн улмаас ноцтой хүндэл үүсэх магадлал өндөр тул гэрээний хоёр тал үүргээ биелүүлэхээс татгалзаж болдог.

EPC Гэрээ нь бусад гэрээний адил өөрийн сул талтай байдаг. Үүнд:

EPC төсөл өндөр үнэтэй байдаг. EPC Гэрээний дагуу хэрэгжих төслүүд өндөр өртөгтэй байдаг бөгөөд энэ нь төслийн Гүйцэтгэгч, эсхүл EPC компанид өндөр эрсдэлтэй тулгардагтай холбоотой. Өөрөөр хэлбэл уг өндөр үнэ өртөг нь Гүйцэтгэгчийг тухайн өндөр эрсдэлийг даван туулахад тусалдаг. Товчхондоо, гэрээний өндөр үнэ нь эрсдэл хуваарилалтын нэг хэлбэр гэж ойлгож болно.

Төслийн Захиалагч хяналт тавих нь бага байдаг. Төслийн Захиалагч, эсхүл эзэмшигч нь удирдлага, эрх мэдлээ Гүйцэтгэгчид  шилжүүлсэн байдаг ба хөндлөнгөөс оролцох нь зардал нэмж, явцыг саатуулж болзошгүй гэж үздэг байна.

ХОЁР. ТҮЛХҮҮР ГАРДУУЛАХ НӨХЦӨЛТЭЙ ТӨСЛИЙН ГЭРЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?

2.1. ТҮЛХҮҮР ГАРДУУЛАХ НӨХЦӨЛТЭЙ ТӨСЛИЙН ГЭРЭЭНИЙ ҮҮСЭЛ, УТГА АГУУЛГА

Turnkey буюу “Түлхүүр гардуулах” гэх ойлголт нь “Хөрөнгө, эсхүл тоног төхөөрөмж худалдан авч буй, түрээсэлж буй этгээдэд нэн даруй ашиглахад бэлэн болсон, бэлэн байх” гэсэн утгыг (Cambridge Dictionary), “Гүйцэтгэж дууссан, ашиглахад бэлэн” (The Britanica Dictionary), “Бүрэн гүйцэтгэж дууссан бөгөөд нэн даруй ашиглахад бэлэн” (Oxford Learner’s Dictionaries) гэсэн утгыг тус тус илэрхийлсэн бол “Түлхүүр гардуулах гэрээ” гэдэг нь “Бие даасан этгээд нь тодорхой үнээр, бүх шаардлагатай материал, хөдөлмөрийг хамтатган, төслийг гүйцэтгэж дуусгахад шаардлагатай бүх ажлыг гүйцэтгэх үүрэг хүлээсэн гэрээ”18 гэж тодорхойсноос дүгнэвэл “ашиглахад бэлэн”, “ороход бэлэн” гэсэн санааг илэрхийлж байна. 

Түлхүүр гардуулах нөхцөлтэй төслийн гэрээ буюу The Turnkey project or contract (цаашид “Түлхүүр гардуулах Гэрээ” гэх) гэсэн нэр томьёо нь Захиалагч нь үйл ажиллагаагаа эхлүүлэхээр хаалганы түгжээг тайлахын тулд зөвхөн түлхүүрээ эргүүлэхэд л хангалттай гэсэн ойлголт дээр суурилдаг.  

“Түлхүүр гардуулах” энэ нэр томьёо нь АНУ-ын газрын тос, байгалийн хийн салбараас гаралтай бөгөөд аажмаар олон улсын худалдаанд нэвтэрсэн гэж үздэг.

2.2. ТҮЛХҮҮР ГАРДУУЛАХ НӨХЦӨЛТЭЙ ТӨСЛИЙН ГЭРЭЭНИЙ ҮНДСЭН ОЙЛГОЛТ

Түлхүүр гардуулах Гэрээ гэдэг нь төслийн Гүйцэтгэгч нь төсөл, эсхүл дэд бүтцийг төлөвлөх, зураг төсөл боловсруулах болон барилга угсралтын ажлыг гүйцэтгэх ба түүнийг ашиглалтад оруулах, эсхүл “ашиглахад бэлэн болгох”-д шаардлагатай бусад бүтээн байгуулалт, ажиллагааг тохиролцсон үнэ, хугацаанд хийж гүйцэтгэх гэрээ юм19.

Түлхүүр гардуулах Гэрээнд ихэвчлэн төслийн Захиалагч үндсэн зураг төслийг боловсруулж, Гүйцэтгэгч нь Захиалагчийн өгсөн зураг төслийн дагуу ажлыг гүйцэтгэдэг ба ихэнх тохиолдолд Захиалагч нь төрийн байгууллага байдаг20.

Түлхүүр гардуулах Гэрээ  нь олон улсын бизнесийн салбарт нэг компани нөгөө компанитай иж бүрэн, ашиглалтад ороход бэлэн байгууламж барьж байгуулахаар гэрээ байгуулан ажилладаг хамтын ажиллагааны нэг хэлбэр бөгөөд ихэвчлэн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж үйдвэрлэл болон барилгын салбарт түлхүү ашигладаг.

Түлхүүр гардуулах Гэрээ нь дараах гурван бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ21. Үүнд:

Зураг төсөл. Төслийн Гүйцэтгэгч нь барилга байгууламжийн нарийвчилсан зураг төслийг боловсруулна;

Технологи. Төслийн ажлыг хийж гүйцэтгэсний дараа патент, ноу-хау гэм мэт технологийн дэвшлийг зураг төслөөс харах боломжтой байна, гэсэн ч зарим тохиолдолд Гүйцэтгэгч нь гэрээнд заасны дагуу Захиалагч болон түүний инженерийн технологийг ашиглах тохиолдол гардаг;

Худалдан авалт болон барилга угсралт. Түлхүүр гардуулах Гэрээний хязгаарлагдмал хугацаанд Гүйцэгэгч нь ашиглалтад ороход бэлэн байгууламжийг бий болгож Захиалагчид хүлээлгэн өгнө.

Түлхүүр гардуулах Гэрээ нь ихэвчлэн талуудын хооронд үүсэж болзошгүй бүх асуудлыг нарийвчлан зохицуулахыг эрэлхийлдэг. Түлхүүр гардуулах Гэрээний үндсэн заалтад төслийн зураг төсөл, барилгын талбай, хугацаа, үнэ, төлбөрийн нөхцөл, гүйцэтгэлийн баталгаа, гэрээний хэрэгжилтийг зохицуулах хууль зэрэг заалтууд орсон байдаг.

2.3. ТҮЛХҮҮР ГАРДУУЛАХ ГЭРЭЭНИЙ ДАВУУ БОЛОН СУЛ ТАЛ

Түлхүүр гардуулах Гэрээ нь дараах давуу талтай. Үүнд:

Нэг цонхны үйлчилгээ. Түлхүүр гардуулах Гэрээний хамгийн чухал давуу талуудын нэг нь Захиалагчид олгодог төсөл эхлэхээс бүрэн гүйцэтгэж дуусаж, бэлэн болсон эцсийн “бүтээгдэхүүн”-ийг Захиалагч хүлээн авах хүртэлх бүх үйл ажиллагааг нэг цэгт төвлөрүүлж, энэ бүгдийг нэг гэрээгээр гүйцэтгэх боломжийг олгодог “нэг цонхны үйлчилгээ” юм. Энэ нь цаг хугацаа хэмнэж, аливаа сөрөг үр дагаврыг багасгаж төслийн үйл явцыг хялбаршуулдаг.

Бага зардал. Түлхүүр гардуулах Гэрээний хувьд төсөл хэрэгжүүлэх уламжлалт арга барилтай харьцуулахад Захиалагчийн хувьд зардал бууруулах боломжийг олгож өгсөн. Учир нь төслийн Гүйцэтгэгч нь ханган нийлүүлэгчидтэй үнэ тохиролцохдоо илүү туршлагатай байж хэмнэлт гаргах зэргээр Захиалагчийн зүгээс олон тооны гэрээ байгуулах үйл ажиллагааг багасгаж өгдөг.

Хугацаа хэмнэх. Түлхүүр гардуулах Гэрээний хувьд төсөл хэрэгжүүлэх уламжлалт арга барилтай харьцуулахад цаг хугацаа хэмнэх боломжийг олгодог. Учир нь төслийн Гүйцэтгэгч нь бүтээн байгуулалтын төслийн зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлыг нэгтгэн хариуцаж, эдгээрийн уялдааг хангаж чаддагаараа цаг хугацааг хэмнэж чаддаг.

Чанартай гүйцэтгэл. Төслийн Гүйцэтгэгч нь дээр дурдсанчлан төслийн зураг төсөл, бараа материалын худалдан авалт, барилга угсралтын ажлын зураг төслөөс эхлээд барилгын ажилд хяналт тавьж, үл ойлголцол, алдаа гарах магадлал, чанарын доголдол гарахаас сэргийлдэг.

Хариуцлагыг нэг цэгт төвлөрүүлж өгдөг. Түлхүүр гардуулах Гэрээнд эцсийн бүтээгдэхүүнээ Захиалагчид хүргэж, хүлээлгэн өгөх нэг л Гүйцэтгэгч байдаг. Энэ нь “бутуутныг хайж олох” гэх асуудлыг үгүй хийж, төслийн явцад гарсан аливаа асуудалд Захиалагч зөвхөн Гүйцэтгэгчтэй хариуцлага тооцоход хялбар болгодог. 

Түлхүүр гардуулах Гэрээ нь дараах сул талтай. Үүнд:

Хязгаарлагдмал хяналт. Түлхүүр гардуулах Гэрээний томоохон сул тал нь төслийн зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын явцад Захиалагчийн хувьд бүрэн хэмжээгээр хяналт тавих боломж хязгаарлагдмал байдаг. Захиалагчид тодорхой шаардлага, сонголттой байж болох ч зураг төсөл, барилга угсралтын талаар шийдвэр гаргахдаа төслийн Гүйцэтгэгчид итгэл олгох шаардлагатай болдог.

Уян хатан байдал хязгаарлагдмал. Түлхүүр гардуулах Гэрээний сул тал нь Захиалагч төсөл хэрэгжиж эхэлсний дараа түүнд өөрчлөлт оруулах нь хязгаарлагдмал байдаг бөгөөд төсөлд өөрчлөлт хийх нь Гүйцэтгэгчтэй зөвлөлдөж, шийдвэрлэх улмаар нэмэлт зардал гарах, цаг хугацаа алдах нөхцөлийг бий болгодог.

Хэт хараат байдал үүсэх. Захиалагчид өндөр чанартай эцсийн бүтээгдэхүүн, үр дүн хүргэх эсэх нь зөвхөн Гүйцэтгэгчээс хамааралтай бөгөөд хэрэв Гүйцэтгэгч ийнхүү чанарын шаардлага хангасан үр дүн хүлээлгэн өгөхгүй бол төсөл саатах, эсхүл өөр субьектээр гүйцэтгүүлэх, нэмэлт зардал гарах зэрэг шаардлага гарна.

Өрсөлдөх боломж буурах. Захиалагч нь олон гүйцэтгэгч компанитай хамтарч ажиллахаас илүү нэг гүйцэтгэгч компанитай хамтран ажиллаж байгаа нь тендерийн өрсөлдөөнийг бууруулж буй хэрэг юм.

Ил тод байдал дутагдах. Захиалагч төслийн явцад төслийн зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын явцын талаар мэдээлэл дутмаг байдал бий болдог.

Итгэлцлээс хамаарах. Түлхүүр гардуулах Гэрээ амжилттай хэрэгжих эсэх нь Захиалагчийн сонгосон Гүйцэтгэгчид итгэх итгэлээс ихээхэн шалтгаална, үүрэг хариуцлагыг нэг Гүйцэтгэгчид олгох нь давуу тал боловч Захиалагчийн алсын хараа, төсөв, инженерийн болон барилгын хэрэгцээг ойлгодог “зөв” Гүйцэтгэгчийг олох нь туйлын зайлшгүй юм.

ГУРАВ. EPC ГЭРЭЭ БОЛОН ТҮЛХҮҮР ГАРДУУЛАХ НӨХЦӨЛТЭЙ ТӨСЛИЙН ГЭРЭЭНИЙ  ОНЦЛОГ ТАЛУУД НЬ ЮУ ВЭ?

EPC Гэрээ нь Инженерийн зураг төсөл, Худалдан авалт, Барилга байгууламжийн ажил гүйцэтгэх зориулалттай гэрээний адил Түлхүүр гардуулах Гэрээ нь мөн адил Инженерийн зураг төсөл, Худалдан авалт, Барилга байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээ юм. Дээрх тодорхойлолтоос харвал эдгээр хоёр ойлголтоос тэр бүр ялгаа харагдахгүй байгаа ч зарим нэг ялгагдах онцлогийг харж болно. 

Дээр өгүүлснээс дүгнэвэл, EPC Гэрээ болон Түлхүүр гардуулах Гэрээ нь төслийн төлөвлөлт, зураг төслөөс эхлүүлээд хэрэгжилт, хүлээлгэн өгөх хүртэлх үеийг хамаарч байгаа боловч чухам юу нь эдгээр хоёр гэрээг өөр хооронд нь ялгаж өгдөг вэ? Ялгаатай тал нь төслийн цар хүрээний нарийвчлалд оршиж байгаа юм. EPC Гэрээ нь төслийн ихэнх, гол хэсгийг хариуцдаг бол Түлхүүр гардуулах Гэрээ нь төслийн ажлыг эхнээс нь эхлүүлж, улмаар нэн даруй ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх эцсийн ажил хүртэл хийгддэг. Тухайлбал, хэрэв Захиалагч орон сууцны зориулалттай барилга барихаар төлөвлөж байгаа бол Гүйцэтгэгч нь EPC Гэрээгээр барилгын ажлыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэж болно. Харин Түлхүүр гардуулах гэрээгээр Гүйцэтгэгч нь талбайн инженерийн судалгаа, төлөвлөлт, аутсорсинг гэх мэт ажлыг эхлүүлж барилгын ажлыг гүйцэтгэн төслийг бүхэлд нь бүрэн дуусгаж, ашиглахад бэлэн болсны дараа Захиалагчид хүлээлгэн өгнө. Өөрөөр хэлбэл эцсийн бүтээгдэхүүн буюу шууд борлуулахад бэлэн орон сууцны барилгыг Захиалагчид хүлээлгэн өгнө.

EPC Гэрээ болон Түлхүүр гардуулах Гэрээ нь дараах зүйлээр ялгагдана. Үүнд:

1. Ажлын цар хүрээ. EPC Гэрээгээр тухайн төслийн инженерийн зураг төсөл, худалдан авалт болон барилга угсралтын ажил хүртэлх төслийн “бүх амьдралын мөчлөг”-ийг Гүйцэтгэгчид хариуцуулдаг ба тэрээр мөн гүйцэтгэлийг хангаж, ашиглалтад оруулдаг боловч зарим тохиолдолд төслийн бүх хүрээг багтааж, эсхүл эс багтааж болдог. Энэ нь дээр дурдсанчлан цогц үйлчилгээг үзүүлж болно, эсхүл зөвхөн барилгын хэсгийг хариуцаж болно гэсэн үг.

Түлхүүр гардуулах Гэрээгээр EPC Гэрээний адил барилгын ажлын бүх ажлыг багтаахаас гадна бүрэн ашиглалтад орсон байгууламжийг Захиалагчид хүлээлгэн өгөх ба Захиалагч зөвхөн “түлхүүр эргүүлж” байгууламжийг ашиглаж эхэлнэ.

2. Төслийн менежмент. EPC Гэрээгээр Гүйцэтгэгч нь төслийн бүх үйл ажиллагаа буюу ажлын хуваарийг гаргах, зохицуулах, хяналт тавих, саадгүй гүйцэтгэх зэргээр төслийн менежментийг бүрэн хариуцдаг.

Түлхүүр гардуулах Гэрээгээр Гүйцэтгэгч нь төслийн бүх үйл ажиллагааг хариуцахын зэрэгцээ барилгын бүх үе шат, үйл ажиллагаанд хяналт тавьж, бүрэн ажиллагаатай байгууламжийг нийлүүлдэг.

3. Зураг төслийн хариуцлага.  EPC Гэрээгээр төслийн зураг төсөл боловсруулах, түүнтэй холбоотой аливаа үүрэг хариуцлага EPC Гэрээний Гүйцэтгэгчид оногдоно. Өөрөөр хэлбэл Гүйцэтгэгч  нь инженерийн шийдэл, техникийн нөхцөлийг хангах болон холбогдох дүрэм, журамд нийцүүлж ажиллах үүрэгтэй, зураг төслийн алдаа мадгийг гагцхүү Гүйцэтгэгч хариуцдаг.

Түлхүүр гардуулах Гэрээгээр Гүйцэтгэгч нь төслийн зураг төслийг зайлшгүй хариуцах үүрэггүй. Өөрөөр хэлбэл төслийн зураг төсөл боловсруулах үүрэг авсан бол Гүйцэтгэгч нь уг төслийн зураг төслийг боловсруулан ашиглалтад оруулан ашиглахад бэлэн болгоно.

4. Худалдан авалт.  EPC Гэрээгээр Гүйцэтгэгч нь төсөлд шаардлагатай бүх материал, тоног төхөөрөмж, туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэх үйлчилгээг худалдан авахын зэрэгцээ нөөц бүрдүүлэх, худалдан авах, хүргэх ажлыг зохицуулдаг.

Түлхүүр гардуулах Гэрээгээр Гүйцэтгэгч нь барилгын үе шатанд шаардлагатай материал, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг баталгаажуулж, худалдан авалтыг гүйцэтгэдэг.

5. Үнэ. EPC Гэрээний үнийг Гүйцэтгэгчээс өгсөн нарийвчилсан инженерийн зураг төсөл,  техникийн үзүүлэлт, шаардлагад үндэслэж гаргах ба төслийн нарийн төвөгтэй байдал, барилгын ажилд шаардагдах материалаас өртөг хамаардаг.

Түлхүүр гардуулах Гэрээний үнийг ихэвчлэн урьдчилан тохиролцсон тогтсон үнэ байдаг бөгөөд Гүйцэтгэгч нь үнийг тодорхойлохдоо барилгын бүх үйл явц, төслийн нийлүүлэлтийг харгалзан үздэг.

6. Эрсдэл хуваарилалт. EPC Гэрээгээр төслийн эрсдэлийн чухал хэсгүүдийг (significant portion) Гүйцэтгэгчид шилжүүлдэг тухайлбал, тэд зураг төсөл, худалдан авалт, барилга угсралт, ашиглалтад оруулах ажлыг хариуцдаг тул Гүйцэтгэгч илүү өндөр эрсдэлтэй байдаг.

Түлхүүр гардуулах Гэрээгээр төслийн эрсдэлийн нэлээд хэсгийг (considerable portion) Гүйцэтгэгч хариуцдаг тухайлбал, тэд байгууламж нь заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг баталгаажуулж Захиалагчийн эрсдэлийг бууруулдаг.

7. Захиалагчийн оролцоо. EPC Гэрээгээр Захиалагч нь төслийн үйл ажиллагаанд Түлхүүр гардуулах Гэрээний Захиалагчтай харьцуулбал илүү оролцоотой байх бөгөөд инженерийн болон зураг төсөл боловсруулах үе шатанд  санал тусгаж оролцдог мөн төслийн туршид гол шийдвэрүүдийг гаргах үүрэг гүйцэтгэдэг.

Түлхүүр гардуулах Гэрээгээр Захиалагч нь барилгын ажлын явцад оролцоо багатай байдаг өөрөөр хэлбэл Гүйцэтгэгч нь Захиалагчийн шууд оролцоог багасгаж, тохиролцсон техникийн нөхцөл, шаардлагын дагуу иж бүрэн байгууламжийг хүлээлгэн өгдөг.

8. Өөрчлөлт оруулах захиалга. EPC Гэрээ нь ихэвчлэн өөрчлөлтийн захиалгаар төслийн цар хүрээний өөрчлөлтийг зохицуулдаг. Эдгээр өөрчлөлт нь төслийн өртөг, хуваарь, нийт нийлүүлэлт буюу үр дүнд нөлөөлж болзошгүй байдаг.

Түлхүүр гардуулах Гэрээнд өөрчлөлт оруулах захиалгыг хэрэгжүүлэхэд илүү төвөгтэй байдаг ба Гүйцэтгэгч нь бүрэн гүйцэд баригдсан барилга байгууламжийг хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь төслийн цар хүрээг өөрчлөхөд төвөгтэй байдаг.

9. Засвар үйлчилгээ болон Баталгаат хугацаа. Төсөл дууссаны дараа EPC Гэрээний Гүйцэтгэгч нь засвар үйлчилгээний хариуцлагыг Захиалагчид шилжүүлэх зэрэг хязгаарлагдмал баталгаат хугацаа өгч болно.

Түлхүүр гардуулах Гэрээнд ихэвчлэн илүү урт баталгаат хугацаа багтдаг бөгөөд энэ хугацаанд Гүйцэтгэгч нь шаардлагатай засвар үйлчилгээ үзүүлдэг буюу байгууламжийн хэвийн үйл ажиллагааг баталгаажуулж, гарч болзошгүй аливаа асуудлыг шийдвэрлэнэ.

ДӨРӨВ. МОНГОЛ УЛС ДАХЬ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ТУРШЛАГА

Шилжилтийн эдийн засгийн үед зогсонги байдалд ороод байсан монголын барилгын салбар 2001 оноос харьцангуй хөгжиж улсын төсөв, гадаадын зээл тусламж, санхүүжилтийн хүрээнд төдийгүй хувийн хөрөнгө оруулалтаар иргэний болон аж үйлдвэрийн барилга, уул уурхайн, газрын тос, дэд бүтцийн олон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлсэн байдаг. Үүнтэй зэрэгцээд барилгын салбарын эрх зүйн орчин шинэчлэгдэж ирсэн бөгөөд үүний нэг жишээ нь “Барилгын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг 2016 онд баталж (2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар нийт 15 удаа нэмэлт, өөрчлөлт орсон) үүний мөрөөр тус хуулийг дагалдан 30 гаруй дүрэм журам, барилгын 40 гаруй норм, дүрмийг шинэчлэн баталсан ба өдгөө Монгол Улсын барилгын салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа нийт 403 орчим норм, нормативын баримт бичиг бий болсон байна22.

Дээр дурдсанчлан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд төслийн Санхүүжүүлэгч, Захиалагч, Гүйцэтгэгч, төслийн Менежментийн компани хоорондын харилцаа, ажлын уялдаа, холбоо, чиг үүргийг нарийвчлан зохицуулсан гэрээний төрөл, нөхцөл, түүний гүйцэтгэлээс ихээхэн хамаардаг нь олон улс дахь практик туршлагаас харагддаг. Харин манай улсын хувьд хэдийгээр барилгын салбарын эрх зүйн зохицуулалт шилжилтийн эдийн засгийн үеийнхтэй харьцуулахад “хөгжсөн” хэдий ч төсөлд оролцогч субьектүүдийн нарийн төвөгтэй харилцааг зохицуулж, төслийг хэрэгжүүлэхэд хангалтгүй байгаа билээ.

Томоохон хэмжээний бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг олон улсад FIDIC багц гэрээгээр тухайн төслийн онцлогт тохируулан сонголттойгоор хэрэглээд хэдийн дал гаруй жил болсон бол манай улсын хувьд орчин үеийн стандарт гэрээ болох FIDIC багц гэрээний ойлголт одоогоос хорь гаруй жилийн өмнөөс Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээнд тусгалаа олсоныг дараах баримт бичгээс харж болно. 

Тухайлбал, “Хөтөлбөр батлах тухай (авто замын)” Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 258 дугаар тогтоолын хавсралтын Зорилт 3 [Авто замын салбарын хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх]-ийн 9.3.5 дахь хэсэгт: “замын барилгын ажлын болон зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо (ФИДИК)-ны гэрээний загварыг үндэслэн Монгол орны нөхцөлд тохируулан боловсруулж хэрэгжүүлэх” гэж;

Монгол Улсын Дэд бүтцийн хөгжлийн сайдын “Авто зам барих БНБД 32-02-00-ийг батлах тухай” 2000 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 199 дүгээр тушаалын хавсралт “Монгол Улсын барилгын норм ба дүрэм”-ийн Оршил хэсэгт: “Эдгээр бүлэгт хэрэглэсэн олон нэр томъёог ФИДИК (Олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо)-ийн удирдамжид гэрээг гүйцэтгэн хэрэгжүүлэх журмын нэг бүрэлдэхүүн хэсэг хэмээн тодорхойлсон байдаг юм. ФИДИК-ийн удирдамжийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрдөг бөгөөд олон улсын тендер зарлан явуулах, авто зам барих, сэргээн засварлах ажлыг хянан удирдахад заавал баримталдаг юм”(тус баримт бичиг өдгөө хүчингүй болсон) гэж; 

УИХ-аас 2010 оны 05 дугаар сарын 07-ны өдөр баталсан “Хэлэлцээр соёхон батлах тухай” Монгол Улсын Хууль, “Монгол Улс, Азийн Хөгжлийн Банк хоорондын Санхүүжилтийн хэлэлцээр”-ийн нэгдүгээр зүйлийн  1.03 дахь заалтын (б) хэсэгт: “FIDIC  гэдэг нь олон улсын зөвлөх инженерийн холбоог хэлнэ”  гэж тус тус заасан нь Монгол Улсын авто замын салбарт FIDIC гэх олон улсын стандарт ойлголт нэвтэрсний тод жишээ юм.

Төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд гэрээний төрөл, гэрээний гол нөхцөлүүд ихээхэн чухал үүрэгтэй тул төслийн оролцогчид тухайн төслийн харилцаанаас хамаарч өөр өөрсдийн боловсруулсан гэрээний төслийг ашиглаж байгаа боловч олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн стандарт гэрээний загвар төслүүд манай улсын барилгын салбарын практикт Сангийн сайдын 2008 оны 10 дугаар 30-ны өдрийн 362 дугаар тушаалаар “Түлхүүр гардуулах нөхцөлтэй тендерийн жишиг баримт бичиг”-ийг баталснаар (Сангийн сайдын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 145 дугаар тушаалаар хүчингүй болсон) аажмаар нэвтэрсэн. 

Түүнчлэн “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 5 дугаар зүйл [Хуулийн нэр томъёо]-ийн 5.1.16-д: “Түлхүүр гардуулах гэрээ” гэж барилга байгууламжийн зураг төсөл, инженерийн тооцоо, тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулах, уг барилга байгууламжийг ашиглалтад бэлэн болгохтой холбогдсон хоорондоо уялдаа холбоо бүхий хэд хэдэн ажил, бараа, үйлчилгээг бүхэлд нь хамарсан нэг гэрээг”, мөн хуулийн 8 дугаар зүйл [Худалдан авах ажиллагааны журмыг сонгох]-ийн 8.10-т: “Зураг төсөл, барилга угсралт, тохируулгын ажлыг энэ хуулийн 5.1.16-д заасан журмаар түлхүүр гардуулах гэрээгээр гүйцэтгүүлэхээр бүхэлд нь тендер зарлаж болно” (тус хуульд 2021 онд нэмэлт, өөрчлөлт орсон) гэж зааснаас харвал орчин үеийн FIDIC багц гэрээ, үүнийн дотор EPC/Turnkey гэрээний хувилбарыг Монгол Улсад өргөнөөр ашиглаж эхэлснийг харуулж буй юм.

Монгол Улсад FIIDIC багц гэрээ нь ихэвчлэн гадаадын хөнгөлөлттэй зээл, санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслүүдэд хэрэглэгдэж эхэлсэн бол 2010 онд Концессын тухай хууль батлагдсанаар төрөөс хэрэгжүүлж буй томоохон, стратегийн ач холбогдолтой төслүүдэд FIDIC багц гэрээнээс ихэвчлэн Мөнгөлөг Ном буюу EPC/Turnkey Silver Book хэрэглэх хандлага нэмэгдэж буйн зэрэгцээ Монгол Улс хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ FIDIC гэрээг нэвтрүүлэх, хэрэгжилтийг өсөн нэмэгдүүлэх чиглэлийг баримтлах үүднээс “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-ыг баталсан байна. 

Тухайлбал: “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 70 дугаар тогтоолын хавсралт “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-ын Нэг. [Ерөнхий мэдээлэл]-т: “Улсын хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажиллагаанд төрийн оролцоог багасгах, хяналтыг хөндлөнгийн зөвлөх үйлчилгээгээр дамжуулан хэрэгжүүлэх, барилгын төслийн удирдлага, мэдээллийн нэгдсэн систем (БТУМНС)-д шилжүүлэх, олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо (FIDIC)-ны барилгын гэрээг нэвтрүүлэх, барилгын материал, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт, түгээлтийн одоогийн тогтолцоог өөрчлөх, төрөөс дотоодын зах зээлийг зохицуулах замаар салбарын эдийн засгийн дархлааг хамгаалах хэрэгцээ байна”.  Мөн Дөрөв. [Бодлогын үр нөлөө, бүтээгдэхүүнний шалгуур үзүүлэлт]-ийн 4.1 [Салбарын бүтэц, тогтолцоог оновчтой тогтоох, хууль эрх зүйн орчин, норм, нормативын баримт бичгийг боловсронгуй болгох замаар барилгын техникийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлж салбарын хөгжлийг эрчимжүүлнэ.]-т: “Барилгын үйл ажиллагааны олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо (FIDIC)-ны барилгын гэрээний хэрэгжилт 2018 онд 8%, 2021 онд 15%, 2025 онд 40%, 2029 онд 69%-д тус тус хүргэх” гэж заасан байна;

Дээрх баримт бичиг болон эрх зүйн орчны хүрээнд Монгол Улс нь олон улсын стандарт гэрээ болох FIDIС гэрээг ашиглаж салбар бүрийн томоохон төслүүдийг хэрэгжүүлж, мөн хэрэгжүүлсээр байгааг дараах жишээнээс харж болно. Үүнд:

Тухайлбал: Газрын тосны салбарт: БНЭУ-ын Засгийн газрын 1,2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр БНЭУ-ын “Жэй Эм Си Прожект Индиа” компани болон “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК нар “Технологийн бус байгууламжийн инженерийн зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын гэрээ (EPC-1)”-г 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан бөгөөд төслийн ажил төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар хэрэгжиж байна23.

Дэд бүтцийн салбарт: “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажил гүйцэтгэх (EPC) гэрээг “Тавантолгой Төмөр зам” ХХК болон “Бодь Интернэшнл” ХХК нар 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулж төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна.

Эрчим хүчний салбарт: “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК болон БНХАУ-ын “Sinosteel Equipment and Energy” Co., Ltd -нар  “EPC Contract Documents of Mongolian Buuruljuut 2×150 MW Coal-Fired Power Plant EPC Project Phase-I” гэрээг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан бөгөөд төслийн барилгын ажлыг 2024 онд дуусгахаар ажиллаж байна.

Уул, уурхайн салбарт: “Эрдэнэс Тавантолгой”-н дэргэд байгуулахаар төлөвлөсөн 30 сая тонны нүүрс угаах үйлдвэрийн эхний модуль буюу 10 сая тоннын үйлдвэрийн тухайд (EPC) гэрээ байгуулагдсан. Уг төсөлд Хятадын “Норинко” компанитай хамтран ажиллаж байгаа ажээ. Уг үйлдвэр ашиглалтад орсноор Тавантолгойн нүүрсний чанар харьцангуй тогтвортой болох давуу талтай юм24.

Том цар хүрээний төслүүдэд FIDIC-ийн EPC Түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ байгуулагдаж байгаагаас гадна төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд “Түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ” ихээр байгуулагдаж байгааг Төрийн худалдан авах системээс он цагийн дарааллаар шүүлт хийж харах боломжтой юм. 

Дээр дурдсан баримт бичиг болон хэрэгжсэн болон хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн жишээнүүдээс дүгнэвэл Монгол Улсад томоохон төслүүдэд FIDIC гэрээ хэрэглэгдэж байгаа ч тус стандарт гэрээний мөн чанар, үзэл санаа, Зөвлөх инженер, тэдгээрийн статус манай улсын хууль тогтоомжид тодорхойгүй, хангалттай зохицуулалт байхгүй нь FIDIC гэрээний хэрэглээний практикийг төлөвшүүлэхэд хууль тогтоомжийг боловcронгуй болгох шаардлагатай гэж дүгнэж байна.

1 The International Federation of Consulting Engineers.

2 Conditions of Contract for Works of Civil Engineering Construction, 1957.

3 Dr Nael Bunni, The FIDIC Forms of Contract, 3rd ed, Ch.2, Blackwell Publishing (2005).

4 2nd ed.

5 3rd ed.

6 4th ed, as reprinted in 1988 and 1992 with editorial amendments.

7 2nd ed.

8 3rd ed.

9 Conditions of Contract for Plant and Design-Build for Electrical and Mechanical Plant, and for Building and Engineering Works,

10 Conditions of Contract for Design-Build and Turnkey, 1995.

11 As stated below, the Green Book, FIDIC’s short form of contract, also has a claim to be considered as part of the Rainbow Suite, as it was issued in 1999.

12 FIDIC, ‘World Bank signs five-year agreement to use FIDIC standard contracts’, http://fidic.org/world-bank-signs-five-year-agreement-use-fidic-standard-contracts, accessed 25 July 2019.

13 These are the 2017 Red Book, 2017 Yellow Book, 2017 Silver Book, 2017 White Book, 2008 Gold Book and 1999 Green Book.

14 FIDIC, ‘Inter-American Development Bank signs five-year agreement to use FIDIC standard contracts’, http://fidic.org/node/22327, accessed 25 July 2019.

15 A similar agreement has been reached with the Caribbean Development Bank in July 2019: FIDIC, ‘Caribbean Development Bank signs five-year agreement to use FIDIC standard contracts’, http://fidic.org/node/23548, accessed 25 July 2019. On 18 July 2019, FIDIC also entered into a memorandum of understanding with the China International Contractors Association (CHINCA) to improve collaboration between international and Chinese businesses, facilitate skills and knowledge transfer and increase the understanding and use of FIDIC contracts: FIDIC, ‘FIDIC signs ground-breaking collaboration agreement with China International Contractors Association’, http://fidic.org/node/23602, accessed 25 July 2019.

16 See above

17 What is an EPC Contract? Blog of Blackridge Research and Consulting

18 Farlex free dictionary 

19 BN, Team (8 August 2017). “Turnkey Contract”. Business Novice. Retrieved 13 December 2022.

20 Turnkey – Wikipedia

21 (1) EPC Vs Turnkey Project Contracts: Understanding the subtle differences- Article #22 | LinkedIn

22 mcis.gov.mn 

23 ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР /2020-2024 он/ – Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (mmhi.gov.mn)

24 Нүүрсний экспортын шинэ түрлэг (mongolianminingjournal.com)

Хуульч, Хууль зүйн ухааны доктор (Ph.D)  Д.Ундралсайхан  

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН АЛБА