Бодь Интернэшнл ХХК-ийн хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлж буй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийг Дэлхийн төмөр замын салбарын хамгийн нэр хүндтэй Railway Gazette International сэтгүүл онцоллоо.
ТТ-ГС чиглэлийн төмөр замын төслийн тухай өгүүллэг тус сэтгүүлийн 2022 оны 06-р сарын дугаарт “Говийн нүүрсний экспорт төмөр замын тээвэрт шилжихээр зэхэж байна” гарчигтай нийтлэгджээ.
Railway Gazette International сэтгүүлд төслийн тухай өгүүлэхдээ “Цар тахал болон орон нутгийн цаг уурын хүндрэлээс үүдэн бүтээн байгуулалтын явцад ихээхэн саатал гарсан хэдий ч тус төмөр замын суурь бүтцийг товлосон хугацаандаа буюу энэ 07-р сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Монголчууд өөрсдийн гараар бүтээж буй уг төсөл нь Дэлхийн хамгийн том коксжих нүүрсний уурхайнуудын нэг болох Тавантолгой нүүрсний уурхайн экспортыг авто замаас төмөр зам уруу шилжүүлэх стратегийн өндөр ач холбогдолтой төсөл” гэдгийг онцолсон байна.
Мөн төмөр замаар хил дамнасан нүүрс тээврийг хөнгөвчилснөөр Монголын нүүрсний экспортыг хоёр дахин нэмэгдүүлэхийн зэрэгцээ уурхайгаас хил хүртэлх нүүрс тээвэрлэлтийн зардлыг 75 хувиар бууруулах боломжтой ба хөрс болон агаарын бохирдол, осол аваар, малын бэлчээр талхлалт зэрэг олон бэрхшээлийг арилгаж байгаа талаар тодотгожээ.