EPC ГЭРЭЭНИЙ ЭРСДЭЛ ХУВААРИЛАЛТ

Удирдтгал: EPC Гэрээ нь томоохон хэмжээний, инженерийн нарийн шийдэл бүхий төслүүдийг хэрэгжүүлэхэд хэрэглэгддэг хамгийн түгээмэл гэрээний нэг. Иймд түүний эрсдэлийг тодорхойлж, үүсэх үндсэн шалтгааныг шинжлэх нь энэ гэрээн дэх ирээдүйд үүсэх эрсдэлийг бууруулах, арилгах арга хэмжээг боловсруулахад ач холбогдолтой тул энэхүү нийтлэлд Шар, Улаан болон Мөнгөлөг номын эрсдэл хуваарилалтын зарим ялгааг онцлохыг хичээлээ.

Түлхүүр үг: EPC Гэрээ, Улаан ном, Шар ном, Эрсдэл.

Fédération Internationale Des Ingénieurs-Conseils1 (цаашид “FIDIC” гэх) буюу Олон Улсын Зөвлөх Инженерүүдийн Холбооноос боловсруулан гаргадаг жишиг гэрээний нэг болох Улаан ном (Conditionsof Contract for Construction-Red Book, 1999) нь Захиалагч ажлын зураг төсөл боловсруулахаар өөрийн мэргэжилтнийг томилж, Гүйцэтгэгч нь зөвхөн Захиалагчийн уг зураг төслийн дагуу барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ юм. Өөрөөр хэлбэл эрсдэлийг тэнцвэртэй хуваарилж, маргаанаас зайлсхийхийн тулд Захиалагчаас барилгын ажлын зураг төслийг боловсруулдаг гэрээний стандарт хэлбэр юм2.

Түүнчлэн Шар ном (Conditions of Contract for Plant and Design Build-Yellow Book, 1999) мөн өргөн хэрэглэгддэг гэрээний нэг бөгөөд энэхүү гэрээгээр Гүйцэтгэгч нь ажлын зураг төсөл, барилгын ажлыг аль алиныг нь хариуцах бөгөөд үүний үр дүнд хариуцлагыг нэг цэгт төвлөрүүлснээрээ Захиалагчийн хувьд чухал давуу тал болно гэж үздэг. Тус гэрээний дагуу Гүйцэтгэгч нь Захиалагчийн зааврын дагуу цахилгаан, эсхүл механикаар хангах үйлдвэр, барилга байгууламжийн инженерийн зураг төсөл боловсруулах, барихад ашигладаг гэрээ бөгөөд3 ерөнхийдөө Мөнгөлөг номтой төсөөтэй.

Дээрх жишиг загвар гэрээнүүд болох Улаан болон Шар ном нь олон улсад барилгын салбарт ихээхэн ахиц, дэвшлийг бий болгосон хэдий ч эдгээр гэрээний аль нь ч дэд бүтцийн төслүүдэд тухайлбал, газрын тос, байгалийн хий, нефтийн химийн үйлдвэрүүд, инженерийн нарийн шийдэл, технологи бүхий барилга, байгууламжууд, эсхүл зээлдүүлэгч гуравдагч этгээдээр дамжуулан төслийг санхүүжүүлэх тохиолдолд ашиглахад тохиромжгүй байсан тул FIDIC-ээс Мөнгөлөг ном (Conditions of Contract for EPC/Turnkey Projects-Silver Book, 1999) буюу Зураг төсөл, Худалдан авалт, Барилгын ажил гүйцэтгэх/Түлхүүр гардуулах нөхцөлтэй төслийн загвар гэрээг гаргасан. Тухайн үед барилгын зах зээлд эцсийн үнэ болон ажил дуусах хугацаа тодорхой байх нь чухал болж, энэ төрлийн гэрээний хэрэгцээ, шаардлагыг нэмэгдүүлсэн гэж болно. Энэ гэрээгээр хэрэгжиж буй төслүүдийн хувьд Гүйцэтгэгч нь уламжлалт Улаан, эсхүл Шар номноос илүү өргөн цар хүрээий эрсдэлийг хариуцах боломжтой болсон.

Гүйцэтгэгч нь цаг хугацаа, зардал, чанарт учирч болзошгүй эрсдэлийг өөр дээрээ шилжүүлэн авдаг тул Мөнгөлөг ном нь эрсдэлийн удирдлагын нарийн арга техникийн өндөр мэдлэг, туршлагатай Гүйцэтгэгчид ашиглахад тохиромжтой. Иймээс Мөнгөлөг номын зорилго нь Захиалагчийн тодорхой эрсдэлийг Гүйцэтгэгчид шилжүүлэх явдал юм. Үүний үр дүнд Захиалагч нь Шар номын хүрээнд боловсруулагдах төслөөс илүү Мөнгөлөг номын хүрээнд боловсруулагдсан төсөлд илүү их мөнгө төлдөг, өөрөөр хэлбэл хэдийн чинээ эрсдэл өндөр байна тэр хэмжээгээр өндөр үнэтэй байна. Үүний хариуд Захиалагч илүү их цаг хугацаа, зардлын тодорхой боломжит давуу байдлыг олж авдаг бөгөөд энэ нь хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгчдийн сонирхлыг татдаг. Ажлын талбайн нөхцөл байдлыг хариуцах асуудал нь Мөнгөлөг номын дагуу эрсдэлийг шилжүүлж буй нэг жишээ юм. Үүнийг тайлбарлавал:

Улаан болон Шар номын дагуу Инженер нь тухайн газар дээрх болон газар доорх, эсхүл ус зүйн нөхцөл байдлын талаар (мөн хүрээлэн буй орчны талаарх төлөв) Эхлэн тооцох өдрөөс өмнөх өөрийн эзэмшиж буй мэдээллийг Гүйцэтгэгчид өгөх шаардлагатай, харин Гүйцэтгэгч нь цугларсан мэдээлэлд дүн шинжилгээ хийж боловсруулах үүрэгтэй. Гүйцэтгэгч нь Ажилд нөлөөлж болзошгүй эрсдэл, урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдал болон бусад нөхцөл байдлын талаар шаардлагатай бүх мэдээллийг авсан гэж тооцно4. Гүйцэтгэгч нь хүлээн зөвшөөрөгдсөн Гэрээний үнийн дүнгээр Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд хангалттай хэмээн үзэж байгаа боловч энэ нь дээр дурдсан мэдээлэл, дүн шинжилгээнд үндэслэсний улмаас Гэрээний үнийг хүрэлцэхүйц хэмээн хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Гэхдээ энэ зохицуулалтыг үл харгалзан Ажлын талбайд урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдал байгаа нь холбогдох журмын шаардлагыг хангасан тохиолдолд тэрээр хугацаа сунгах, нэмэлт зардал төлөхийг Инженерээс Өөрчлөлт (Variation) хийх журмын дагуу шаардах боломтой5. Өөрөөр хэлбэл Улаан болон Шар номын дагуу урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдлын эрсдэлийг Гүйцэтгэгч хариуцдаггүй.

Харин Мөнгөлөг номын хувьд өөр зохицуулалтай байдаг. Тухайлбал 4.10 [Ажлын талбайн мэдээлэл]-т: “Захиалагч нь өөрт байгаа Ажлын талбайн гадаргуугийн болон усны талаарх тоо баримт, хүрээлэн буй орчны мэдээллийг Эхлэн тооцох өдрөөс өмнө бэлэн болгож тэдгээрийн талаар Гүйцэтгэгчид мэдээлнэ. Эхлэн тооцох өдрөөс хойш олж авах бүх мэдээллээ Захиалагч мөн Гүйцэтгэгчид өгнө. Эдгээр тоо баримт, мэдээллийг Гүйцэтгэгч шалгаж боловсруулалт хийх үүрэгтэй. 5.1 [Зураг төслийн талаар хүлээх ерөнхий үүрэг] дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд эдгээр мэдээлэл үнэн зөв, хангалттай, эсхүл гүйцэт байх асуудлыг Захиалагч хариуцахгүй”. Үүний дагуу Гүйцэтгэгч нь өгөгдсөн мэдээллийг шалгаж, дүн шинжилгээ хийж боловсруулах үүрэгтэй бөгөөд гэрээгээр тохиролцсон үнэ нь тус гэрээгээр хүлээсэн бүх үүргийг Гүйцэтгэгч биелүүлэхээр багтаасан мөнгөн дүн юм. Мөнгөлөг номын 4.12 [Урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдал]-т зааснаар Ажилд нөлөөлж болох, эсхүл нөлөөлж байгаа эрсдэл, урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдал болон бусад нөхцөл байдлын талаар шаардлагатай бүх мэдээллийг Гүйцэтгэгч гаргуулж авсан гэж үзээд, үүнийг гэрээнд гарын үсэг зурснаар ажлыг амжилттай дуусгахад нөлөөлж болох хүндрэл, зардлыг урьдчилан тооцсон гэж үзэх бөгөөд Гүйцэтгэгч нь холбогдох хариуцлагыг бүрэн хүлээнэ. Түүнчлэн урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлаас үүсэх хүндрэл, зардлаас хамааран гэрээгээр тохиролцсон үнэ өөрчлөгдөхгүй. Өөрөөр хэлбэл Мөнгөлөг номын дагуу урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдлын эрсдэл нь Гүйцэтгэгчид ирдэг.

Мөнгөлөг ном болон Шар номонд заасан Гүйцэтгэгчийн хүлээх эрсдэлийн ялгагдах өөр нэг жишээ нь зураг төсөл юм. Үүнийг тайлбарлавал:
Шар номын 5.1 [Зураг төсөл боловсруулах Ерөнхий үүрэг]-т заасны дагуу Гүйцэтгэгч нь Ажил эхлүүлэх тухай мэдэгдлийг хүлээн авсны дараа Захиалагчийн шаардлагыг хянаж үзэн, аливаа тодорхой бус зүйл, алдаа, дутагдлыг (тодорхой хэдэн өдрийн дотор, эсхүл харилцан тохиролцсон хугацаанд) Инженерт мэдэгдэнэ. Харин Инженер тус мэдэглийг хүлээн авсны дараа өөрчлөлт, засвар оруулах эсэхийг шийдвэрлэдэг. Туршлагатай Гүйцэтгэгчид энэ ажиллагааг тендр эхлүүлэхээс өмнө гүйцэтгэж үүний үр дүнд гэрээний үнийг нэмж, хугацааг сунгахгүй байх нөхцөлийг бүрдүүлж болдог. Түүнчлэн Шар номын 1.9 [Захиалагчийн шаадлага дахь алдаа дутагдал]-д зааснаар Захиалагчийн шаардлагад үүссэн алдаа, тодорхой бус байдлын улмаас Гүйцэтгэгчийн ажил саатсан, зардал гарсан бөгөөд Гүйцэтгэгч 5.1[Зураг төсөл боловсруулах Ерөнхий үүрэг]-т заасан шалгалтыг хийхдээ алдааг олж мэдээгүй бол Гүйцэтгэгч энэ тухай Инженерт мэдэгдэж хугацаа сунгах болон зардал болон ашгаа гаргуулж авах эрхтэй байдаг.

Харин Мөнгөлөг номд өөрөөр заасан бөгөөд 5.1 [Зураг төсөл боловсруулах Ерөнхий үүрэг]-т тодорхой 4 нөхцөл байдлаас6 бусад тохиолдолд Гүйцэтгэгч нь Ажлын зураг төсөл, Захиалагчийн шаардлагын үнэн зөв эсэхийг хариуцахаар заасан. Захиалагч нь Захиалагчийн шаардагын аливаа алдаа, тодорхой бус байдалд хариуцлага хүлээхгүй бөгөөд Гүйцэтгэгч нь Захиалагчаас хүлээн авсан мэдээлэл, баримт бичгийг нягтлан шалгаж үүнтэй холбоотой аливаа үй ажиллагаанд бий болох эрсдэлийг зөвхөн Гүйцэтгэгч дангаар хариуцна.

Мөнгөлөг ном нь мөн бусад асуудалд ч Гүйцэтгэгчид эрсдэлийг хуваарилсан байдаг. Тухайлбал: Захиалагчийн эрсдэлтэй холбоотой заалтууд. Урьдчилан таамагдлах боломжгүй, эсхүл туршлагатай гүйцэтгэгч урьдчилан сэргийлэх зохих арга хэмжээ авсан байх ёстой гэж тооцоогүй байгалийн хүчин зүйлсүүдийг энд дурдаж болох юм. (Улаан болон Шар номын 17.3[Захиалагчийн хүлээх эрсдэл] )

Өмнөх судалгааны нийтлэлүүдэд болон дээр дурдсанчлан Мөнгөлөг ном нь Гүйцэтгэгч Зураг төсөл, Худалдан авалт, Барилгын ажлын бүх үе шатуудад хариуцлагыг дангаар хариуцахад чиглэсэн гэрээ бөгөөд уг гэрээтэй холбоотой дараах эрсдэлүүд үүсэж болзошгүй:
– Зураг төслийн эрсдэл
– Гүйцэтгэлийн эрсдэл
– Үнэ болон Төлбөрийн нөхцөлийн эрсдэл
– Давагдашгүй хүчин зүйл болон Урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын эрсдэл
– Даатгал болон нөхөн төлбөрийн эрсдэл
– Маргаан шийдвэрлэх эрсдэл
– Чанарын эрсдэл
– Улс төр, нийгмийн эрсдэл
– Хууль, эрх зүйн орчны эрсдэл

Товч дүгнэлт. EPC Гэрээнд агуулагдах эрсдэл хуваарилалтын зарчим нь Гүйцэтгэгчээс илүү их эрсдэл хүлээхийг шаарддаг бөгөөд энэ нь нөгөө талаар энэ төрлийн гэрээний үнэ өндөр байх суурь болж өгдөг. Гэхдээ анхаарууштай зүйл нь EPC Гэрээг тэр дундаа Мөнгөлөг номыг сонгосноор төслийн Захиалагч бүх эрсдэлийг шилжүүлсэн, эсхүл эрсдэлгүй гэж тайвширч болохгүй учир нь төсөл бүр өөр өөрийн онцлогтой тул гэрээнд оролцогч талууд зөв нөхцөл байдлыг зөв үнэлж дүгнэх, тохирсон эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нь оновчтой юм.

 

[1] The International Federation of Consulting Engineers.

2, 3 FIDIC | Construction Contract 2nd Ed (2017 Red Book) | International Federation of Consulting Engineers

4 Улаан болон Шар номын 4.10 [Ажлын талбайн мэдээлэл] дугаар зүйл.

5 Улаан болон Шар номын 4.12 [Урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдал] дугаар зүйл.

 

6 (a) “Гэрээнд өөрчлөлтгүй, эсхүл Захиалагч хариуцна” гэж заасан Захиалагчмйэ шаардлагын хэсэг, тоо баримт, мэдээлэл; (b) Ажил, түүний хэсгийн төлөвлөгөөт тодорхойлолт; (c) Дууссан Ажлын туршилтын болон ашиглалтын шалгуур үзүүлэлтүүд; (c) Гэрээнд өөрөөр заагаагүй бол Гүйцэтгэгчийн нотолж чадахгүй хэсэг, тоо баримт, мэдээлэл.

 

 

 Хуульч, Хууль зүйн ухааны доктор (Ph.D)  Д.Ундралсайхан  

БОДЬ ИНТЕРНЭШНЛ ХХК – ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН АЛБА 2024