Төмөр замын нэр томьёо, стандарт үг хэллэгийн тодорхойлолтуудын цуглуулга бүхий UIC төмөр замын толь бичиг нь 24 хэл дээр хөрвүүлэгдэн олон улсад ашиглагдаж буй бөгөөд төмөр замын нэр томьёоны албан ёсны эх сурвалж болдог.
Мөн энэхүү толь бичиг нь төмөр замын нэр томьёо олон улс даяар жигд, стандартчилагдсан байхыг баталгаажуулдаг.
Бодь Группийн тухайд 2023 оноос эхлэн энэхүү олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн UIC толь бичигт хамаарах Зүтгүүр, Вагон, Тээвэр зохион байгуулалт, Зам, Дохиолол холбоо гэсэн 5 чиглэлийн 17,000 нэр томьёо, үг хэллэгийг Монгол хэл рүү хөрвүүлэх ажлыг санаачлан хэрэгжүүлж байна.
Төмөр замын салбарын үг хэллэгийг нэгдсэн стандарттай болгож, олон улсын жишигт нийцүүлснээр манай улсын төмөр замын мэргэжилтнүүд дэлхийн төмөр замын системтэй илүү жигд хамтран ажиллах, интеграцчлахад тустай ба мэргэжлийн сургалт, боловсролыг дэмжих чухал ач холбогдолтой.
Түүнчлэн тодорхой бөгөөд тогтсон нэр томьёо нь төмөр замын үйл ажиллагаанд алдаа гаргах, буруу тайлбарлах эрсдэлийг бууруулж, үйл ажиллагааны үр ашиг, аюулгүй байдлыг сайжруулах юм.
UIC төмөр замын толь бичгийн хөрвүүлгийг Бодь Группийн инженерүүд, редакторын ажлыг Монгол Улсын зөвлөх инженерүүд, УБТЗ ХНН-ийн инженерүүд, Тээврийн дээд сургуулийн багш нар гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар төслийн гүйцэтгэл 80%-тай үргэлжилж байгаа ба Стандарт хэмжил зүйн газар боловсруулагдсан толь бичгийг баталгаажуулснаар тун удахгүй хэрэглэгчдийн гарт хүрэх юм.