Дэлхийн төмөр замын салбарын хамгийн нэр хүндтэй Railway Gazette International сэтгүүл “Бодь Интернэшнл” ХХК-ийн амжилттай хэрэгжүүлсэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн талаар онцолсон юм. 

Тус сэтгүүлийн дугаарт “Бодь Интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Долгормаа улс орны эдийн засагт онцгой ач холбогдолтой тухайн төслийг гардан ажиллахад тулгарсан сорилт бэрхшээл, ололт амжилтын тухай ярилцсан ярилцлагыг бүрэн эхээр нь орчуулсныг хүргэж байна.

 

Эх сурвалж: https://www.railwaygazette.com/in-depth/interview-heavy-haul-line-expands-mongolias-rail-capacity/66100.article

 

Б.Долгормаа: Хүнд даацын төмөр зам Монгол улсын төмөр замын сүлжээг өргөтгөж байна

Сэтгүүлч: Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын төсөл хэрхэн амжилттай хэрэгжив? Төслийн барилга угсралтын ажлаас ямар сургамжтай зүйл гарсан бэ?

Б.Долгормаа: Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам нь Монгол улсын төмөр замын сүлжээг  өргөжүүлснээс гадна энэхүү төслийн барилгын ажлыг хэрэгжүүлж дуусгах, тээврийн үйл ажиллагаанд нь оруулж ашиглах сонирхол бүхий олон оролцогч талууд байдаг. Үүний нэг нь тус улсын ДНБ-ийн 1/5-ийг бүрдүүлдэг, 2022 оны байдлаар экспортын бүтээгдэхүүний үнийн 93.7%-ийг бүрдүүлж байсан уул уурхайн салбар юм. Экспортын коксжих нүүрс ба зэсийн хамгийн том 2 экспортлогч болох Тавантолгой ба Оюутолгойн уурхай нь тус төмөр замын шугам тавигдсан орон нутагт байрладаг учраас улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмэр үзүүлэх төмөр замын энэ төслийн томоохон оролцогч,  сонирхогчид юм. Монгол улсын засгийн газар 2023 онд 42 сая тонн нүүрсийг экспортлох төлөвлөгөөтэй байсан бөгөөд мөн оны 10-р сарын эцсийн байдлаар экспортолсон хэмжээ 52 сая тоннд хүрсэн ба оны эцэс гэхэд энэ үзүүлэлт 70 сая тоннд хүрч, давж биелэх боломжтой болоод байна. Одоогоор хүнд даацын авто тээвэр энэхүү тээвэрлэлтийн голыг нугалж байгаа боловч нүүрсний тээвэрлэлтэд төмөр замын тээвэр зонхилох үүрэг гүйцэтгэх ёстой гэдгийг тоо баримт харуулж байна. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам бүрэн хүчин чадлаараа ажиллах үед 2000 ажиллагсадтай болох ба тэдгээрийн ихэнх нь орон нутгийн иргэд байж тогтвортой ажил эрхлэх боломжоор хангагдана. Ийм ч учраас энэ төсөл нь оролцогч бүх талууд үр шимийг нь хүртсэн төсөл юм. Төслийн хэрэгжилтээс хүлээх өөр нэг үр дүн бол нүүрсний тээвэрлэлтийн өртөг зардал,  төмөр замын ашиглалтын хүчин чадлын хэмжээнээс хамааран, авто тээвэртэй харьцуулахад 3-аас 8 дахин хямдрах тооцоотой байдаг. Төмөр зам ашиглалтад орсноор Тавантолгойн уурхайн нүүрсний борлуулалт нь 2-оос 3 дахин нэмэгдэх, авто тээвэрт тохиолддог ослын тоо буурах, тээврийн үйл явцын сөрөг нөлөө болох агаар ба хөрсний бохирдол багасах тооцоололтой байдаг. Төмөр замын төслийн зураг төсөл боловсруулах, худалдан авалт ба барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгч “Бодь Интернэшнл” компани Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын төслийн ажлыг гэрээт хугацаандаа амжилттай хэрэгжүүлж дууссан. Энэ нь компанийнхаа үүсэж хөгжсөн 30 жилийн ойдоо бидний барьсан онцгой бэлэг болохоос гадна манай нийт ажилтан ажиллагсдын хувьд асар их урам зориг өгч, цаашдын ажлын алсын харааг өргөтгөн тэлсэн үйл явдал боллоо.

Сэтгүүлч: Барилга угсралтын ажилд ямар ямар хүндрэл бэрхшээл тохиолдож байсан бэ?

Б.Долгормаа: Бодь Интернэшнл ХХК-ийн хамт олон төмөр замын барилга угсралтын ажлын хэрэгжилтийн явцад олон тооны сорилтуудтай тулгарч байсан. Монгол улс төмөр замын өргөн цар хүрээтэй төслийг хэрэгжүүлэх мэдлэг туршлагаар дутмаг байсан. Том хэмжээний төслийг хэрэгжүүлэхэд тохиолдож болох бүхий л эрсдэлийг урьдчилан тодорхойлох, тооцох боломжгүй байдаг юм билээ. Түүнчлэн, зөвхөн дотоодын хүний нөөцийг ашиглан төмөр замын ийм том хэмжээний төслийг хэрэгжүүлж байсан туршлага Монгол улсад байгаагүй. 3.5 сая гаруй хүнтэй Монголчуудын хувьд аливаа том төслийг хэрэгжүүлэхэд хангалттай боловсрол, мэргэшил эзэмшсэн дотоодын  мэргэжилтнүүдийн хүчээр шийдвэрлэх боломж хомсоос гадна гадаадаас туршлагатай мэргэжилтэн, ажиллагсад авч ажиллуулах шаардлагатай болдог. Эхний үед төслийн багц ажлын ажилбаруудыг нэг бүрчлэн хэрэгцээ шаардлагыг нь тодорхойлох, хэрэгжүүлэх ажиллах хүчийг бүрдүүлэх нь томоохон сорилт болж байсан. Энэ нөхцөлд бид гаднын шаардлагатай мэдлэг туршлагыг эзэмшсэн зураг төсөлчид, инженер, барилгын ажилтнуудтай гэрээ байгуулж ажиллуулах шаардлагатай болсон. Өөрөөр хэлбэл төслийг амжилттай гүйцэтгэхийн тулд тухайлан бодож боловсруулсан, гэнэтийн өөрчлөлтөд зохицож чадахуйц уян хатан байдлаар ажиллах бололцоотой нөөцийн менежментийг хэрэгжүүлэх ёстой болсон юм.

Сэтгүүлч: Тоног төхөөрөмж ба нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдийг оруулж ирэхэд хэр хүндрэл бэрхшээл тулгарч байсан бэ?

Б.Долгормаа: Монгол улс дотооддоо төмөр замын барилга байгууламжийн барилга угсралтын ажилд шаардагддаг үндсэн материалыг үйлдвэрлэгч улс биш, төслийг хэрэгжүүлэх багц ажлуудын хэрэгцээт бараа материалуудыг шаардлагатай тоо хэмжээгээр, цаг хугацаанд нь нийлүүлэх дотоодын нийлүүлэгч ч байхгүй байсан. Ийм учраас бид зам төмөр, дэр бетон, бэхэлгээ гэх мэт төмөр замын барилгын үндсэн бараа материалуудыг болон дохиолол холбоо ба эрчим хүчний хангамжийн нарийн технологитой тоног төхөөрөмж, вагон ба зүтгүүрийг гадаад улсаас импортлон оруулж ирсэн юм. Бараа материал, тоног төхөөрөмжийг худалдан авч импортлон оруулж ирэх ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх нарийн төлөвлөгөө боловсруулж, түүнчлэн гадаад улс орны бизнесийн байгууллагуудтай түншлэлээ өргөжүүлсний хүчинд худалдан авалтын үйл ажиллагааг үр нөлөөтэйгөөр хэрэгжүүлж чадсан. Бараа материалын худалдан авалт, тээвэрлэлтийн үйл ажиллагааны бүх үйл явц Ковид-19 цар тахлын дэгдэлтийн туршид  болон түүний дараах үр дагавар үргэлжилсэн цаг үед тохиосныг онцлон хэлье.

Сэтгүүлч: Ковид-19 цар тахлын төслийн хэрэгжилтэд нөлөөлсөн сөрөг нөлөө юу байсан бэ?

Б.Долгормаа: Монгол улс бол газар зүйн байрлалын хувьд ОХУ, БНХАУ хоёр улсын дунд оршдог, тээвэр логистикийн хувьд хөршүүдээсээ ихээхэн хамааралтай улс юм. Энэ онцлог  бодит байдал дээр төслийн барилга угсралтын ажил дөнгөж эхлээд байхад дэлхийн бүх улс оронд дэгдсэн Ковид-19 цар тахлын дэгдэлт ба 2022 оны эхээр Европт үүссэн дайны нөхцөл байдлын үе тохиож онцгой эрсдэл үүссэн. Экспортын орлогын дийлэнх хувь нь уул уурхайгаас гардаг, гадагшаа чиглэсэн экспорт, тус улс руу чиглэсэн импортын бүтээгдэхүүний тээвэрлэлт Орос, Хятад гэсэн хоёрхон улсын нутаг дэвсгэрээр дамжин хийгддэг манай улсын тухайд Covid 19 ер бусын сорилт, хүндрэл дагуулж ирсэн. Эдийн засгийн өсөлтөд үзүүлсэн цар тахлын сөрөг нөлөөллийн ердөө ганц жишээ гэхэд БНХАУ, Монгол улсын засгийн газрууд өөр өөрийн улсад тогтоосон цар тахлын хатуу чанга дэглэмээс шалтгаалан Гашуунсухайт боомтоор БНХАУ-руу экспортолдог нүүрсний экспортын тээвэрлэлт нийт 701 хоногоор зогссон гэсэн тоо баримт байна. Гуравдагч улс орнуудад үйлдвэрлэж нийлүүлэгдсэн тоног төхөөрөмж хөрш орнуудын нутгаар дамжин Монгол улсад ирэхэд хүртэл ихээхэн хүндрэл учирч байсан цаг үе юм. Ийм бодит нөхцөл байдалд “Бодь Интернэшнл”-ийн инженер, техникийн ажилтан, ажиллагсад өөрсдөдөө хуримтлуулсан мэдлэг туршлагаа ашиглахаас гадна зарим нарийн төвөгтэй ажилбаруудад ажлын талбай дээр суралцах, ажиллаад алдаанаасаа цаашид суралцаад явах зэргээр зохион байгуулагдан ажиллаж чадсан юм. Шаргуу хөдөлмөр, зорилгодоо хүрэх хүсэл эрмэлзлийг эрхэм болгож өмнө нь чадахгүй, боломжгүй гэж үзэж байсан бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэж сурсан нь цар тахлын сөрөг нөлөөллийг бид харин ч эерэг ололт амжилт болгож чадсан туршлагыг өгсөн юм. Түүнээс гадна Орос, Украйны хооронд үүссэн дайн үед олон улс орнууд харилцан бие биедээ тавьсан хориг арга хэмжээ нь манай төслийн зорилгоор үйлдвэрлэгдэж нийлүүлэгдсэн тоног төхөөрөмж, зүтгүүрийн үйлдвэрлэл ба тээвэрлэлтийн төлөвлөсөн цаг хугацааг удаашруулж, хойшлуулах эрсдэл үүсгэсэн. Энэ нөхцөл байдалд манай компани тээвэр логистикийн ажлын үндэслэлтэй тооцоолол, хүний нөөцийн чадварлаг менежмент ба эрсдэлийн менежментийг зоригтойгоор хэрэгжүүлсэн зэрэг нь төслийн ажлыг цаг хугацаандаа хэрэгжихэд дорвитой үүрэг гүйцэтгэсэн. Тухайн үед манайхан гадаадын түншүүдтэйгээ олон сая долларын хэлэлцээрийг онлайнаар хийх, түүнээс гарч болох эрсдэл үр дагаврыг түншүүддээ бий болгосон итгэлд тулгуурлаж эрсдэлийг өөрсдөө хариуцах, бусад ажлуудыг газар дээр нь суралцах гэх мэт урьд өмнө нь огт хийж үзээгүй ажлуудыг хийж байсан. Тодорхой технологи, нарийн аргачлал эзэмшүүлэх сургалтын ажлыг хийж гүйцэтгэх ёстой гадаад улсын оператор, сургагч багш нар  цар тахлын дэглэмийн хорио цээрээс шалтгаалан Монгол улсад орж ирэх боломжгүй болсон учраас шинэ технологи тоног төхөөрөмжийг онлайн сургалтын модель ашиглан суралцаж нэвтрүүлсэн зүйл ч бий. Ийм байдлаар барилгын материал тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгч манай түншлэгчид Хойд Америкт ч бай, Хятадад ч бай, Орост ч бай тэдний байршлаас үл хамааран төслийн бүх л үйлдвэрлэгч, нийлүүлэгчидтэй харилцаа,  хамтын ажиллагаагаа өргөжүүлсний хүчинд энэхүү давагдашгүй хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулж чадсан.

Сэтгүүлч: Тавантолгой-Гашуунсухайт төслийн хэрэгжилтээс олж авсан сургамжтай зүйлүүдийг Монгол улс цаашид хэрэгжих томоохон төслүүдэд хэрхэн ашиглах боломжтой гэж бодож байна вэ?

Б.Долгормаа: Тавантолгой-Гашуунсухайтын төсөл бол Монгол улсын түүхэнд амжилттай хэрэгжсэн төмөр замын анхны Мега төсөл учраас энэ ажлаас бидэнд үлдсэн сургамжийг цаашдын ижил төстэй төслүүдэд ашиглах боломжтой гэж үздэг.  Ялангуяа төслийн санхүүжилт буюу дэд бүтцийн томоохон төслүүд нь томоохон уурхайн эзэмшигч байгууллагуудтай хамтран ажиллаж, эсхүл уул уурхайн бүтээгдэхүүний орлогоос санхүүжүүлэн улсын төсөвт санхүүгийн дарамт үзүүлэхгүйгээр хэрэгжүүлж болох юм гэдэг нь харагдсан. Ижил төстэй төслүүд гадаадын ажиллах хүчнээс ихээхэн хамааралгүйгээр дотоодын хүний нөөц, технологийг ашиглан хэрэгжих боломжтой гэдэг нь ойлгогдсон. Монгол улсад томоохон төслийг хэрэгжүүлэхэд EPC гэрээний нөхцөлийг бодит ажил дээр ашиглах, EPC гүйцэтгэгчийн эрх үүргийг хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээнд нь ойлгох хангалттай мэдлэг туршлага, инженерчлэлийн болон төрийн аудитын салбарынханд хангалтгүй байна. Түүнчлэн ерөнхий гүйцэтгэгч байгууллага нь төслийн менежмент ба санхүүжилтийн хангалттай мэдлэг, туршлага чадавх хуримтлуулсан нөхцөлд цаашид хэрэгжих зураг төсөл, худалдан авалт, барилга угсралтыг хэрэгжүүлэх, Түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээг амжилттай хэрэгжүүлэх боломжтой юм байна гэдэг нь EPC гэрээ хэрэгжүүлэх талаар бидний хуримтлуулсан практикч арга барил, туршлагаас харагдсан юм. Үүнээс гадна улс орны урт хугацааны дэд бүтцийн хөгжлийн бодлого чиглэлтэй байх, тэдгээрийг хэрэгжүүлэх улс төрийн тогтвортой байдал хангагдсан байх зэрэг нь аливаа мега төслийг амжилттай хэрэгжүүлэх үндсэн суурь болдог юм байна гэдгийг энэ төслийн түүхэн сургамж үзүүлсэн.

Сэтгүүлч: Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам нь цаг уурын хүнд нөхцөлтэй орчинд баригдсан. Үүнтэй зохицох барилгын ажлын зураг төсөл, барилга угсралтын ажлын онцлог нь юу байсан бэ?

Б.Долгормаа: Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын трасс нь говь цөлийн нутгаар дайран өнгөрдөг. Агаарын температурын хувьд зундаа +40, өвөлдөө -40 градусын хэлбэлзэлтэй, хавартаа байнга шороон шуургатай байдаг. Уг төмөр зам нь хааяа тохиох боловч ноцтой эрсдэл учруулж болох үер усны аюул болон дээр дурдсан нөхцөл байдалд саадгүй ажиллаж байхаар төсөллөгдсөн төмөр зам юм. Ерөнхийдөө бол төмөр зам тавигдсан газар нутаг нь жилдээ дунджаар 95 мм хур тунадас унадаг маш хуурай уур амьсгалтай нутаг юм. Жилийн ихэнх үед хуурай байдаг ийм газарт маш ноцтой үр дагавар авчрах хэмжээний гэнэтийн үер буудаг. Жишээ нь гэнэтийн үер буухад эрсдэлгүй гаргах тооцоон дээр л үндэслэж манай төмөр замын хамгийн урт гүүр болох 430 метр урттай гүүр гэхэд үзэгдэх урсгалгүй хуурай сайр дээгүүр баригдсан байдаг. Нийт трассын уртад 15 гүүр байрладаг ба трассын хойд хэсэгт үер уснаас хамгаалах даланг тусгайлан барьсан байдаг. Энэхүү далан нь 5.4 км урттай, хамгийн өргөн газраа ёроолын өргөн нь 51.6 метр, өндөр нь 4.3 метр байдаг. Иймэрхүү байдлаар газар шорооны асар их хэмжээний нэмэлт ажлуудыг хийх шаардлагатай болгосон. Түүнчлэн төмөр замын шугам нутгийн малчин иргэд малаа бэлчээдэг бэлчээр нутгийг дайран өнгөрдөг.  Энэ нутаг өөрөө олон төрөл зүйлийн зэрлэг амьтдын улирлын бэлчээрийн ба нүүдлийн нутаг юм. Иймд төмөр замын шугамын дагуу мал, амьтны 12 гарц гармыг хийж өгсөн байдаг. Эдгээр төмөр зам доогуурх гарцуудаар тэмээ гэх мэт том амьтад өөртөө аюулгүйгээр, төмөр замын хөдөлгөөнд саад болохгүйгээр чөлөөтэй гарах боломжтой байдаг. Эдгээр мал амьтны гарцын байршлуудыг зэрлэг амьтан судлаач эрдэмтэд болон нутгийн малчидтай хамтран ажиллаж хэлэлцэн тогтсон байдаг.

Сэтгүүлч: Тавантолгой-Гашуунсухайтын шугамаар хэдэн галт тэрэг аялж, хэр хэмжээтэй ачаа тээвэрлэж байгаа вэ?

Б.Долгормаа: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-д тооцоолсноор энэ төмөр зам нь жилд 30 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Хүчин чадлыг үүнээс ч цааш нэмэгдүүлэх боломжтойгоор төсөллөгдсөн зам юм. Бүрэн хүчин чадлаараа ажиллах үедээ  1 бүр нь 10 мянган тонн жинтэй галт тэрэг бүхий 12 хос галт тэрэг 2 чиглэлээсээ аялах ёстой.  Төслийн захиалагч Тавантолгой Төмөр Зам ХХК нь энэ төмөр замыг нүүрс тээврийн зориулалтаар ашиглах юм. 2023 оны байдлаар тус компани 1.9 сая тонн ачаа тээвэрлэсэн. Үүний 636 мянган тонн нь нүүрсний тээвэр байсан байна. Хүчин чадал нь одоогоор ийм хэмжээнд байгаа нь тус төмөр замын БНХАУ-ын төмөр замын сүлжээтэй холбогдох хил холболтын төмөр замын хэсгийн ажил эхлээгүй байгаатай холбоотой. Энэ холболтын төмөр замын хэсэг нь 7.1 км урттай, хос царигтай, нийт уртаараа 14.2км урттай зам байх юм. Энэ богинохон замын ажил нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын гэрээт ажлын цар хүрээнд ороогүй ажил боловч “Бодь Интернэшнл” компанийн зүгээс тус төмөр зам БНХАУ-ын төмөр замтай холбогдож бүрэн хүчин чадлаараа ашиглалтад ороосой гэж хүсэж энэ ажлыг гүйцэтгэх сонирхлоо илэрхийлж байсан юм.

Сэтгүүлч: Хятадын төмөр замын сүлжээ 1435 мм царигтай байхад түүнтэй холбогдох Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам яагаад 1520 мм-ийн царигтай байгаа юм бэ?

Б.Долгормаа: Одоогоор ашиглагдаж байгаа төмөр замын шугамтай холбогдох эсхүл огтлолцох төмөр замын царигийн өргөн нь 1520 мм байна гэж Монгол улсын төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод заасан байдаг. Төмөр замын царигийн өргөнийг тогтоох эрх бүхий байгууллага нь УИХ юм. Түүнээс гадна Монгол Хятадын хооронд төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн харилцан нэвтрэх, хөдлөх бүрэлдэхүүний аюулгүй байдал, засвар үйлчилгээний стандартыг харилцан зөвшөөрөх зэрэг хэд хэдэн асуудлууд, 2 талын гэрээ хэлэлцээрээр шийдвэрлэгдэхээр хүлээгдэж байгаа юм билээ. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын хувьд нэг талдаа дотоодын сүлжээтэй холбогдож байгаа, нөгөө талдаа Хятадын төмөр замын системтэй холбогдож байгаа. Энэ төмөр зам нь 1520 мм-ийн царигтай  ба хил холболтын төмөр зам нь Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замтай өргөн царигаар Хятадын төмөр замтай 1435 мм-ийн стандарт царигаар холбогдох юм. Зам Тээвэр Хөгжлийн Яамнаас мэдээлж байгаагаар хил холболтын төмөр замын ажил энэ сард эхэлнэ гэсэн ойлголттой байна.

Сэтгүүлч: Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын төслийг хэрхэн санхүүжүүлсэн бэ? Цаашид төмөр замын төслүүдийн санхүүжилт ямар байвал зүгээр гэж үзэж байна вэ? Энэ төсөлд Монгол улсын Засгийн газрын оролцоо хэр байсан бэ?

Б.Долгормаа: Төмөр замын төслийг нүүрсний борлуулалтын орлогоос санхүүжүүлэх шийдвэрийг Монгол улсын Засгийн газар 2019 онд гаргасан. Энэ шийдвэрийн дагуу Тавантолгой нүүрсний уурхайн эзэмшигч төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК төмөр замын төслийн барилга угсралтын ажлыг нүүрсний борлуулалтын орлогоос санхүүжүүлэх үүрэг хүлээсэн. Ингэснээр уурхайн эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” ХК, төслийн захиалагч “Тавантолгой төмөр зам” ХХК, төслийн EPC ерөнхий гүйцэтгэгч “Бодь Интернэшнл” ХХК зэрэг талууд 3-н талт гэрээ байгуулж төслийн санхүүжилтийг хэрэгжүүлсэн байдаг. Ер нь Монгол улс экспортын төмөр замын шинэ дэд бүтцийг барьж байгуулах санал санаачилга нь 2000-аад оны эхнээс үүдэлтэй. Тэр цагаас эхлэн уул уурхайн экспортын бүтээгдэхүүний орлогоос ихээхэн хамааралтай эдийн засаг бүхий, хөгжиж буй орон болох Монгол улсад төсөл хэрэгжүүлэх санхүүжилт бий болгох чиглэлээр ажилласан байдаг. Үүнд: тус төслийг төр хувийн хэвшлийн түншлэл хэлбэрээр, төрийн өмчийн төсөл хэлбэрээр хэрэгжүүлэх зэрэг оролдлогууд гарч байсан. Санхүүжилтийн хувьд төслийг Засгийн газрын гаргасан бондоор санхүүжүүлэх, төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх, Олон улсын банк санхүүгийн байгууллагаас зээлээр санхүүжүүлэх, нүүрсний борлуулалтын орлогоос санхүүжүүлэх зэрэг санхүүжилтийн олон хэлбэрийг хэрэгжүүлэх хэлбэрүүдийг ашиглаж үзсэн. Уг төсөл хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттайгаар барилгын ажил нь эхэлж байсан. Сүүлд уг төслийг Төр өөрийн мэдэлд авч төрийн өмчийн төмөр замын компани болох Монголын төмөр зам компанид хэрэгжилтийг шилжүүлж байсан үе бий. Энэ төсөл 2014 оны сүүлээр санхүүжилтгүй болж, улмаар барилгын ажил нь зогсож үүнээс хойш  5 жилийн туршид барилгын талбай хараа хяналтгүй орхигдож байсан түүх бий. Төслийн барилга угсралтын ажлыг сэргээн дуусгах шийдвэрийг Засгийн газраас 2019 онд гаргаж төслийн захиалагчаар Тавантолгой төмөр зам компани, түүний ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь Интернэшнл” ХХК ажиллаж энэ төслийг амжилттай гүйцэтгэж дууслаа. Товчхондоо энэ төсөл төрийн өмчит захиалагч ба төрийн санхүүжилтээр хэрэгжсэн төсөл юм. Төслийн санхүүжилтийн гэрээний дагуу төслийн барилга угсралтын ажлыг 30-н сард багтаан дуусгах ёстой боловч нүүрсний борлуулалтын орлогоос санхүүжих нийт санхүүжилтийг 60-н сарын хугацаанд жигд хувааж санхүүжүүлэх нөхцөлтэй байсан тул  “Бодь Интернэшнл” ХХК нь EPC гэрээгээр хүлээсэн ажил гүйцэтгэх үүргийн зэрэгцээ тодорхой хугацаанд төслийн барилга угсралтын ажлын ид оргил үед ажлын хурдац цар хэмжээг хангахуйц хэмжээний санхүүжилтийг өөрөөсөө гаргаж ажиллах шаардлага гарч байсныг дурдах нь зүйтэй. Иймд “Бодь Интернэшнл” ХХК барилгын ажлыг эрчимтэй үргэлжлүүлэхийн тулд төрөөс аливаа баталгаа гаргуулалгүйгээр, төсөвт нэмэлт дарамт учруулахгүй байдлаар эрсдэлээ үүрч нэмэлт санхүүжилтийг бий болгон ажиллаж байсан юм.

Сэтгүүлч: Ирэх 5-аас 10-н жилийн хугацаанд Монгол улсад төмөр замын ямар төслүүд хэрэгжихээр төлөвлөгдөж байгаа вэ? Үүнд “Бодь Интернэшнл” ХХК ямар үүрэг гүйцэтгэхээр байгаа вэ?

Б.Долгормаа: “Бодь Интернэшнл” ХХК энэ том төслийг хэрэгжүүлснээр суралцаж, хуримтлуулсан техникийн чадавх, арга барил, мэдлэг, мэргэжил туршлага ирээдүйн төслүүдэд ч үнэ цэнтэй байх болно гэдэгт эргэлзэх зүйлгүй. Иймээс Монгол улсын  Засгийн газраас баталсан “Алсын хараа – 2050  Үндэсний хөгжлийн бодлогын баримт бичиг”-т заасан томоохон дэд бүтцийн төслүүдэд оролцох нь бидний дунд хугацааны зорилт байгаа. Энэ бодлогын дунд хугацааны зорилтод заасан төслүүдэд баруун ба зүүн босоо төмөр замын төслүүд орж байна. Эдгээр нь Монгол улсаас ОХУ, БНХАУ-тай байгуулсан “Эдийн засгийн коридорын хөтөлбөр”-т дурдагдсан 30-н төслүүд дотор байгаа Олон улсын коридорын Монголын нутаг дэвсгэр дэх хэсгийг барьж байгуулах ажил юм.  

Сэтгүүлч: Үүнд нийслэл Улаанбаатар хотыг тойрон гарч байгаа төмөр замын төсөл орж байгаа юу? Энэ төслийн явц нь хэр байгаа вэ?

Б.Долгормаа: Төмөр замын гол шугам улсын нийслэлийг дайран гарч байгааг тойруулж гардаг болгох Богдхан төмөр замын төсөл гэж бий. Энэ төсөл нь Монгол улс ОХУ-ын Засгийн газрууд 50, 50-н хувийг эзэмшдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН төмөр замын шугамын гол замыг ингэж нэвтрүүлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл гэж ойлгодог. Түүнээс гадна нийслэл доторх авто замтай нэг түвшинд огтлолцдог олон тооны гарам бүхий төмөр замын хөдөлгөөн нь Улаанбаатар хотын авто замын түгжрэлд ихээхэн нөлөөлдөг байдлыг арилгахад чухал ач холбогдолтой юм. Харамсалтай нь энэ төслийн хэрэгжилт одоогоор тодорхойгүй хугацаагаар зогсолтын байдалтай байна. Тавантолгой-Гашуунсухайт төслийг хэрэгжүүлснээр манай компани менежментийн хангалттай ур чадварыг бий болгож хүний ба санхүүгийн нөөцийг бий болгож чадсан учир цаашид Монгол улсад төмөр замын дэд бүтцийн ямар ч том төсөлд EPC ерөнхий гүйцэтгэгчээр ажиллах боломж чадвар бүрдсэн.  “Бодь Интернэшнл” ХХК бол Бодь Группийн толгой компани юм. Группийн хэмжээнд бусад салбаруудад тухайлбал эрчим хүчний чиглэлээр төслүүдийг хэрэгжүүлж байгаа. Үүнд нийт 600 Мегаватт суурилагдсан хүчин чадал бүхий Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг дурдаж болно. Энэ цахилгаан станц нь эрчим хүчний нүүрсний томоохон уурхай ба уурхай дээр байрласан цахилгаан станцыг хөгжүүлэх цогц төсөл юм.

Сэтгүүлч: Монгол улсаас өөр гадаад оронд хэрэгжиж байгаа төсөлд “Бодь Интернэшнл” оролцож байгаа юу?

Б.Долгормаа: “Бодь Интернэшнл” ХХК-ийн инженер, менежер, техникийн ажилчдын мэдлэг ур чадвар, нөр их хөдөлмөрийн үр дүнд манай хамт олон урьдчилан тооцоолсон болон тооцоолох боломжгүй аливаа нөхцөл байдлыг даван туулж зорилгодоо хүрэх чадвар эзэмшсэн. “Бодь Интернэшнл” ХХК нь Монгол улсын төмөр замын салбарт инженерчлэл, барилга угсралтын чиглэлээр манлайлагч компани болсон гэж үздэг. Иймд бид олон улсын төслийн зах зээл дээр ч EPC гүйцэтгэгчээр ажиллах хэтийн зорилго тавьсан юм. Түүнээс гадна манай хамт олон төслийн менежер, зураг төсөл зохиогчид, инженерүүд, хууль ба гэрээ эрхзүйн мэргэжилтнүүд, чанарын менежмент ба чанарын хяналтын чадварлаг багуудтай учир инженерингийн зөвлөх үйлчилгээний чиглэлээр олон улсад ажиллах боломжтой гэж харж байгаа. Энэ бүгд нь Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын төслийг хэрэгжүүлсний бодит үр дүн юм.