Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөлтэй танилцаж, мөн Өмнөговь аймаг, Гашуунсухайт боомтын төмөр замын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтын нээлтэд оролцлоо.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2021-2025 онд хэрэгжүүлэх “А6-20” дунд хугацааны бизнес төлөвлөгөөнд тусгагдсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийг 2022 оны долдугаар сард ашиглалтад оруулахаар ерөнхий гүйцэтгэгч “Бодь Интернэшнл” ХХК ажиллаж байна.

Энэ ажил 79.5 хувийн гүйцэтгэлтэй байгааг “Тавантолгой төмөр зам” компанийн захирал Н.Удаанжаргалайлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танилцууллаа.
Төслийн хүрээнд 174 байршилд хоолой, 15 байршилд дам нуруут болон жаазан гүүр, дэлгэмэл уртаараа нийт 312.8 км төмөр замын дээд бүтэц барихаас 240.5 км нь бүрэн дуусчээ.
Харин өртөө, зөрлөгүүдийн дохиоллын ажил 59.29, холбооны ажил 51.82 хувийн гүйцэтгэлтэй, нийт 464.2 км шилэн кабелын шугам суурилуулахаас 418.2 км-ынх нь ажил дууссан байна.

Мөн Тавантолгой өртөөний удирдлагын байр 97, өртөө, зөрлөгүүдийн ажилчдын орон сууц болон удирдлагын байрууд 95 хувийн гүйцэтгэлтэй. Төслийн эрчим хүчний ажлын хүрээнд 17 байршилд дэд станц барьж байгуулахаас 16 хэсэгт байрлуулж дууссан бөгөөд нийт 270 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам угсрахаас 255.9 км-ыг угсарч дуусаад байгаа талаар ажлын хэсэг мэдээлэл өглөө.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь зургаан зөрлөгтэй, жилд 30 сая хүртэлх ачаа тээвэрлэх хүчин чадалтай байна. Цаашид тээвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ажиллах бөгөөд энэ төмөр замаар ойрын 5-10 жилийн хугацаанд 30-45 орчим сая төгрөгийн орлого төвлөрүүлэх боломжтой гэсэн тооцоо гарчээ.