Бодь Интернэшнл ХХК-ийн хариуцан хэрэгжүүлж байгаа Тавантолгойн Нүүрс Ачих Логистикийн Төв төслийн хүрээнд БНХАУ-ын “China Huadian Engineering Group” компанийн салбар болох “Huadian Caofedian Heavy Industry Col.,Ltd” компанид үйлдвэрлэгдэж байгаа ТНАЛТ төслийн Багц 4 буюу Овоологч болон овоолгоос тэжээгч тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн хүлээн авах туршилтын тест, тохируулга, бусад ажил хэргийн уулзалтад ТНАЛТ төслийн барилга угсралт хариуцсан захирал Б.Ганболд, Техник харилцааны мэргэжилтэн Т.Тодбилэг нар биечлэн оролцоод ирлээ.
Уг ажлын хүрээнд “Huadian Caofedian Heavy Industry Co.,Ltd” компанийн салбар болон гэрээт үйлдвэрүүдэд туршилт тохируулгын ажлууд хийгдсэн бөгөөд 2023.10.22-11.01-ний өдрүүдэд БНХАУ-ын Далиан хот дахь “Dalian Baiyuan Technology Co.,Ltd” компанид нам хүчдэлийн цахилгаан, автоматжуулалтын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн хүлээн авах туршилтын ажил, Шанхай хот дахь “Shanghai Yongjei Hydraulic & Pneumatic Co.,Ltd” компанид гидравлик системийн үйлдвэрт овоологчийн гидравлик системийн үйлдвэрлэлийн туршилт тохируулгын ажлууд хийгдэж үйлдвэрлэлийн чанар, тоног төхөөрөмжийн ажиллагааг газар дээр нь баталгаажууллаа.
Энэ удаагийн ажлын өөр нэг гол зорилго нь эдгээр нарийн хийцлэл, ажиллагаа бүхий тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэлийн туршилтад оруулж хүлээн авахын сацуу, тээвэрлэлтийн үед амархан гэмтэх эмзэг тоног төхөөрөмжүүдийг гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор сав баглаа боодлыг өөрсдийн хяналтын дагуу маш сайн хийлгэснээрээ төслийн хугацаа, зардлыг нэмэгдүүлэх учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж байгаагаараа онцлогтой юм.
ТНАЛТ төслийн инженерүүд БНХАУ-ын Tangshan хотын Caofedian дүүрэгт байрлах “China Huadian Engineering Group” компанийн хүнд үйлдвэрээр зочлохын сацуу тэдний хэрэгжүүлсэн далайн эргийн боомт дээр нүүрсийг буулгах, ангилан холих, усан онгоц руу тээвэрлэх иж бүрэн системийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судалсан байна. Уг төслийн бүх тоног төхөөрөмжүүдийг ТНАЛТ төслийн багц 4-ийн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэж байгаа “Huadian Caofedian Heavy Industry Co.,Ltd” компани хариуцан үйлдвэрлэж, угсарч хүлээлгэн өгчээ. Tangshan хот дахь нүүрс тээвэрлэлтийн энэхүү нүсэр байгууламжийн төсөл нь ТНАЛТ төслийн тоног төхөөрөмжтэй ижил төстэй учраас тоног төхөөрөмжийн угсралт, туршилт тохируулга, ашиглалт, засварын үед авах арга хэмжээний талаар маш сайн туршлага болж чадсан байна. Дашрамд дуулгахад тус компанийн хүнд үйлдвэр нь бүх төрлийн өндөр хүчин чадлын салхин сэнс, 3500-6500 тонн/цагийн хүчин чадалтай нүүрс овоологч, тэжээгч төхөөрөмж, 6000-7000 тонн/цаг хүртэлх хүчин чадалтай усан онгоцонд нүүрс ачих, боомтын чингэлэг ачилтын аварга том төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг БНХАУ-д дээгүүрт тооцогдох, нэр хүндтэй компани юм байна.
Мөн ТНАЛТ төслийн Багц 4-ийн тоног төхөөрөмжүүдийн үйлдвэрлэл дуусаж байгаатай холбогдуулан төсөлд нийлүүлж байгаа тоног төхөөрөмжийн ашиглалт болон засварын гарын авлагын талаар санал солилцож, гэрээний техникийн шаардлагын дагуу гарын авлагыг ОУ-ын стандартад нийцүүлэн, өөрсдийн саналыг тусган авахаар 2 тал харилцан тохиролцжээ. Үүний зэрэгцээ Huadian компанийн борлуулалтын дараах хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж ирээдүйд хэрэглэгдэх сэлбэг хэрэгсэл, тэдгээрийг солих засварлах зэрэг ирээдүйн хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцсан байна.
Ийнхүү ТНАЛТ төслийн багц 4-ийн хүрээнд хийгдсэн энэ удаагийн БНХАУ дахь ажил хэргийн уулзалт, туршлага судлах аялал, үйлдвэрийн хүлээн авах туршилт тохируулгын ажил төлөвлөгөөний дагуу маш амжилттай хэрэгжиж зорилгодоо бүрэн нийцэж чаджээ.