Бодь групп нь 2023 онд тохиож буй 30 жилийн ойн хүрээндээ нийгмийн хариуцлагын 7 төсөл хөтөлбөрийг санаачлан болон дэмжин ажиллаж байна.

Эдгээр төсөл хөтөлбөрүүдийн нэг нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нярайн эмгэг судлалын тасгийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах зорилготой “Эх нялхаст цэвэр агаар бэлэглэе-2” төсөл юм.

Энэхүү төслийг “Эс Эй Эс Глобал” ХХК-тай хамтран хэрэгжүүлэхээр өнөөдөр талууд хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэлээ.

Тус компани нь Smart Air Systems цонхны агааржуулалтын төхөөрөмжийг үйлдвэрлэдэг ба “Эх нялхас цэвэр агаар бэлэглэе-1” төслийн хүрээнд өмнө нь ЭХЭМҮТ-ийн 9 өрөөг цонхны агааржуулалтын системтэй болгосон нь үр дүн сайтай байгаа тул төслийг дахин хэрэгжүүлэх саналыг тавьжээ.

Иймд 9-р сарыг дуустал тус төвийн 18 өрөөнд төхөөрөмжийг суурилуулах ажлыг хийхээр боллоо.

***
ЭХЭМҮТ 1-ийн Хүүхдийн эмнэлгийн тухайд өнөөдрийн байдлаар 19 тасаг, 432 хэвтэн эмчлүүлэх ортой үйл ажиллагаа явуулж байна. Тус төв нь Улаанбаатар хотын хамгийн их агаарын бохирдолтой бүсэд байрладаг бөгөөд тухайн барилга байгууламж нь сүүлийн жилүүдэд засвар үйлчилгээг тогтмол хийж байгаа хэдий ч барилгын үндсэн бүтэц таазны өндөр зэрэг бусад олон хүчин зүйлээс шалтгаалж агаар сэлгэлт нь өнөөдрийг хүртэл стандартын дагуу бүрэн шийдэгдэж чадаагүй байна.

Дулааны улиралд цонх онгойлгох замаар шийдэж болох хэдий ч хүйтэн сэрүүний улиралд /10-р сараас 4-р сар хүртэл/ гадаад орчны бохирдол 687 микрограм хүрч мөн агаарын температур -5 градусаас дээш үед цонх онгойлгож агаар сэлгэлт хийх боломжгүй нөхцөл байдал үүсдэг байна.

***
🔶 Төслийн зорилго, зорилт:

🔹 ЭХЭМҮТ-ийн дотоод агаарын чанарын зарим үзүүлэлт нь хүлцэх хэмжээнээс давсан үзүүлэлттэй байгаа нь эмчилгээний явцыг удаашруулах, дөнгөж төрсөн нярайн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх боломжтой тул дотоод агаарын чанарын үзүүлэлтүүдийг стандарт хэм хэмжээнд хүргэх

🔹 Ураг эхийн хэвлийд бүрэлдэж эхэлсэн цагаасаа агаарын бохирдолд өртөж эхэлдэг. Жирэмсэн эхийн амьсгалж буй дотоод орчны агаарыг эрүүл цэвэр болгосноор урагт учирч буй аюул эрсдэлүүдийг багасгах

🔹 Тус төвийн хүүхдийн эмнэлгийн агааржуулалтын систем нь хүүхдийн ачааллаас хамааран стандарт нормд хүрэлцэхгүй байдаг тул энэхүү системийг дэмжин дотоод орчны агаар сэлгэлтийг сайжруулах

🔹 Иймд нийслэлийн агаарын бохирдол, утаа тоос тоосонцор, хорт хийн нэгдлүүдээс үүдэлтэй дотоод орчны агаарын бохирдлоос Монголын бяцхан үрсийг хамгаалахад энэхүү төслийн гол зорилго оршино.