ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН 1-Р ЗЭРЭГЛЭЛИЙН УУЛЗВАРГҮЙ ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ИБУИНВУ-ЫН ПАНДРОЛ КОМПАНИЙН ГАГНУУРЫН ТЕХНОЛОГИ НЭВТЭРСЭН НЬ


             Төмөр замын үүсэл хөгжил, түүхэн товчоон

1930-аад оны сүүлийн хагаст улсын эдийн засагт гарсан томоохон өөрчлөлтүүдийн үр дүнд 1934 онд Улаанбаатар хотод Аж үйлдвэрийн комбинат, төв цахилгаан станц зэрэг том үйлдвэрийн газрууд байгуулагдсанаар дотоодод төмөр зам тавих онц шаардлагатай болжээ.

УБ-Налайх хооронд 1936.10.09-нд нарийн төмөр зам байгуулах тухай тогтоол гарч 1937 оны зунаас төмөр зам барих ажлыг зөвлөлтийн цэргийн барилгачид эхэлжээ.

Манай улсын анхны төмөр замаар галт тэрэгний хөдөлгөөнийг 1938 оны Ардын хувьсгалын 17 жилийн ойн баярыг тохиолдуулж нээсэн байна. Энэ замыг тавьснаар УБ-Налайхын хооронд нүүрс тээвэрлэж байсан олон тооны автомашиныг чөлөөлж улс ардын аж ахуй, батлан хамгаалахын хэрэгцээнд шилжүүлэх бололцоо гарчээ. Анхны төмөр зам нь 43 км урттай байсан бөгөөд манай улсын тээврийн хөгжлийн түүхэнд шинэ хуудас нээсэн юм.

1939 онд Соловьевск-Баянтүмэнгийн хооронд 237 км урт өргөн царигийн анхны төмөр замыг зөвлөлтийн цэргийн барилгачид барьж ашиглалтад оруулжээ. Наушкаас УБ хүртэлх өргөн төмөр зам барих ажил 1947 оны 9 сараас эхэлсэн. Энэ ажил 2 жил үргэлжилж 400 км замыг барьж дуусгасан байна.

1949 оны 11-р сарын 7-нд хуучнаар Октябрын баярын өдөр анхны галт тэрэгний цуваа Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж ёслол төгөлдөр хүлээн авчээ.

1953 оны 2-р сарын 8-нд Зөвлөлт-Монголын засгийн газрын хоорондын хэлэлцээрээр         УБ-аас Замын-Үүд хүртэл төмөр замыг ЗХУ өөрийн хүч хөрөнгөөр барьж байгуулахаар тохиролцсон байна. Энэ ажил 1953 оноос эхэлж 1955 оны эцсээр дуусаж 700 гаруй км урттай төмөр замыг хүлээлгэн өгсөн байна.

Ийнхүү Монголын умард хилээс өмнөд хил хүртэл 1111 км урттай, өргөн царигийн төмөр замтай болжээ. Уг замын трассын туршид 508 гүүр, 35 өртөө зөрлөг, 5 депо, Улаанбаатарт төв буудал барьснаас гадна, орон сууцны хороолол, эмнэлэг, сургууль, гуанз, дэлгүүр, клуб бүхий олон тосгон суурин бий болсон. Улмаар 1958 онд Хонхор Налайхын 13,5 км, Төв цахилгаан комбинат Мах комбинатын 5,9 км урттай салаа зам тус тус ашиглалтад оржээ.

1963 онд Дархан Шарын голын 63 км урттай төмөр зам ашиглалтад орсон.

Салхит-Эрдэнэтийн зэс молибдений уурхай хүртэл 200 шахам км шинэ төмөр замыг 1973 онд барьж байгуулан Олон улсын галт тэрэгний үйлчилгээ бий болсон байдаг. Түүнээс хойш 21-р зууны эхэн хүртэл Болд төмөр Ерөө гол ХХК-ийн барьж байгуулсан Баянголын 90 км төмөр замаас бусдаар Монгол улсын төмөр замын салбарт томоохон бүтээн байгуулалт хийгдээгүй ба олон улсын төмөр замын шинэлэг технологи нэвтрээгүй даруй 20-30 жил өнгөрсөн байв. 

            Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт

Харин Монгол Улсын эдийн засаг, нийгэмд онц чухал ач холбогдол бүхий Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт нь 21-р зууны Монгол Улсын зам тээвэр, ялангуяа төмөр замын тээврийн түүхэнд шинэ хуудас нээсэн үйл явдал болсон юм.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн уулзваргүй төмөр зам нь  234 км урт гол зам, хоёр өртөө, зургаан зөрлөгтэйгөөр хийгдсэн. Тус төмөр зам ашиглалтад орсноор нэг жилд 30-50 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсийг тээвэрлэн экспортолж, улсын төсөвт дунджаар 44 сая ам.долларын татварыг төвлөрүүлж, Тавантолгой уурхайгаас Ганцмод боомт хүрэх экспортын нүүрс тээврийн өртөг 47 ам.доллароос 12 ам.доллар болж  буюу тонн тутамд 4 дахин бууруулах, 2,000 илүү байнгын ажлын байр нэмэгдэх, байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллүүдийг багасгах зэрэг тооцоо бүхий нийгэм, эдийн засагт үр өгөөж өгөх чухал ач холбогдолтой төмөр замын тээврийн дэд бүтэц юм.

             Уулзваргүй төмөр зам

Тавантолгой – Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь  ТЭЗҮ-д боловсруулан тооцсон үндэслэл тооцоо, “MNS 6229:2021 1520 мм царигтай төмөр зам. Техникийн ерөнхий шаардлага” стандартад заасан 1-р зэрэглэлийн төмөр замын үзүүлэлтүүдийг хангахын тулд хийгдсэн уулзваргүй төмөр зам юм.

Уулзваргүй төмөр замыг уулзвартай  төмөр замтай харьцуулан үзвэл  ашиглалтын явцад уулзварын хэсэгт үүсдэг гэмтлийн тоог 70 орчим хувиар бууруулж, түүгээрээ ашиглалтын үеийн өртөг зардлыг ихээхэн бууруулдаг онцлогтой. Дуу чимээ бага, намуун дөлгөөн байдлыг хангасан. Уулзварын хавчаар, боолт хэрэглэхгүй тул металлын орц багассанаар дээд бүтцийн угсралтын материалын өртөг зардал хямдардаг. Төмөр замын ашиглалтын үед засвар үйлчилгээ хийх цаг бага шаарддаг ба ингэснээрээ засварт зарцуулах цаг хугацааг хэмнээд,  тээвэрлэлтэд зориулагдсан цагийг нэмэгдүүлдгээрээ эдийн засгийн өндөр өгөөжтэй гэх мэт олон давуу талтай юм.

Уулзваргүй төмөр зам  нь үйлдвэрлэлээс гарсан 25 м урттай зам төмрийг холбон гагнаж     800-1000 м уртасгасан гулдмай үүсгэж, түүнийгээ тусгай вагоноор зөөвөрлөн талбайд авч ирэн гулдмайнуудыг хооронд нь холбож гагнах аргын тусламжтайгаар бий болдог. Иймд зам төмрийг холбон гагнах гагнуур нь уулзваргүй төмөр замын маш чухал ажилбарын нэг тул өндөр шаардлагын дор хийгдэж, шат дараалалтай олон хяналтын дараа баталгааждаг. Тухайлбал геометр үзүүлэлтийн үзлэг шалгалтыг талбайд хийж баталгаажсаны дараа үл эвдэх болон эвдэх сорилыг тодорхой давтамжтай, итгэмжлэгдсэн, хөндлөнгийн хяналтын лабораторид туршилт хийгдэж баталгааждаг. Уртасгасан гулдмай үүсгэхэд цахилгаан контактын гагнуурыг(flashbutt welding) ихэвчлэн ашигладаг бол суман шилжүүлгийн хэсэг болон уртасгасан гулдмайнуудыг холбоход Алюминотермитийн гагнуурыг (aluminothermic welding) түгээмэл ашигладаг.


             Алюминотермитын гагнуур

Тавантолгой – Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн 1-р зэрэглэлийн уулзваргүй төмөр зам барих ажлын хүрээнд томоохон гол ажлын нэг бол Алюминотермитын аргаар зам төмрийг холбож уртасгасан гулдмай үүсгэх болон уртасгасан гулдмайнуудыг холбох ажил байлаа. Алюминотермитын гагнуур нь тусгай металлыг хайлуулахад хангалттай халууныг ялгаруулах хөнгөн цагааны нунтаг болон төмрийн ислийн эксотермик химийн урвал дээр суурилан зам төмрийг хооронд нь гагнах арга болно.

Алюминотермит гагнуурын хайлах процессын үйл явц                        

Дэлхийн олон орны төмөр замуудад түгээмэл ашиглагдаж байгаа төмөр замын бэхэлгээний систем болон Алюминотермит гагнуурын үйлдвэрлэгч Их Британийн Пандрол компани нь Монгол улстай хамтарч цөөнгүй хэдэн  жил ажиллаж байгаа юм. Тус компани олон улсын төмөр замын салбарт хүлээн зөвшөөрөгдсөн өөр нэгэн инновацлаг бүтээгдэхүүнээ Монгол улсад нийлүүлснээр манай улсын төмөр замын салбар орчин үеийн төмөр замын үсрэнгүй хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг нэг алхмаар урагшлуулсан сайхан завшаан болсон юм.

Цаашилбал Пандрол брэндийн Алюминотермит гагнуур нь бусад ижил төрлийн гагнууруудаас материал болон ашиглагдах эд хэрэгслүүдийн хувьд нэг удаагийн хэрэглээнийх байснаараа гагнуурын чанар үлэмж хэмжээгээр сайжрах нөхцөлийг бүрдүүлсэн байв. Мөн урьдчилан халаах процесст ашиглагддаг тусгай төрлийн хийг агаараас шууд шүүж авах төхөөрөмжтэй байгаа нь эдийн засгийн хувьд зардал хэмнэсэн  гэх мэт давуу тал их байсан тул Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад хамтарч ажиллах гэрээг төслийн Ерөнхий гүйцэтгэгч Бодь Интернэшнл ХХК, Пандрол компанитай 2020 онд  байгуулсан. Гэрээний хүрээнд 1800 ширхэг гагнуур хийх иж бүрэн хэрэгсэл, материал худалдан авахаас гадна, гагнуурыг хэрхэн хийх аргачлал, арга зүйн сургалт авах төлөвлөгөөтэй байв. Энэхүү сургалтыг хэрэгжүүлэх, олон улсад Алюминотермитийн гагнуур хийх эрх бүхий гагнуурчдыг Монголд бэлтгэж авах нь манай төмөр замын салбарт анхны ийм төрлийн нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдийг бэлтгэж авах сайхан бололцоо гарч ирсэн хэрэг юм.

            Нарийн мэргэжлийн сургалтыг анх удаа онлайнаар

Гэвч сургалтыг эхлүүлэхийн яг өмнөхөн  цар тахал гарч хүнд нөхцөл байдал үүссэн.  Хэдийгээр гагнуурын багаж төхөөрөмж Монгол улсад ашиглагдах зорилгоор төслийн багт бэлэн байсан боловч тэдгээр багаж төхөөрөмжийг ажиллуулж зааж сургахаар төлөвлөгдөж уригдсан Их Британийн мэргэжилтнүүд хилийн хорио цээр тогтоогдсон асуудлаас шалтгаалан биечлэн ирж газар дээр нь ажлын талбайд сургалт явуулах боломжгүй болсон тул анх удаагаа ийм төрлийн сургалтыг онлайнаар зохион байгуулж, гагнуурчдыг бэлтгэхээс өөр хувилбаргүй болсон юм.

Тус онлайн сургалтад Бодь Интернэйшнл болон түүний туслан гүйцэтгэгч Инкон компанид ажиллаж буй долоон ажилтныг хамруулсан. Ингээд Их Британид төвтэй Пандрол компанийн гагнуурын мэргэжлийн баг гурван долоо хоногийн турш өдөр бүр долоон цагаар гагнуурын ажлын технологийг заав. Тухайлбал аюулгүй байдал, тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглах болон түүний онцлог,  гагнасан уулзварын геометр үзүүлэлтийг хангахад хэмжих хэрэгслийг хэрхэн ашиглах гэх мэт чухал чадварыг эзэмшүүлэхэд зорьсон болно.

Суралцагч ажилтнуудын сургалтын чанар олж авсан мэдлэгийг шалгах зорилгоор долоон ажилтан тус бүр туршилтын гагнуурыг гүйцэтгэж гагнуурын ажлуудыг Франц улс дахь Пандрол компанийн төв рүү илгээж чанарыг нь шалгасны үр дүнд нарийн мэргэжлийн гагнуурчны “түр гэрчилгээ” олгосон.

 Сургалтын үеэр хэв байрлуулж бэхлэх үйл явц

Ингэж Монголын хамгийн том бизнесийн байгууллагуудын нэг болох “Бодь Интернэшнл” ХХК  болон түүний туслан гүйцэтгэгч Инкон компанийн мэргэжилтнүүдэд захиалгат цахим сургалтын хөтөлбөрийг хүргэсэн юм.

Хил нээгдэж, Их Британийн сургалтын багийн гишүүд 2022 оны 06-р сард Монголд ажиллах боломжтой болж төслийн хүрээнд хийгдсэн гол зам болон өртөөний зам, суман шилжүүлэг дээр хийгдсэн гагнуурыг шалгаж, түүнчлэн суралцаж урьдчилсан гэрчилгээ авсан гагнуурчин тус бүрээр дахин гагнуур хийлгэж баталгаажуулсны үр дүнд эцсийн үнэлгээг өгч Пандрол компанийн “мэргэжлийн, Алюминотермит гагнуурчны эрх”-ийг олгосон юм.

Энэ сургалтаас сургагдаж бэлтгэгдсэн мэргэжлийн гагнуурчид, мэргэжилтнүүд Тавантолгой – Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн дээд бүтцийн угсралтын ажлын хүрээнд нийт 1800 ширхэг Алюминотермит гагнуурыг чанарын шаардлагыг бүрэн хангасан байдлаар амжилттай хийж ашиглалтад хүлээлгэн өгсөн түүхтэй.

Гагнуурын багийн ахлагч Т.Чинзоригийн

Гагнуурчны гэрчилгээ

Пандрол компаниас Алюминотермит гагнуурыг гүйцэтгэх технологи, мэдлэг, арга барилыг суралцаж, сурсан зүйлээ төслийн ажилд амжилттай хэрэгжүүлэн туршлагажсан манай гагнуурчдын баг дэлхийн аль ч улсын уулзваргүй төмөр замд Алюминотермит гагнуур хийх эрх бүхий анхны Монгол мэргэжилтнүүд болсонд манай сургалтын онцгой ач холбогдол оршино

Төмөр замын ахлах инженер Б.Содбаатар

БАРИЛГА УГСРАЛТ, ЧАНАР УДИРДЛАГЫН ХЭЛТЭС