“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Бодь Интернэшил” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Долгормаа нар хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
 
 
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Бөөрөлжүүтийн цахилгаан станц” төсөлд талууд хамтран ажилласнаар томоохон төслүүд, бүтээн байгуулалтуудыг эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ.
 
 
Төвийн бүсийн эрчим хүчний тав дахь эх үүсвэр болох Бөөрөлжүүтийн цахилгаан станцын бүтээн байгуулалтыг “Бодь Интернэшнл” ХХК-ийн охин компани болох “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК хэрэгжүүлж байна.
 
 
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний 150 МВт-ын блок 2024 оны аравдугаар сард, хоёр дахь 150 МВт-ын блок 2025 оны аравдугаар сард ашиглалтад орно. Тус цахилгаан станц бүрэн ашиглалтад орсноор Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай, бие даасан байдлыг сайжруулж, цахилгааны хязгаарлалтыг арилгах, импортын цахилгаан эрчим хүчний хэрэглээг бууруулах, нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр шинээр хэрэгжүүлэх томоохон төслүүдийг эрчим хүчээр хангах боломжтой болно.