EPC ГЭРЭЭНИЙ УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙН БАТАЛГАА

Удирдтгал: “Advance Payment Guarantee” буюу Урьдчилгаа төлбөрийн баталгаа нь EPC (Engineering, Procurement and Construction) Гэрээний Гүйцэтгэгчээс Захиалагчид өгч буй санхүүгийн баталгааны нэг төрөл юм. Барилга, дэд бүтцийн томоохон хэмжээний төслүүдэд EPC Гэрээг түлхүү хэрэглэдэг бөгөөд Гүйцэтэгч нь Зураг төсөл, Худалдан авалт, Барилгын ажлыг бие даан гүйцэтгэдгээрээ онцлог гэрээ юм. Иймд төслийн Захиалагч нь Гүйцэтгэгчээс баталгааны нэг хэлбэр болгон Урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргаж өгөхийг шаардаж болно.

Түлхүүр үг: EPC Гэрээ, Урьдчилгаа төлбөрийн баталгаа.

1. Урьдчилгаа төлбөрийн баталгааны ойлголт. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 5.1.8-д: “Урьдчилгаа төлбөрийн баталгаа гэж захиалагч урьдчилгаа төлбөр төлөх тохиолдолд уг төлбөрийг гэрээнд заасан зориулалтын дагуу зарцуулах үүргээ баталгаажуулж гүйцэтгэгчээс захиалагчид ирүүлсэн банкны баталгаа, даатгагчийн баталгаа, Засгийн газрын бонд, Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасыг” гэж тодорхойлсон байна.

“Advance Payment Bond” ч гэж нэрлэгддэг Урьдчилгаа төлбөрийн баталгаа нь гүйцэтгэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд баталгаа гаргагч нь гүйцэтгэгчийн үүргийг захиалагчийн өмнө хүлээх баталгаа бөгөөд баталгаа гаргагчийн үүрэг нь үндсэн (нэхэмжлэл, нөхөн төлбөрийн үүрэг), эсхүл хоёрдогч үүрэгтэй (баталгаа гаргах) байж болно1. Урьдчилгаа төлбөрийн баталгаа нь төслийн захиалагч, эсхүл худалдан авагчийн хийсэн урьдчилгаа төлбөрийг гүйцэтгэгч, эсхүл худалдагчаас үүргээ биелүүлээгүй тохиолдолд захиалагч, эсхүл худалдан авагчийг эрсдэлээс ангид байлгахыг баталгаажуулахын тулд банкнаас бичгээр гаргасан амлалт юм. Энэхүү баталгааны гол зорилго нь гүйцэтгэгч, эсүл худалдагч гэрээний үүргээ эс биелүүлсэн тохиолдолд захиалагч, эсхүл худалдан авагч баталгааг нэхэмжилж урьдчилгаа төлбөрөө нөхөн төлүүлэхэд оршино.

Урьдчилгаа төлбөрийн баталгааг барилгын салбарт ихээхэн хэрэглэдэг бөгөөд барилгын гэрээнд Урьдчилгаа төлбөрийн баталгаа нь барилгын ажил эхлэхээс өмнө захиалагчаас гүйцэтгэгчид өгсөн урьдчилгаа төлбөртэй холбогдуулан гүйцэтгэгчээс захиалагчид өгсөн баталгааны нэг хэлбэр юм. Энэхүү баталгааны зорилго нь гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд захиалагчийн эрх ашгийг хамгаалахад оршино.

Урьдчилгаа төлбөрийн баталгаа нь барилгын салбарт хэрхэн ажилладаг талаар тоймлож дурдвал:

Банкны баталгаа. Урьдчилгаа төлбөрийн баталгаа нь гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд захиалагч урьдчилгаа төлбөрөө эргүүлэн авч болохыг захиалагчид баталгаажуулж банкнаас гаргадаг албан ёсны баримт бичиг юм;

Урьдчилгаа төлбөр. Барилгын ажил эхлэхээс өмнө захиалагч нь гүйцэтгэгчид урьдчилгаа төлбөр гаргаж болно. Энэхүү урьдчилгаа төлбөр нь гүйцэтгэгчийн барилгын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд шаардлагатай нөөц бүрдүүлэх, бараа материал худалдан авах, нүүлгэн шилжүүлэлт хийх, төсөлтэй холбоотой бусад зардлыг нөхөхөд туслах зорилготой юм;

Баталгаажуулалт. Гүйцэтгэгч урьдчилгаа төлбөр авахын тулд Урьдчилгаа төлбөрийн баталгааг захиалагчид гаргаж өгөх шаардлагатай ба уг баталгаажуулалтыг гүйцэтгэгчийн нэрийн өмнөөс банк, санхүүгийн байгууллага гаргаж өгнө;

Баталгааны хугацаа. Урьдчилгаа төлбөрийн баталгаат хугацаа нь ихэвчлэн тодорхой хугацаанд хүчинтэй байдаг бөгөөд ихэнхдээ төслийн тодорхой үе шат, эсхүл дуусах хугацаатай холбоотой байдаг. Гүйцэтгэгч үүргээ биелүүлсний дараа баталгаа нь дуусгавар болох, эсхүл талууд харилцан тохиролцсоны үндсэнд чөлөөлөгдөнө.

Барилгын салбарт Урьдчилгаа төлбөрийн баталгаа нь захиалагчийн санхүүгийн баталгаа болж, захиалагчийн төлсөн урьдчилгаа төлбөрийг зохих ёсоор зарцуулж, гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөхөн төлбөр олгох боломжийг захиалагчид олгодог санхүүгийн хэрэгсэл юм. Энэхүү санхүүгийн хэрэгсэл нь гэрээлэгч талуудын хооронд итгэлцлийг бий болгож, барилгын төслийн санхүүгийн эрсдэлийг багасгахад тусалдаг.


2. EPC Гэрээний Урьдчилгаа төлбөрийн баталгаа. EPC Гэрээний Урьдчилгаа төлбөрийн баталгааг тайлбарлахаас өмнө эхлээд дараах хэдэн товч ойлголтыг өгөх нь зөв болов уу. Үүнд:
– Урьдчилгаа төлбөр нь Гүйцэтгэгчид олгох хүүгүй зээл юм;
– Урьдчилгаа төлбөрийг Явц дундын төлбөрийн нөхцөл, Урьдчилгаа төлбөрийн баталгаа, эсхүл Гүйцэтгэлийн баталгаа зэрэг тодорхой нөхцөлийг хангасан үед урьдчилж төлнө;
– Урьдчилгаа төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэл Урьдчилгаа төлбөрийн баталгаа хүчин төгөлдөр байх ба Урьдчилгаа төлбөрийн эргэн төлөлтийг гэрээний үнэд хувь тэнцүүлэн тохируулж суутгал хийх, эсхүл гэрээний нөхцөлд заасан хэмжээгээр шууд төлөлт хийх байдлаар төлнө;
– Урьдчилгаа төлбөр нь Ажил хүлээлгэн өгсөн гэрчилгээ, Гэрээ цуцлах болон Давагдашгүй хүчин зүйлтэй холбогдож байдаг.


FIDIC жишиг гэрээний нэг EPC (Engineering, Procurement and Construction) Гэрээ буюу Мөнгөлөг номонд (Conditions of Contract for EPC/Turnkey Projects-Silver Book, 1999) Урьдчилгаа төлбөр, Урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргахтай холбоотой заалтыг тусгайлан тусгаж өгсөн байдаг2.


Мөнгөлөг номын 14.2 [Урьдчилгаа төлбөр] болон Шар номын (Conditions of Contract for Plant and Design Build-Yellow Book, 1999) 14.2 [Урьдчилгаа төлбөр], Улаан номын Conditionsof Contract for Construction-Red Book, 1999) 14.2 [Урьдчлгаа төлбөр]-т заасан Урьдчилгаа төлбөртэй холбоотой заалтыг зөвхөн тухайн гэрээний талууд урьдчилгаа төлбөр төлөхөөр тохиролцсон бол Гүйцэтгэгч нь Урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргана. Захиалагч энэхүү баталгааг хүлээж аваагүй тохиолдолд 14.2 [Урьдчилгаа төлбөр]-т заасан зохицуулалт хамаарахгүй. Урьдчилгаа төлбөрийн баталгааны загвар маягтийг FIDIC жишиг гэрээний ном бүрт хавсралтаар оруулж өгсөн байдаг.


EPC/Turnkey төслийн гэрээ буюу Мөнгөлөг номын Урьдчилгаа төлбөрийн баталгааны гол агуулгыг дараах байдлаар тайлбарлавал. Үүнд:


Баталгааны цар хүрээ. Гүйцэтгэгч нь урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг зөвхөн төсөлтэй холбоотой үйл ажиллагаанд зарцуулах ёстой талаар тусгаж өгөх ба Урьдчилгаа төлбөрийн баталгаа мөн үүнтэй уялдана. Тухайлбал, Мөнгөлөг номын 14.2 [Урьдчилгаа төлбөр]-ийн эхний догол хэсэгт: “Гүйцэтгэгч нь энэхүү хэсэгт заасны дагуу Тусгай Нөхцөлд заасан нарийвчилсан мэдээлэл бүхий баталгааг хүргүүлсний дараа Захиалагч нь урьдчилгаа төлбөрийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа болон зураг боловсруулах ажилд зориулсан хүүгүй зээлийн хэлбэрээр төлнө” гэж зааснаас харж болно.

Баталгааны хэмжээ. Урьдчилгаа төлбөрийн баталгааны дээд хэмжээ буюу энэ нь гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд баталгаа гаргагчаас захиалагчид төлөх ёстой дээд хязгаарыг тогтоосон байвал зохино. Мөнгөлөг номын 14.2 [Урьдчилгаа төлбөр]-ийн (a)-д баталгааны үнийн дүнг заасан байхыг шаардаж буй (урьдчилгаа төлбөрийн хэмжээг заагаагүй тохиолдолд энэхүү Хэсэг хэрэглэгдэхгүй) бөгөөд олон хүчин зүйлсээр тодорхойлогдох боловч ихэвчлэн гэрээний зөвшөөрөгдсөн үнийн дүнгийн тодорхой хувиар тодорхойлох ба голдуу гэрээний зөвшөөрөгдсөн үнийн дүнгийн 15-20 хувь байдаг ч энэ нь гүйцэтгэх Ажлаас хамаарна3.

Баталгааны хүчинтэй хугацаа. Урьдчилгаа төлбөрийн баталгаа нь тодорхой хугацаанд хүчинтэй байх бөгөөд, хэрэв шаардлагатай бол захиалагч тухайн хугацаанд хүсэлт гаргах ёстой. Мөнгөлөг номын 14.2 [Урьдчилгаа төлбөр]-ийн 3 дахь догол хэсэгт зааснаар Гүйцэтгэгч нь баталгааг урьдчилгаа төлбөр нөхөн төлөгдөх хүртэлх хугацаанд хүчинтэй байлгана. Хэрэв баталгаанд түүний дуусах хугацааг заасан бол, түүнчлэн урьдчилгаа төлбөрийг баталгааны хугацаа дуусах өдрөөс 28 хоногийн өмнө нөхөн төлөөгүй бол баталгааны хүчинтэй байх хугацааг Гүйцэтгэгч урьдчилгаа төлбөр нөхөн төлөгдөх хүртэл сунгахаар заасан байна.

Баталгааны эргэн төлөлт. Гэрээний дагуу Явц дундын төлбөр нь гэрээний зөвшөөрөгдсөн үнийн дүнгийн 10 хувиас дээш төлөгдсөн бол урьдчилгаа төлбөрийн эргэн төлөлт эхэлнэ. Эргэн төлөлтийн хэмжээ нь Явц дундын төлбөр бүрийн үнийн дүнгийн 25 хувь байх ба Урьдчилгаа төлбөр нь зөвшөөрөгдсөн гэрээний үнийн дүнгийн 22 хувиас бага байх тохиолдолд эдгээр хувь хэмжээг хамгийн тохиромжтой хувь хэмжээ гэж үздэг байна4. Харин Урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл төлбөрийг Ажил хүлээн авсан Гэрчилгээ олгохоос өмнө, эсхүл 15 дугаар зүйл [Захиалагч Гэрээг цуцлах], 16 дугаар зүйл [Гүйцэтгэгч Ажлыг түр зогсоох, Гэрээг цуцлах] болон 19 дүгээр зүйл [Давагдашгүй хүчин зүйл]-д заасны дагуу Гэрээг цуцлахаас өмнө тус тус нэн даруй эргэн төлөх ёстой.


Баталгааны хугацааг багасгах, эсхүл баталгааг чөлөөлөх. Баталгаанд төсөл хэрэгжих явцад баталгааг бууруулах, эсхүл чөлөөлөх нөхцөлийг тодорхойлох. Энэ нь төслийн үе шат, тодорхой үе шатыг дуусгах, эсхүл гэрээнд заасан бусад шалгууруудыг тусгаж өгдөг. Мөнгөлөг номын хувьд урьдчилгаа төлбөрийн эргэн төлөлтийн талаар сонголт бүхий зохицуулалт, мөн баталгааны үнийн дүнгийн хэмжээг бууруулах нөхцөлийг тусгасныг тус баримт бичгийн 14.2 [Урьдчилгаа төлбөр]-ийн (b) болон мөн зүйлийн 3 дах догол хэсэгт заасан байна5.


Дүгнэлт. Урьдчилгаа төлбөрийн баталгаа шаардах эсэх шийдвэрийг тухайн төслийн нөхцөл байдал болон гэрээнд оролцогч талуудад үндэслэн сайтар үнэлэх хэрэгтэй. Хэдийгээр уг баталгаа нь тодорхой сорилт, анхаарвал зохих асуудлуудыг бий болгодог ч EPC Гэрээний хүрээнд эрсдэлийн удирдлага, санхүүгийн баталгааг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь гэрээг дагаж мөрдөх, эрсдэлийг бууруулах, төслийн тасралтгүй үйл ажиллагааг дэмжих санхүүгийн механизмыг бий болгож, улмаар EPC төсөл амжилттай хэрэгжихэд хувь нэмэр оруулж байдаг. Иймд талууд баталгааны нөхцөлийг сайтар ойлгож, ухамсарлах нь чухал юм.

 

1  What is an Advance Payment Guarantee? (with picture) (smartcapitalmind.com)

2 Мөнгөлөг номын 14.2 [Урьдчилгаа төлбөрийн баталгаа]

3 Construction Industry Development Board Inform Practice 16 -Advance Payment.

4 Understanding Clauses in FIDIC ‘Conditions of Contract for EPC/ Turnkey Projects’ First Edition 1999

5 Мөнгөлөг номын 14.2 [Урьдчилгаа төлбөрийн баталгаа]-ийн (b)-д: “хэд хэдэн удаа төлбөр хийх, төлбөрийн хуваарийн талаар дурдаагүй тохиолдолд төлбөрийг нэг удаагийн шилжүүлгээр хийнэ”, мөн 3 дах догол хэсэгт: “Урьдчилгаа төлбөрийн нөхөн төлбөрийг явц дундын төлбөрөөс хувь тэнцүүлэн суутгал хийх байдлаар төлнө”.

 

 

 Хуульч, Хууль зүйн ухааны доктор (Ph.D)  Д.Ундралсайхан  

БОДЬ ИНТЕРНЭШНЛ ХХК – ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН АЛБА 2024