Бодийн соёл

Бодит амжилтын төлөө

ТӨСЛИЙН ТАЛБАЙТАЙ ТАНИЛЦАХ “BODI FAMILY” АЯЛАЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Бодь интернэшнл” ХХК-ийн баг хамт олон Улаанбаатар хотын оффис болон Өмнөговь аймгийн кемпгэсэн хоёр байршилд хуваагдан ажилладаг. Тэд хоёр жил гаруй хугацаанд нэг зорилго, бодит…

БОДЬ ГРУППИЙН 2022 ОНЫ СПОРТЫН АВАРГУУД ШАЛГАРЛАА

Бодь Групп, түүний охин компаниудын ажилтнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах таван төрөлт тэмцээнийг “BODI GAMES – 2022” нэр дор 02-дугаар сарын 26,…

Мэдээний архив

Биднийг дагаарай

Б.Тунсаг

“Монголчууд бид чадна” гэдгийг харуулж буй төсөл

Б.Анхбаяр

Хамгийн залуу ажилтан маань 20 настай

Б.Батдорж

Өмнөговьд бид цогц бүтээн байгуулалтыг өрнүүлж байна

Х.Гүнбилэг

Монголд №1 төмөр зам барих ажилд оролцохоор би сэтгэлийн дуудлагаар ирсэн

Б.Тунсаг: “Монголчууд бид чадна” гэдгийг харуулж буй төсөл

Миний хувьд, сургагч багш, аюулгүй ажиллагааны мэргэжилтнээр ажиллаж байна. Төмөр зам барихад нэвтрүүлсэн шинэлэг техник, технологийн тухайд гэвэл, Монголд өмнө нь ашиглаж байгаагүй цахилгаан гагнуурын аппараттай. Зам төмөр нь 1.5 тонн жинтэй, 25 метр урт байдаг. Ажилтнуудын дунд би аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх сургалт явуулдаг. Нийт 300 гаруй хүнийг сургалтад хамруулсан. Нэг зүйлийг онцлоход, энэ төсөлд сайн дурынхан гэхээс илүү дан мэргэжлийн боловсон хүчин ажиллаж байгаа. Монголд хэрэгжиж буй хамгийн том төслийг хэрэгжүүлэхэд хийж бүтээх ирмүүн тэмүүлэлтэй залуус оролцож байна. Өөрөөр хэлбэл, “Монголчууд бид чадна” гэдгийг харуулсан түүхэн үйл явдлын гэрч болж байна шүү дээ, та бид.

Б.Анхбаяр: Хамгийн залуу ажилтан маань 20 настай
“Улаанбаатар төмөр зам” ХНН-д би 10 жил ажилласан. Харин одоо Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл дээр үеийн залуустайгаа хамт халуунд халж, хүйтэнд хөрч их бүтээн байгуулалтад оролцож байгаадаа тун баяртай байна. Түүх бүтээлцэж байна шүү дээ, бид. Би машин механизмын оператор мэргэжилтэй. DC-32W машины ахлахаар ажилладаг. Миний хувьд, 1988 онд төрсөн ч хамт олныхоо дунд бараг ахмадад нь орж байна (инээв). Хамгийн залуу ажилтан маань 20 настай. Бас л машин механизмын оператор хийж байгаа. Хуульч, эдийн засагчтай харьцуулахад бидний мэргэжил ховор л доо. Машин механизмын операторын анги ганцхан байдаг. Жилдээ 20-30 залуус төгсдөг юм. Бидний ажиллаж буй энэхүү машин Хятадын “Кунмин” үйлдвэрийнх. “Кунмин” нь хүнд машин механизм үйлдвэрлэлээр дэлхийд хоёрдугаарт ордог гэдэг. DC-32W машины хувьд, замыг чигжих, чиг татах зэрэг үйлдлийг давхар хийдэг бүрэн компьютержсэн, миллиметрийн нарийвчлалтайгаар ажилладаг. Монголд ийм машин дөрөв бий. Манай хамт олон ачаалал ихтэй үед өдөрт 13 цаг ажиллах үе ч бий. Төслийн ерөнхий гүйцэтгэгч болох “Бодь интернэшнл” ХХК-ийн зүгээс бидний ажиллах орчин, амьдрах байр, хоол унд  гээд бүхий л нөхцөлийг дээд зэргээр бүрдүүлж өгсөнд сэтгэл хангалуун байдаг.

Б.Батдорж: Өмнөговьд бид цогц бүтээн байгуулалтыг өрнүүлж байна

Би “Бодь интернэшнл” ХХК-ийн Барилга угсралтын хэлтсийн барилгын инженерээр ажилладаг. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн барилгын ажлыг хариуцаж байна. Барилга угсралтын үндсэн ажил 2020 оны наймдугаар сарын сүүлчээр эхэлсэн. Та бидний харж буй энэхүү барилга бол удирдлагын төвийнх юм. Зоорьтой, гурван давхар төмөр бетон карказан барилга л даа. Төмөр замын вагон засвар, хөдлөх бүрэлдэхүүний засварын төвийн барилга барих ажил ид үргэлжилж байна. Барилга угсралтын хувьд, нийт 86 мянган м.кв барилга байгууламж барих юм. Сонирхуулж хэлэхэд, энэ бүхнийг үндсэн таван хэсэгт хуваана. Үүнд Тавантолгой өртөө, зөрлөгийн барилгууд багтана. Хоорондоо 20 гаруй километрийн зайтай нийт зургаан зөрлөг, зөрлөг тус бүр дөрвөн айлын орон сууцтай байна. Гашуунсухайт өртөө гэж бас бий. Цогтцэций болон Гашуунсухайт суурьшлын бүсээс дээрх таван хэсэг бүрдэнэ. Цогтцэций суурьшлын бүсэд нийт 860 хүн, Гашуунсухайт суурьшлын бүсэд 500 гаруй хүн амьдрах орон сууц барихаар төлөвлөсөн. Зөвхөн орон сууцнаас гадна үзвэр үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, спорт цогцолбор барих зэрэг цогц бүтээн байгуулалт өрнөж байна.

Х.Гүнбилэг: Монголд №1 төмөр зам барих ажилд оролцохоор би сэтгэлийн дуудлагаар ирсэн

Яг одоо Тавантолгой өртөөний гол зам барих ажил өрнөж байна. Үндсэндээ энэ өртөөн дээр салбар зургаан зам барина. Хоёр талдаа нийт 8-9 суман шилжүүлэг тавина. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь залгаасгүй гэдгээрээ онцлогтой. Залгаастай төмөр замыг хавчаараар бэхэлдэг. Харин Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүх зам төмрийг хооронд нь гагнаж, ямар ч уулзваргүй, хавчаараар бэхлэхгүйгээр гагнана. Үүнийг залгаасгүй буюу уулзваргүй төмөр зам гэж тайлбарлаж болно. Залгаасгүй төмөр зам нь галт тэрэгний хөдөлгөөний дуу чимээ багатай намуун дөлгөөн байдлыг хадгалдаг. Төмөр замын тухайд, ихэвчлэн уулзвар дээр маш их гэмтэл гардаг. Залгаасгүй төмөр замтай болсноор ийм явдал гарахгүй гэсэн үг. Манай бригад 21 хүнтэй. Өглөө 07 цагаас орой 19 цагийн хооронд нэг ээлжээр ажиллаж байна. “Улаанбаатар төмөр зам”-д ажиллаж байсан туршлагатай, чадварлаг залуус олон бий. Хөдөө орон нутгаас шинэ зууны бүтээн байгуулалтад оролцохоор ирсэн залуу үеийнхэн ч байна. Ид хийж бүтээх 20-35 насны залуустай мөр зэрэгцэн ажиллаж байгаадаа бахархдаг. Бид зам төмрийг тэргэнцэр дээр байрлуулахдаа 50 тонны даацтай кран ашиглаж байгаа. Харин төмөр бетон дэр тараах дээрээ эксковатор ашиглаж байна. Зам төмрийг бетон дэрэн дээр байрлуулахад “Бодь интернэшнл” ХХК-ийн санаачилсан өөрөө явагч тэргэнцрийг ашигладаг. Миний хувьд, энэ том төсөл дээр ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байна. Их говьд өрнөж буй бүтээн байгуулалтад оролцохоор би зорьж ирсэн. Ёстой л сэтгэлийн дуудлагаар өмнийн говийг зорьсон гэх үү дээ. Миний үндсэн мэргэжил бол замын инженер. Энэ бол Монголд №1, олон улсын стандартыг хангасан төмөр зам учраас Монголд анх удаа бетонон дэртэй суман шилжүүлгүүд тавих юм. Бүх зүйлээрээ анхдагч, А зэрэглэлийн төмөр зам бүтээн байгуулах ажилд оролцож байгаадаа маш их баяртай байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулснаар нүүрс тээвэрлэдэг том оврын машинуудын тоо багасах байх гэж найдаж байна. Төмөр зам даган өртөө, зөрлөгүүд байгуулж, ажлын байр ч олноор бий болно. Их говьд төмөр зам дагасан амьдрал цэцэглэнэ шүү дээ