Бодь Группийн хэрэгжүүлж буй Монгол Улсын эрчим хүчний шинэ эх үүсвэр болох Бөөрөлжүүт цахилгаан станцын 150 МВт-ын хүчин чадалтай хоёрдугаар блокийн барилга угсралт, туршилт тохируулгын ажил бүрэн дуусаж, төлөвлөсөн хугацаанаасаа сар гаруйн өмнө буюу 2025 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 8:00 цагаас эхлэн Төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдон цахилгаан эрчим хүчээ нийлүүлж эхэллээ.
Бөөрөлжүүт цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай эхний блок 2024 оны 12 сарын 26-нд ашиглалтад орсон бөгөөд хоёрдугаар блок 2025 оны өвлийн оргил ачааллын өмнө ашиглалтад орсноор нийт 300 МВт-ын хүчин чадлаар Монгол Улсын эрчим хүчний системд цахилгаан эрчим хүч нийлүүлж байна.
Бөөрөлжүүт цахилгаан станц 300 МВт хүчин чадлаар ажиллаж эхэлснээр Монгол Улсын 963 мянган айл өрхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг үйлдвэрлэн нийлүүлэх юм. Ийнхүү Бөөрөлжүүт цахилгаан станц эрчим хүчний хязгаарлалтыг бууруулж, салбарын тогтвортой ажиллагааг хангахад бодит хувь нэмэр оруулж байна.
Бөөрөлжүүт цахилгаан станцын гуравдугаар болон дөрөвдүгээр блокын барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
БӨӨРӨЛЖҮҮТ ЦАХИЛГААН СТАНЦ
