Хэнтий аймагт байрлах “Чингис хаан” аялал жуулчлалын цогцолбор болон байгаль, түүх, соёлын үнэ цэнтэй дурсгалт газруудыг “Google Maps”, “Google Street View”, “Google Business”-т байршуулах ажил эхэллээ.
Энэхүү төслийг “Монголд зочлох жил” арга хэмжээний хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол дахь Google-ийн баг Хэнтий аймгаас ажлаа эхлүүлэхээр замдаа гарлаа. Ийнхүү бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлж, орон нутгийн эдийн засагт нэмүү өртөг шингээх чухал алхам тавигдаж байна.
Бодь Группийн тухайд Google Maps дахь Монгол Улсын газрын зургийг шинэчлэх энэхүү төсөлд тогтмол дэмжлэг үзүүлсээр ирсэн. 2023-2024 онд төслийн багтай хамтран Улаанбаатар хотын гудамж, замын 360° зураглалыг шинэчилж, 4,028.8 км замын дагуу 750,360 панорама зураг авч Google Street View дэх нийслэлийн зураглалыг бүрэн шинэчилж байв.
Үүний үр дүнд Улаанбаатарын шинэ дүр төрх, бодит мэдээллийг дэлхий даяар цаг алдалгүй хүргэх боломж бүрдэж, Монгол Улсыг сурталчлах, жуулчдыг татах, бизнесийн орчныг өргөжүүлэх нөхцөл сайжраад байна.