Бодь Интернэшнл ХХК нь “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” төслийг 2022 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
Дэвшилтэт техник технологид суурилсан энэхүү логистикийн төв нь жилд 20 сая/тонн Тавантолгойн ил уурхайн түүхий нүүрсийг бутлан вагон тээвэрт ачих хүчин чадалтай байна. Бутлуур хэсгийн тоног төхөөрөмж нь Ялтаст тэжээгүүр болон Шүдэт бутлуураас бүрдэх ба ил уурхайгаас ирсэн -1000 мм ширхэглэлтэй нүүрсийг бункерт нөөцлөн ялтаст тэжээгүүрээр тэжээн 1 шатлалаар буталж -300 мм ширхэглэлтэй болгон овоолгын талбай руу тээвэрлэх юм.
Энэ төслийн хүрээнд Булт бутлуур, ялтсан тэжээгүүр худалдан авах, суурилуулах, туршилт тохируулга хийхээр Америк улсын дэлхийд тэргүүлэгч McLanahan Corporation Limited компанитай 2022 онд хамтарч ажиллах гэрээ байгуулсан байдаг.
Уг гэрээний дагуу тус компанийн Австрали улсын Нью Кэстл хотод байрлах салбар үйлдвэрт Бодь Интернэшнл ХХК-ийн холбогдох инженерүүд, ТНАЛТ төслийн захиалагчийн хяналтын багийн хамтаар ажиллаж булт бутлуурын “Үйлдвэрийн хүлээн авах туршилт” буюу “Factory Acceptance Test”-ийг 5 хоног хийлээ.
Мөн McLanahan Corporation Limited компанийн БНХАУ-ын Шанхай хот дахь салбар үйлдвэрт Ялтсан тэжээгүүрийн “Үйлдвэрийн хүлээн авах туршилт”-ыг онлайн хэлбэрээр амжилттай зохион байгуулж тоног төхөөрөмжүүдийг хүлээн авчээ.
Бутлуурын FAT туршилт арга хэмжээний хүрээнд дараах ажлуудыг хийжээ.
• DDC Sizer буюу булт бутлуурын эд ангийн хийцлэл, дизайн шалгах;
• Бутлуурын цахилгаан, автоматжуулалтын системийн асаах унтраах горим шалгах, бутлуурын үйлдвэрлэлийн нөхцөлд асаан 2-3 цагийн турш ажиллуулах, үйлдвэрлэийн FAT туршилтийг биечлэн хийх;
• Бутлуурын хийц, бүрэн бүтэн байдал, үйлдвэрлэлийн үеийн дутагдал, доголдол байгаа эсэхийг шалгаж баталгаажуулах, доголдол үүссэн тохиолдолд засварлуулж хүлээн авах;
• Бутлуурын үйлдвэрлэлийн чанарт үзлэг туршилт хийж хүлээн авах;
• Баримт бичгүүдийн бүрдэлтийг гэрээний заалтын дагуу шалган баталгаажуулах;
• Тээврийн баримт бичгүүдийн бүрдэлтийг шалгах, баталгаажуулах;
• Бутлуурын засвар, технологийн сургалтад оролцох;
• Мкланахан Корпорацийн бутлуурыг суурилуулсан ил болон гүний уурхайн үйл ажиллагаатай танилцах;
Дэлхий даяар ашигт малтмалын баяжуулах төхөөрөмж, систем, шийдлүүдийг нийлүүлэгч McLanahan Corporation Pty Limited компанийн тухайд 1835 онд АНУ-д байгуулагдсан ба олон жилийн турш 500 гаруй ялтсан тэжээгүүр, 200 орчим шууд хөтөч булт бутлуурыг (DDC хэмжээс) үйлдвэрлэсэн туршлагатай компани юм.
Ашигт малтмалын боловсруулалт, механик дизайны инженерчлэл, үйлдвэрлэлийн чадавхийг Ньюкасл, Перт, Шанхай, Сантьяго, Пенсильвани дахь инженерийн багуудаар дамжуулан манай зах зээлд хүргэдэг.
McLanahan-ийг сонгож хамтарч ажилласаны давуу тал нь тус компани үйлчлүүлэгчидтэйгээ ойр дотно харилцаатай байж, илүү өндөр түвшний хувийн тохиргоог санал болгодогт юм. Энэ нь хэрэглэгчийн тоног төхөөрөмж нь тэдний тусгай хэрэглээ, орчинтой нягт уялдсан эсэхийг баталгаажуулж байгаагаараа онцлогтой.