“Бодь Интерненшл” ХХК-аас хэрэгжүүлж буй Тавантолгойн Нүүрс Ачих Ложистикийн Төв (ТНАЛТ) төслийн төлөөлөл Төсөл хариуцсан захирал Т.Даваадалай, Тоног төхөөрөмжийн ахлах инженер О.Түвшинтулга, Автоматжуулалтын инженер Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажилчид 2023.10.13 – аас 2023.10.15 – ны хооронд Казахстан улсын Богатырь Комир ТӨХК-ийн уурхайтай танилцаж туршлага судаллаа.

Тус уурхай нь 1990 оноос хойш дотоодын болон ОХУ-ын нийт 10 гаруй цахилгаан станцуудыг эрчим хүчний нүүрсээр тасралтгүй ханган ажиллаж байна.

2020 оноос 2022 оны хооронд 196 сая еврогийн хөрөнгө оруулалтаар уурхайн бүтээмжийг сайжруулхаар шинэ төсөл хэрэгжүүлжээ.

Уг төсөл нь 2 ширхэг 2500тн/цаг болон 2 ширхэг 3000тн/цаг хүчин чадалтай хагас зөөврийн бутлуурын байгууламжууд, 11.5 км урттай туузан дамжуургын систем, тус бүр нь 5500тн/цаг хүчин чадалтай 2 ширхэг овоологч, 2 ширхэг овоологоос тэжээгч (Reclaimer), хос зам дээр ачилт хийх боломжтой 2 ширхэг вагонд ачих байгууламж, 67 ширхэг вагон чирэх чадалтай 5 ширхэг бүрэн автомат зүтгүүрээс (робот) бүрддэг байна. Тус төслийн нүүрсийг ангилан овоолж хольж ачих (ЦПТ- циклично-поточной технологи) тоног төхөөрөмж нийлүүлэх, инженерчлэх ажлыг БНХГУ-ын Thyssenkrupp гүйцэтгэсэн. Төсөл хэрэгжсэнээр жилд 32 сая тонн нүүрсийг олборлодог байсныг 50 сая тонн болгон нэмэгдүүлжээ.

Нүүрс холих менежментийг нэвтрүүлснээр ил уурхайгаас олборлосон 28-60%-ийн үнслэгтэй 3 өөр давхаргын нүүрсийг хольж тогтмол 42%-ийн үнслэгтэй нүүрсээр хэрэглэгчдийг хангах боломжтой болжээ.