“Бодь Интернэшнл” компани болон түүний охин компаниуд болох Инкон ХХК, Бодь Пропертийз ХХК-иуд Монголын анхны 1-р зэрэглэлийн, уулзваргүй, хүнд даацын, жилд 50 сая тонн хүртлэх ачаа тээвэрлэх хүчин чадалтай төмөр замыг бүтээн байгууллаа.
Монгол инженерүүдийн хүчээр бүтээн босгосон 233.6 километр үргэлжлэх гол замтай уг төмөр замыг ашиглалтад хүлээн авах ёслол Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгой өртөөнд 9 дүгээр сарын 9-ний өдөр болж албан ёсны анхны тээвэр Гашуунсухайт боомтын чиглэлд хөдөллөө.
Төмөр замын төслийн захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК, ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь интернэшнл” ХХК, туслан гүйцэтгэгчээр дотоодын 624 ААН, 2000 гаруй техник, машин механизм, 5000 гаруй инженер, техникийн ажилтан, хүн ажилласан. Бүтээн байгуулалтын ажил 2020.03.01-нд эхэлж 2022.07.07-ний өдөр туршилтын тээврийг амжилттай хийснээр төмөр замыг “Тавантолгой төмөр зам” компанид хүлээлгэн өгсөн.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь 2 өртөө (Тавантолгой, Гашуунсухайт), 6 зөрлөг (Хайрхан, Хангай, Уртгол, Оюут, Шинэ-Ус, Хулант), 16 гүүртэй, төмөр замын голын даац 25 тонн, царигийн хэмжээ 1520 мм, SCADA, ТЕТРА тоон радио систем бүхий дохиолол холбоо, хориглолын хагас автомат систем, зам төмрийг уулзваргүй болгох гагнуурын технологи, хөдлөх бүрэлдэхүүн зэрэг чиглэл бүрд шинэ инновацийг нэвтрүүлсэн онцлогтой төмөр зам юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, энэхүү бүтээн байгуулалтад оролцсон нийт хүмүүст талархал илэрхийлж, уг төмөр зам нь монголчууд бие дааж барьсан, 100 хувь Монгол Улсын өмчлөлтэй анхны төмөр зам болж байгааг онцоллоо. Тэрбээр мөн “Энэ зам бол манай улсын хөгжлийн зам, хөрөнгө оруулалтын зам, боломж бололцооны зам” гэв.
Бодь группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан: “Бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлснээс дөнгөж хоёр долоо хоногийн дараа цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улс хилээ хаасан. Мөн БНХАУ, ОХУ гээд улс орнууд хилээ хааж эхэлсэн. Уг бүтээн байгуулалтын 80 орчим хувь нь импортын бараа бүтээгдэхүүнээс хамааралтай. Бетон, шилэн кабель, тоног төхөөрөмжүүдийн ихэнхийг нь гаднаас татах ёстой байв. Ийнхүү шинээр үүссэн нөхцөл байдалд хурдан дасан зохицож, ажлаа зохицуулах шаардлага 28 сарын хугацаанд гарсан. Бэрхшээл яриад байвал мундахгүй. Гэхдээ 28 сарын дараа Монгол Улсын Засгийн газарт Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг хүлээлгэн өгч байгаадаа манай хамт олон баяртай байна. Мөн хамт олноороо ихэд бахархаж байна” хэмээв.
Мөн энэхүү төсөл нь 22.6 сая метр/куб газар шорооны ажил, 63 мянган метр/квадрат бетон, 745 мянган ширхэг буталмал чулуу, 145 ширхэг ус зайлуулах хоолой, 12 ширхэг мал амьтны нүхэн гарц, нийт 1348 м урт 15 ширхэг гүүр, хоёр түвшний автозам, төмөр замын гарам, 584791 ширхэг төмөр бетон дэр, 308 км үүнээс 261 нь уулзваргүй төмөр зам, 584901 ширхэг төмөр замын бэхэлгээ, 109 ширхэг төмөр замын суман шилжүүлэг, 208 ширхэг гэрлэн дохио, 271 км урт 35 кВт-ын өндөр хүчдэлийн шугамын 12 дэд өртөө, радио холбооны 13 цамхаг, 470 км урт шилэн кабел, 26500 м/кв бүхий барилга байгууламж, 94000 м/кв бүхий 543 ширхэг тоног төхөөрөмжтэй депоны цогцолбор, 5000 тн жинтэй ачаа татах хүчин чадалтай энэ дэлхийн хамгийн хүчирхэг хөдөлгүүртэй 16 ширхэг зүтгүүр, 25 тоннын даацтай 810 ширхэг ачааны вагоныг нийлүүлэн хүлээлгэж өгч байна.
Бид төмөр замын стандартыг шинэ шатанд гаргалаа. Дурдвал,
-Европын стандартын зам төмөр ашигласан. Төмөр замын гол замын урт 233 км, дэлгэмэл урт нь 312 км. Өөрөөр хэлбэл, Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл зам тасралтгүй үргэлжилнэ.
-Монгол Улсын хамгийн урт гүүр болох 430 метрийн дан нуруут гүүрийг бүтээн байгууллаа.
-Галт тэрэг явж байхад нь жинлэх автомат байгууламжтай.
-Нэгдсэн удирдлагын төвөөс бүх өртөө, зөрлөг, сумыг удирдах боломжтой.
-Эрчим хүчний хоёр эх үүсвэр бий болгож, реле хангалтын хамгийн сүүлийн үеийн тоноглолоор тоноглолоо” гэсэн юм.
Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор БНХАУ руу экспортлох нүүрс тээврийн өртөг 49,59 ам.доллароос 12,09 ам.доллар болж, тонн тутамд 4,1 дахин буурна гэж тооцсон. Мөн Зүүн Азийн зах зээлд Монголын нүүрсний экспортын эзлэх хувь өнөөгийн байдлаар 10.5% байгааг нэмэгдүүлж 30.5%-д хүргэх боломжтойгоос гадна экспортын орлогыг 2.9 дахин нэмэгдүүлж 8.9 тэрбум ам.долларт хүргэх боломжтой болох юм.