Монгол Улсад анх удаа галт тэрэгний хөдөлгөөн дунд зогсолтгүй ачих, бүрэн автомат ажиллагаатай инженерийн байгууламж бүхий “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв”-ийг бүтээн байгууллаа.

Дэвшилтэд техник технологид суурилсан энэхүү логистикийн төв нь нийт дамжлагаараа цагт 3500 тонн, хоногт 64,000 тонн буюу жилд 20 сая тонн нүүрсийг бутлах, ангилах, холих, дамжуулахаас гадна 1 вагонд 60 секундэд ачилт хийх хүчин чадалтай.

Тавантолгойн бүлэг ордын уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар хурдан, хямд өртгөөр, байгальд ээлтэй, үр ашигтай тээвэрлэхээс гадна логистикийн үйлчилгээний нэмүү өртгийг шингээх стратегийн өндөр ач холбогдолтой төсөл хөтөлбөр юм.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдрийн “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 89 дүгээр тогтоолын дагуу 2022 оны тавдугаар сараас бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн бөгөөд 2024 оны тавдугаар сарын 27-ны өдөр ийнхүү ашиглалтад оруулж байна.

Энэхүү үндэсний хэмжээний томоохон цогцолбор төслийг бүтээн байгуулахад амжилттай хамтран ажилласан төслийн хөрөнгө оруулагч “Эрдэнэс Тавантолгой” ХК, захиалагч “Тавантолгой төмөр зам” ХХК, туслан гүйцэтгэгч байгууллагууд, гар бие оролцсон нийт баг бүрэлдэхүүн хамт олон та бүхэнд гүн талархал илэрхийлж, халуун баяр хүргэе!

Бодит Амжилтын Төлөө #БодьИнтернэшнл #БодьГрупп