Азийн ба Баруун Номхон Далайн Гэрээлэгчдийн Ассоциациудын Холбоо (IFAWPCA)-ийн 42 дахь дунд хугацааны чуулганыг Монголын Барилгын Үндэсний Ассоциаци (МБҮА) Монгол Улсад анх удаа 2023 оны 06.14-17-ний хооронд зохион байгууллаа.
Чуулганы хүрээнд “Тогтвортой барилгын эрин” форум болон “Барилга, бүтээн байгуулалтын бизнесийн форум” буюу “B2B” уулзалт, “Барилга бүтээн байгуулалтын нээлттэй өдөрлөг” зэрэг арга хэмжээнүүд болж IFAWPCA-ийн 18 гишүүн орны 200 орчим барилгын салбарын мэргэжилтэн, инженер, гэрээлэгч, хөрөнгө оруулагчид оролцлоо.
Форумаар Дэлхий дахинаа өнөөдөр тулгамдаж буй ногоон барилга, байгууламж, эрчим хүчний хэмнэлт, сэргээгдэх эрчим хүч, хүлэмжийн хийг бууруулахад барилгын салбарын оролцоо, санхүүжилт болон газар хөдлөлтийн талаарх сэдвүүдийг хөндөж, олон улсын экспертүүдтэй харилцан туршлага солилцсон юм.
Улмаар олон улсын сайн туршлагыг өөрсдийн барилга бүтээн байгуулалтын үйл ажиллагаандаа тусган ажиллахад, Монгол компани олон улсын зах зээлд гарч ажиллах бизнесийн боломжуудыг нээхэд уг арга хэмжээ чухал ач холбогдолтой болж байна.
Мөн 18 орны төлөөлөгчдийг “Бодь Интернэшнл” компанийн дэргэдэх Судалгаа, хөгжүүлэлтийн R&D төвдөө хүлээн авч Бодь группийн үйл ажиллагаатай танилцуулан барилга, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааны түншлэлийн талаар хэлэлцлээ.
IFAWPCA нийгэмлэгийн тухайд 18 улс орноос бүрдсэн байдаг бөгөөд ногоон тогтвортой, байгаль орчинд ээлтэй барилгын салбарыг хөгжүүлэх зорилгыг урдаа тавин ажиллаж байгаа юм.