Бодь Групп нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд урт хугацаанд үргэлжлэх өргөн цар хүрээтэй “100 мод – 100 шийдэл” төслийг 2022 оны 5 дугаар сараас эхлүүллээ.
Энэхүү төсөл нь нийгмийн хариуцлагын хүрээнд бодийн ажилтан, байгаль орчин, нийгэм, боловсрол гэх мэт бүхий л салбар нэгж рүү төрөлжин орж хувь нэмрээ оруулан үйл ажиллагаа явуулахаас гадна жил бүр өргөжин, шинэчлэгдэн, үргэлжилж явах юм.
Бодь Групп уг төслийг 5 дугаар сарын 18-наас 24-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 5 төрлийн 100ш мод тарин эхлүүлж, нутгийн иргэдэд мод арчилгааны талаар ойн инженер, байгаль хамгаалагч нарын зөвлөгөө, мэдээллийг өгч ажиллаа.
Тарьсан мод нь 100 100-гаар өсөж арвижиж байхыг бэлгэдсэн, 100 шийдлийг бодитоор хэрэгжүүлэх зорилготой энэхүү төслийн хүрээнд тус групп компани энэ зун хоёр ажлыг хэрэгжүүлэхээр ажлын хэсэг томилон ажиллаж байна. Үүнд:
- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 27-р цэцэрлэгийн гадна талбай, хүүхдийн тоглоомын талбайг шинэчлэн тохижуулах, моджуулах
- Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын эмнэлгийн гадна болон доторх зарим хэсгийн талбайг шинэчлэн тохижуулах, моджуулах гэсэн ажлууд багтаж байна.
Мөн Цогтцэций суманд мод тарих үеэр тус сумын Засаг дарга, Байгаль хамгаалагч нартай уулзаж Говь нутагт ургадаг мод, бут, сөөгийн судалгаа гаргах, өөр төрлийн говьд ургаж болох модны судалгааг хийх талаар цаашид хамтран ажиллахаар боллоо.
Энэ хүрээнд говьд ургадаг тоорой, хайлаас модны үрийг ирэх намар буюу 10-р сард түүж, туршилтын журмаар Говьд болон Шарын голд ургуулахаар болсон юм.