Төв аймгийн Баян, Баянжаргалан сумдын нутагт байрлах Монгол Улсын анхны том чадлын станц болох “Бөөрөлжүүтийн цахилгаан станц” /2024.10.05/ ёслол төгөлдөр нээлтээ хийлээ.
 
Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн баригдаж буй тус станц нь төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдон цахилгаан эрчим хүчний хязгаарлалтыг бууруулах, түүнчлэн эрчим хүчний системийн тогтвортой, найдвартай, аюулгүй ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэх хамгийн орчин үеийн эх үүсвэр юм.
 
2024, 2025 онуудад ашиглалтад орох 300 МВт хүчин чадлын үед нийт 70 гаруй барилга, байгууламж барьж шинээр ашиглалтад оруулах бөгөөд суурилагдсан нэгж блокын хүчин чадал хамгийн том, утааны хэм дэх тоосны гарцыг 4 дахин багасгах Цахилгаан шүүлтүүр, Усны хаягдалгүй агаарын хөргөлтийн конденсатор, Монгол дахь анхны 220 килоВольтын [кВ] хийн хөндийрүүлэгчтэй хаалттай хуваарилах байгууламж, түлшний бүрэн шаталт явагдах эргэлтэт буцламтгай үет зуух зэрэг үр ашиг өндөр, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл хамгийн бага байх Монгол Улсад АНХНЫ гэх тодотголтой олон дэвшилтэт технологитой цахилгаан станц болж байна.
 
Цахилгаан эрчим хүчний том чадлын шинэ эх үүсвэр зайлшгүй шааардлагатай байгаа энэ цаг үед эхний блокоо ашиглалтад оруулж буй “Бөөрөлжүүт цахилгаан станц” нь цаашид үе шаттайгаар хэрэгжин нийт 600 МВт-ын суурилагдах хүчин чадалтай болно.
 
“Бөөрөлжүүт цахилгаан станц” 600 МВт-ын бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орсноор Цахилгаан станцад 540, уурхайд 500, нийт 1000 гаруй шинэ байнгын ажлын байр нэмэх, 2000 гаруй хүнтэй цомхон суурьшлын бүс байгуулагдах, түүнчлэн түүнд холбогдох төмөр зам, хатуу хучилттай авто зам, дэд бүтцийг барьж байгуулах зэргээр бүтээн байгуулалтуудыг цогцоор нь төлөвлөсөн бөгөөд орон нутгийн болон улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд олон эерэг нөлөөллийг үзүүлэх юм.
 
Энэхүү үндэсний хэмжээний томоохон цогцолбор төслийг бүтээн байгуулахад амжилттай хамтран ажилласан хамтрагч байгууллагууд, гар бие оролцсон нийт баг бүрэлдэхүүн хамт олон та бүхэнд гүн талархал илэрхийлж, халуун баяр хүргэе!