EPC ГЭРЭЭНИЙ ҮНЭ

Удирдтгал: EPC (Engineering, Procurement and Construction) Гэрээний үнэд инженерийн хайгуул судалгаа, зураг төсөл, худалдан авалт, төслийн удирдлага, урьдчилан харах боломжгүй нөхцөл байдал зэрэг олон бүрэлдэхүүнийг агуулагддаг. Мөн Гэрээний үнийг тогтооход төслийн шинж чанар, нөхцөл, цар хүрээнээс хамаарч өөр өөр байж болно. Тус нийтлэлээр EPC Гэрээний үнийн тодорхойлолт, үнэ тогтоох аргыг FIDIC жишиг гэрээний нэг болох Мөнгөлөг номыг Улаан болон Шар номтой харьцуулах байдлаар тайлбарлахыг хичээлээ.

Түлхүүр үг: EPC Гэрээ, Гэрээний үнэ, Гэрээний үнэ тогтоох.

1. Гэрээний Үнэ. Гэрээний үнийг FIDIC жишиг гэрээний нэг Мөнгөлөг номын (Conditions of Contract for EPC/Turnkey Projects-Silver Book, 1999) Ерөнхий нөхцөлийн 1.1.4 [Мөнгө болон Төлбөр]-ийн 1.1.4.1-т: “Гэрээний үнэ гэж Ерөнхий хэлэлцээрт заасан, Ажлын зураг төсөл боловсруулах, Ажил гүйцэтгэх, дуусгах, түүнчлэн доголдол арилгахад зарцуулахаар харилцан тохиролцсон мөнгөн дүнг хэлэх бөгөөд үүнд Гэрээний дагуу оруулсан үнийн тохируулгын дүн (хэрэв байгаа бол) мөн багтана”1 гэж;

Улаан номын (Conditionsof Contract for Construction-Red Book, 1999) Ерөнхий нөхцөлийн 1.1.4 [Мөнгө болон Төлбөр]-ийн 1.1.4.2-т: “Гэрээний үнэ гэж Гэрээний 14.1 [Гэрээний Үнэ]-т тодорхойлсон үнэ бөгөөд үүнд Гэрээний дагуу оруулсан үнийн тохируулгын дүн багтана”2 гэж;

Шар номын (Conditions of Contract for Plant and Design Build-Yellow Book, 1999) Ерөнхий нөхцөлийн 1.1 [Тодорхойлолт]-ийн 1.1.11-т: “Гэрээний үнэ гэж Гэрээний 14.1 [Гэрээний үнэ]-т тодорхойлсон үнийг”3 гэж тус тус ялгаатай тодорхойлсон байна.

Хэдийгээр ийнхүү ялгаатай тодорхойлсон ч Гэрээний үнийн дүнд Гүйцэтгэгчийн Гэрээний дагуу төлөх шаардлагатай бүх татвар, хураамж, төлбөр багтах ба Гэрээний 13.7 [Хууль тогтоомж өөрчлөгдсөний дагуу хийх Тохируулга] дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд Гэрээний үнэд эдгээр зардалтай холбогдуулан тохируулга хийхгүй байх заалтыг Мөнгөлөг ном, Улаан ном болон Шар номын аль алинд ижил тусгасан байдаг.

EPC Гэрээ буюу Мөнгөлөг номын хувьд Гэрээний үнэ гэдэг нь зураг төсөл боловсруулах, гүйцэтгэх, ажлыг гүйцэтгэх, дуусгах, доголдлыг арилгах, засварлахад зориулж тохиролцсон мөнгөн дүн буюу нийт үнийг хэлнэ. Тус Гэрээний үнэд хууль тогтоомжийн өөрчлөлтийн дагуу тохируулсан татвар, хураамж багтсан. Гэрээний үнэ нь өөрчлөлт, хууль тогтоомж, талбайд нэвтрэх, хугацаа хэтэрсний хохирол, урьдчилан тооцсон дүн, урьдчилан харах боломжгүй хүндрэл, Захиалагчийн эрсдэл зэрэг заалтуудтай шууд холбогддог бөгөөд эдгээрээс дараах жишээг дэлгэрүүлж авч үзье. Үүнд:

“Variation” буюу Өөрчлөлт. Гэрээгээр тохиролцсон ажлын цар хүрээний өөрчлөлт. Өөрчлөлт нь материал, ажиллах хүч болон бусад нөөцийн өөрчлөлттэй холбоотой тохиолдолд Гэрээний үнэд өөрчлөлт ордог. Гэрээний 13 [Өөрчлөлт болон Тохируулга]-т Захиалагч Ажил хүлээн авсан гэрчилгээ олгохоос өмнө зааварчилгаа өгөх, эсхүл Гүйцэтгэгчээс санал авах хэлбэрээр Өөрчлөлтийг санаачилж болно. Захиалагч Өөрчлөлт хийх зааварчилгаа өгсөн, Гүйцэтгэгчийн саналыг хүлээн авснаар Гэрээний үнэ болон төлбөрийн хуваарьт Тохируулга хийхийг зөвшөөрсөн бол тийхүү Гэрээний үнэд нөлөөлнө.

“Legislation” буюу Хууль тогтоомж. Төслийн барилгын норм, дүрэм, байгаль орчин, аюулгүй байдлын дүрэм, журам гэх мэт төслийн үйл явцад нөлөөлж болзошгүй хууль тогтоомжийн өөрчлөлт, үүнтэй холбоотойгоор зардал, цаг хугацаанд нөлөөлж болно. Гэрээний 13.7 [Хууль тогтоомж Өөрчлөгдсөний дагуу хийх Тохируулга]-д тухайн улсын Хууль тогтоомжид өөрчлөлт орсон (Шинэ хууль баталж мөрдүүлсэн, хуулийг хүчингүй болгосон, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан зэрэг), түүнчлэн эдгээр хуульд шүүхээс хийсэн албан ёсны тайлбарт өөрчлөлт орсон нь Гүйцэтгэгчийн Гэрээний дагуу хүлээсэн үүргийн биелэлтэнд нөлөөлж, Зардал өсөх, эсхүл буурахад хүргэсэн эсэхийг харгалзан үзсэний үндсэн дээр Гэрээний Үнэд тохируулга хийхээр заасан байдаг.

“Access to Site” буюу Ажлын талбайд нэвтрэх. Гэрээний 2.1 [Ажлын талбайд нэвтрэх эрх]-т хэрэв Захиалагч нь нэвтрэх болон эзэмших эрхийг дээр дурдсан хугацаанд олгож чадаагүйн улмаас Гүйцэтгэгч хугацаа хожимдуулсан, Зардал гаргасан бол Гүйцэтгэгч нь Захиалагчид мэдэгдэл өгснөөр 20.1 [Гүйцэтгэгчийн Нэхэмжлэх] дэх хэсэгт заасны дагуу гарсан зардлыг Гэрээний үнэ дээр нэмж төлүүлэх эрх үүссэнээр Гэрээний үнэд нөлөөлөх юм.

“Provisional Sum” буюу Урьдчилан тооцсон дүн. Гэрээ байгуулах үед нарийн тодорхойлох боломжгүй ажлын зүйлийн Гэрээнд тусгагдсан урьдчилсан дүн бөгөөд хожим бодит зардалд үндэслэн тохируулж болдог. Гэрээний 13.5 [Урьдчилан тооцсон дүн]-т Урьдчилан тооцсон Дүнг зөвхөн Захиалагчийн зааварчилгааны дагуу бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн ашиглах бөгөөд Гэрээний Үнэд зохих тохируулга тухай бүр хийхээр заасан.

2. Гэрээний үнэ тогтоох. Гэрээний үнэ тогтоох зарчим нь дээрх гурван жишиг гэрээний хувьд мөн өөр өөр байна. Тухайлбал, Мөнгөлөг номын Ерөнхий нөхцөлийн 14.1 [Гэрээний Үнэ]-т: “Тусгай нөхцөлд өөрөөр заагаагүй бол Ажлын төлбөрийг Гэрээний нийт үнийг үндэслэн гүйцэтгэх бөгөөд гэрээний дагуу үнэд хийсэн тохируулгыг харгалзан үзнэ” гэж буюу гэрээний нийт үнийн аргад суурилсан бол Шар номонд Гэрээний үнийг тогтоох зарчим нь Мөнгөлөг номтой төстэй буюу гэрээний 14.1 [Гэрээний Үнэ]-т: “Тусгай нөхцөлд өөрөөр заагаагүй бол Гэрээний Үнэ нь Хүлээн зөвшөөрсөн Гэрээний нийт мөнгөн дүн буюу гэрээний нийт үнийг үндэслэх бөгөөд гэрээний дагуу үнэд хийсэн тохируулга, нэмэлт болон суутгалыг харгалзан үзнэ” гэж тус тус зохицуулсан байна. Гэсэн хэдий ч Мөнгөлөг номын нийт үнэ буюу Lump Sum арга нь Шар номын нийт үнэ буюу Lump Sum аргаас илүү их эрсдэлтэй байдаг. Учир нь Мөнгөлөг номын дагуу Гүйцэтгэгч нь Ажилд сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэлтэй байх хүчин зүйлс, мэдээллийг олж авсан гэж үзэн тэдгээртэй холбоотой гарч болзошгүй зардлыг хүлээн зөвшөөрсөн гэж үздэг.

Тэгвэл Улаан номын хувьд Гэрээний 14.1 [Гэрээний Үнэ]-т: “Тусгай нөхцөлд өөрөөр заагаагүй бол Гэрээний үнэ нь Гэрээний 12.3 [Үнэлгээ]-т заасны дагуу тохиролцсон, эсхүл тодорхойлогдох ба гэрээний дагуу үнэд хийсэн тохируулгыг харгалзан үзнэ” гэж заасныг Мөнгөлөг номын заалтын агуулгатай харьцуулбал Улаан номын хувьд хүлээн зөвшөөрөгдсөн үнийн дүн нь үнийн дундаж тооцоолол буюу эцсийн үнэ биш, өөрөөр хэлбэл анх тохиролцсон, эсхүл Гэрээнд заасны дагуу дараа нь тохируулсан бүх Ажлыг гэрээний 12.3 [Үнэлгээ]-т заасны дагуу хэмжиж үнэлэн эцсийн үнийг гаргадаг4 гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

Дээрх жишиг гэрээнүүдэд тусгагдсан ялгааг илүү товч байдлаар тайлбарлавал, Шар номын хувьд Гэрээний үнэ нь гэрээний тендерийн үе шат дуусахад Захиалагчаас хүлээн зөвшөөрсөн нийт/бүхэл үнэ буюу Lump Sum (Гэрээний тусгай нөхцөлд өөрөөр заагаагүй бол) байна; Улаан номын хувьд Гэрээний үнийг 12.3[Үнэлгээ]-т заасан Үнэлгээний дагуу тодорхойлно; Мөнгөлөг номын хувьд Гэрээний үнэ нийт/бүхэл үнэ буюу Lump Sum байхаар тус тус ялгаатай зохицуулалт хийж өгсөн.

Ахин хэмжих, эсхүл ажлын өөрчлөлт хийх аль ч арга замаар гэрээний нийт, эсхүл тогтсон үнэд өөрчлөлт оруулах боломжгүй тул FIDIC бүх жишиг Гэрээний үнэ нийт үнийн арга буюу Lump Sum суурилдаггүй байх нь. Түүнчлэн FIDIC бүх гэрээнүүд Гүйцэтгэгч нь нэмэлт төлбөргүйгээр аливаа нэмэлт, эсхүл өөр ажил гүйцэтгэх үүрэг хүлээх ёсгүй гэсэн санааг тусгасан байдаг.

3. Гэрээний үнэ тогтоох арга. Эрсдэл хуваарилах хамгийн чухал асуудлын нэг бол үнийг тогтоож гэрээнд тусгах юм. Ажил гүйцэтгүүлэхийн тулд Гүйцэтгэгчид төлөх гэрээний үнийг тодорхойлох гурван арга байдаг. Үүнд:

Lump Sum буюу нийт үнэд суурилах. Гүйцэтгэгч тодорхой барилгын ажлыг гүйцэтгэхийн тулд тогтмол үнийг (нэг удаагийн нийт үнэ) тохиролцдог. Гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дууссаны дараа, эсхүл гэрээнд заасан төлбөрийн хуваарийн дагуу төлбөрийг хэсэгчлэн хүлээн авна. Нийт үнийг ихэвчлэн ажил эхлэхээс өмнө гэрээ байгуулах үед талууд тохиролцох ба гүйцэтгэгч нь энэхүү тооцоолсон хэмжээнээс илүү хэмжээний эрсдэлийг үүрдэг буюу илүү зардал гарвал Гүйцэтгэгч өөрийн халааснаас гаргана. (Тухайлбал: Мөнгөлөг ном)

Cost Contract буюу Зардалд суурилах. Ажлын явцад гарсан бодит зардалд үндэслэн гэрээний эцсийн үнийг тодорхойлдог. Энэ аргыг ихэвчлэн ажлын цар хүрээ, эсхүл төслийн шаардлагыг нарийн тодорхойлоход хэцүү нөхцөлд ашигладаг тул анхнаасаа урьдчилан тооцсон үнээр гэрээ байгуулдаггүй. Гэрээнд ажил гүйцэтгэх явцад гарсан зөвшөөрөгдсөн, үндэслэлтэй, хуваарилагдах боломжтой бүх зардлыг гүйцэтгэгчид нөхөн төлөхийг зөвшөөрдөг. (Тухайлбал: Шар ном)

Re-measurement Contract буюу Дахин-хэмжих. Нэгж үнэ ба хэмжсэн тоо хэмжээний хослол. Барилгын үе шатанд ажлын гүйцэтгэлийг газар дээр нь хэмжиж гүйцэтгэсэн ажлын бодит тоо хэмжээн дээр үндэслэн гүйцэтгэгчид төлбөр төлнө. (Тухайлбал: Улаан ном)

Товч дүгнэлт. EPC Гэрээний үнэ нь төслийн ажлын цар хүрээ, зардлын тооцоо, эрсдэлийн үнэлгээ, зах зээлийн нөхцөл байдал, гэрээний нөхцөл, төслийн зорилго, шаардлага, оролцогч талуудын ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гаргах зэргийг харгалзан дүн шинжилгээ хийхийг шаарддаг. FIDIC жишиг гэрээний хувьд Гэрээний үнийг ихэвчлэн тендр шалгаруулалтын явцад тогтоох ба энэ нь гүйцэтгэгч захиалагчийн төслийн шаардлагад үндэслэн саналаа ирүүлдэг гэсэн үг. Гэсэн хэдий ч тодорхой нөхцөл байдал төслийн зардалд нөлөөлж болзошгүй тохиолдолд Гэрээний үнийг тохируулах механизмыг тухайн Гэрээний онцлогоос хамааран тусгаж өгсөн байдаг гэдгийг анхааран үзээрэй.

 

1  “Contract Price means the agreed amount stated in the Contract Agreement for the design, execution and completion of the Works and the remedying of any defects, and includes adjustments (if any) in accordance with the Contract.

2  Contract Price” means the price defined in Sub-Clause 14.1 [The Contract Price] and includes adjustments in accordance with the Contract.

3 “Contract Price” means the price defined in Sub-Clause 14.1 [The Contract Price].

 

4  Улаан номын 12.1 [Хэмжигдвэл зохих Ажил]

 

 

 Хуульч, Хууль зүйн ухааны доктор (Ph.D)  Д.Ундралсайхан  

БОДЬ ИНТЕРНЭШНЛ ХХК – ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН АЛБА 2024