Бодь группийн 30 жилийн ойг тохиолдуулан “100 ЗУУН МОД” төслийн хүрээнд Мод тарих өдөрлөгийг 2023.05.13-ны өдөр Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд Бодь группийн охин болон хараат нийт 8 компанийн хамт олон гэр бүлийнхээ хамтаар оролцож 6, 10 настай Шинэс, гацуур, голт бор, буйлс зэрэг 570ш мод ҮСАХ-ийн зүүн хойд хэсгийн 2,326 мкв талбайд тарилаа.

Мөн энэ өдөр Бодь группийн зүгээс ажилтнууддаа болон тэдний гэр бүлийн гишүүдэд нь зориулж олон сонирхолтой урлагийн үзүүлбэр, тоглоом, сонирхолтой бэлгүүдийг барьсан юм.

“100 зуун мод” төсөл нь жил бүр хэрэгждэг бөгөөд өнгөрөгч 2022 оны тухайд Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо сумдад тус бүр 100, 100ш 5 төрлийн мод тарьж, нутгийн иргэдэд мод арчилгааны талаар ойн инженер, байгаль хамгаалагч нарын зөвлөгөө, мэдээллийг өгч ажилласан байдаг.

Мөн өнгөрөгч 2022 онд уг төслийн хүрээнд Төв аймгийн Баянжаргалан сум, Гэгээн нуурын дэргэдэх 1.5 га газарт 5000 мод тарьсан. Ингэхдээ тарьсан модныхоо дэргэд иж бүрэн усалгааны системийг нь иж бүрэн шийдэж өгчээ.

Ийнхүү дээрх гурван байршилд таригдсан 5200 модны ургалтын явцад тогтмол анхаарал хандуулж, усалгаа, арчилгааг хийх нөхцөлийг бүрдүүлэн, хариуцах эздийг нь томилж ургуулсаар байгаа юм.

Учир нь аливаа мод таригдсан газартаа дасан зохицож ургах хүртлээ эхний 3-5 жил байнгын усалгаа, арчилгаа, бордоо, таналт шаарддаг. Тиймээс хэн? хэзээ? ямар хугацаагаар арчилж тордох вэ? гэдгийг сайтар тооцох нь чухал ач холбогдолтой гэдгийг төслийн багийнхан онцолж байв.

Энэ онд ч мөн адил дээр дурдсан жишгээр 570ш модыг “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК ирэх жилүүдэд тогтмол арчилгаа, усалгааг нь хариуцан тордож ургуулна.

Тарьсан мод нь 100 100-гаар өсөж арвижиж байхыг энэ төслийн нэр бэлгэдэж байгаа бөгөөд Бодь группийн тухайд хойчдоо нийгмийн хариуцлагын хөрөнгө оруулалтаа байгаль орчин, түүнийг сэргээхэд хандуулах ба “100 Зуун Мод” төслийг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэхийг зорин ажиллах юм.