“Бодь интернэшнл” ХХК-ийн хэрэгжүүлж буй “ТНАЛТ” (Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв) төслийн БАГЦ 4 буюу Овоологч болон Овоолгоос тэжээгч /STACKER & RECLAIMER/ тоног төхөөрөмжүүдийг БНХАУ-ын “Huadian Caofeidian Heavy Industry” компанид үйлдвэрлэж байна.
Овоолгоос тэжээгч /RECLAIMER/ тоног төхөөрөмжийн хамгийн овор ихтэй хийцлэл буюу дамрыг БНХАУ-ын Tian bao Co.,Ltd-д салган үйлвэрлэж байгаа бөгөөд уг дамар нь 42м-ийн урттай, 5.75м диаметртэй цилиндр хэлбэрийн хийцлэл юм.
Төслийн хүрээнд нийт 2 ширхэг дамран тэжээгч үйлдвэрлэх бөгөөд эхний дамрын хийцлэлийг 3 сарын турш үйлдвэрлэн 2023 оны 8-р сарын 14-ны өдөр “Бодь Интернэшнл” ХХК-ийн хамт олонд амжилттай хүлээлгэн өглөө.
“Бодь интернэшнл” ХХК-ийн ТНАЛТ төслийн инженер техникийн ажилчид зургийн дагуу нарийн хэмжилтүүдийг хийж хүлээж авсан бөгөөд 2023 оны 8-р сарын 15-ны өдрөөс тээвэрлэлтийн ажилдаа орсон байна.
БНХАУ болон Монгол талын тээвэрлэлтийн ажлыг “Монспэд” ХХК бүрэн хариуцан ажиллаж байгаа ба 42м урттай дамрыг 3 хувааж ачихаар төлөвлөж байна. Овор хэмжээ ихтэй тул БНХАУ-д 6-8 ширхэг ЦДАШ /цахилгаан дамжуулах агаарын шугам/, 4-6 ширхэг хяналтын камер харин Монгол талд 4-6 ширхэг ЦДАШ-г холбогдох мэргэжлийн байгууллагуудаас зөвшөөрөл авч хүчдэлийг салгуулан доогуур нь тээвэрлэхээр төлөвлөж байна.
ТНАЛТ төслийн хүрээнд хийгдэж байгаа уг тоног төхөөрөмжүүд нь Монгол улсын түүхэнд анхны том оврын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл болон тээвэрлэлтийн ажил болж байгаагаараа онцлогтой юм. ТНАЛТ төслийн хамт олондоо эхний дамрын тээвэрлэлтээ аюулгүй, амжилттай гүйцэтгэхийг хүсэн ерөөе. Мөн дараагийн дамрын үйлдвэрлэл нь БНХАУ дахь үйлдвэрийн талбайд 60%-ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.