“Тавантолгой-Гашуунсухайт” төмөр замын цогцолбор төслийн хэмжээнд нэвтрүүлсэн шинэ дэвшилтэт технологи, инновацад суурилсан программ хангамж, системүүдийг Төмөр Замын Дээд Сургуулийн оюутнуудад танилцуулах, хэрхэн ашиглах, удирдах аргачлалын талаар сургах нээлттэй семинар хичээлийг “Бодь Интернэшнл” компанийн инженерүүд хүргэлээ.

Энэхүү сургалтыг Судалгаа Хөгжүүлэлтийн R&D төвд байршуулсан орчин үеийн лабораторийн тоног төхөөрөмжүүдийг ашиглан танилцуулсан ба оюутнууд заавал орон нутагт, төмөр замын талбайд очиж дадлага хийхгүйгээр УБ хотдоо суралцах, дадлагажих боломжийг олгож байгаагаараа давуу талтай.

Түүнээс гадна оюутан сурч байх хугацаандаа төмөр замын сүлжээнд шинээр нэвтэрч буй шинэ технологиудтай танилцаж суралцсанаар төгсөөд шууд ажлын байранд гарахад шинэ систем, технологиудын талаар бүрэн мэдээлэлтэй, бэлтгэгдсэн боловсон хүчин байх суурь нь болж байгаа юм. Мөн тэр дундаа Ачааны вагон, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хянах хяналтын систем, төмөр замын хориглолын системийн талаар вагон, зүтгүүрийн ангийн оюутнуудад танилцуулсан нь сургалтын нэг үр дүн боллоо.

“Бодь Интернэшнл” компанийн тухайд өнгөрөгч 2 дугаар сард ТЗДС-тай Хамтран Ажиллах Санамж Бичгийг байгуулсан бөгөөд цаашид төмөр замын мэргэжлээр суралцаж буй оюутнуудад орчин үеийн дэвшилтэт системүүдийг мэдэж авах, суралцах боломжуудыг нээж өгөх чиглэлд хамтарч ажиллана.