ЦАРИГИЙН ТУХАЙ

Цариг

Цариг гэсэн үг ямар утга агуулдагийг Монгол бичгийн хураангуй толиноос ч, Төмөр Замын “Техник Ашиглалтын Дүрэм”-ээс ч олсонгүй. Гадаад хэлэн дэх материалаас орчуулбал: “Төмөр замын цариг бол төмөр замын зам төмрүүдийн хоорондхи зайг хэлэх бөгөөд зам төмрийн толгойн дотор хэсгийн зайны хооронд хэмжинэ” гэсэн байна. Германд бол Төмөр замын барилга, үйл ажиллагааны дүрмийн 5-р зүйлд “Зам төмрийн толгой хэсгийн дээрээс 0-14мм-ийн доод зайд хэмжинэ” гэжээ.

Хэмжээс. Хэмжээс Их Британий эзэнт гүрний хуучин хэмжих нэгжээр хэмждэг байсан бөгөөд сүүлд нь метрийн системээр нэрлэдэг болсон. Тийм хэдий боловч 19-р зуунд тухайн улсуудын өөрийнх нь хэрэглэдэг хэмжих систем нь тэр улсуудын царигийн сонголтод нөлөөлсөн.

Түүхээс. Төмөр зам хамгийн түрүүнд хөгжсөн Их Британий улсуудад 19-р зууны эхэн үед 1321мм, 1372мм, 1831мм, 1384мм, 1825мм, 1219мм, 1676мм, 1880мм гэх мэт янз бүрийн царигтай төмөр замууд үүссэн нь тэр үед нутгийн компаниуд зөвхөн өөрийн хэрэгцээнд зориулсан, бусадтай нийлэх, технологио хуваалцах сонирхолгүй байсантай холбоотой юм.

Хамгийн анхны зүтгүүрүүд бас янз бүрийн царигаар хийгдсэн байснаас, анхны өргөн дэлгэр хэрэглэсэн амжилттай зүтгүүр бүтээгч Жорж Стефенсон (Анхны зүтгүүр “Rocket”-ийг бүтээгч гэж түүхэнд яригддаг) Киллингвортын төмөр замд ажиллаж байсан учраас тэдний 4 тохой 8 инчийн цариг (1422 дараа нь 1435) маш их амжилт олсоноос “Стандартын” гэсэн цолыг авчээ.

Тэр үед инженер Брунел тогтвортой байдлыг илүү хангах зорилгоор 7 тохой (2134 дараа нь 2130) цариг гаргасан нь бас их дэмжигдсэнээс “Өргөн” гэсэн цолыг авчээ. Энэ үед 1435-ын англичууд гадаадад технологио экспортолсон бөгөөд “Өргөн”-чүүд тэднийг “Нарийн” гэж нэрлэв. Англи улсад нутагтаа “Өргөн” (2140мм) ба “Нарийн” (1435мм) талууд хүчээ аван хоорондоо өрсөлдөж эхэлсэн байна. Тэд улам томрон нэгдсэн системтэй болж байсан бөгөөд хоорондоо өрсөлдөн “Царигийн дайн” гэж нэрлэгдсэн зөрчлийг үүсгэсэн байна. Англи улс нэгдсэн улсыг хэрсэн төмөр замтай болох тусам царигийн зөрөө саад болж эхэлсэн учир (энэ үеэс “Цариг солих” гэсэн хэллэг гарсан) парламентаас эцэст нь шийд гаргаж 1435мм-ийг сонгосон ба дараахан нь Ирланд улс 1600мм-ийн царигийг сонгож авав.

1843 оны Глоучестер дахь эд бараа шилжүүлэн ачих бужигнааны тухай англи зураг

Оросууд төмөр зам байгуулах явцдаа тэдэнд тусалж байсан америк инженерүүдийн зөвлөснөөр АНУ-гийн өмнөд мужид хэрэглэж байсан 5 тохой, 5 инчийн (1524мм) цариг сонгоод өөртөө бүх орон даяар нэвтрүүлсэнээр дотооддоо олон царигийн зовлон нэг их амсаагүй байна. Оросын анхны төмөр зам 1829мм царигаар баригдсан байдаг. 1970-аад онд ЗХУ 1524мм-ийг тэгшилж 1520мм рүү хөдлөх бүрэлдэхүүн солилгүй шилжсэн бөгөөд энэ шийд яагаад гарсан, ямар үр дүнд хүрсэн мэдээлэл байхгүй боловч хос дугуйд элэгдэл гарсан гэсэн яриа байна.

Дэлхий даяар төмөр зам барих ажил өрнөх үед царигийн сонголт колоничлолтой нягт холбоотой байсан бөгөөд мэдээж колоничлогч улс колони орондоо царигаа нэвтрүүлж байлаа.

Зарим улс цэрэг дайны зорилгоор өөрийн царигийг сонгосон гэдэг яриа байдаг бөгөөд маш их царигийн сонголт, ялангуяа нарийн царигууд эдийн засгийн шаардлагаар сонгогдсон байдаг. Уулархаг газар, гүний уурхайн төмөр замууд нарийн цариг ихээр сонгодог нь замын профиль хүнд, тахир тойруу ихтэй, тиймээс янз бүрийн инженерийн байгууламж байгуулах нь их үнэтэй гэсэн шалтгаанаас болдог. Ер нь метрээс доош царигийн төмөр зам хямд баригддаг.

Адольф Хитлер 3м-ийн цариг шинээр гаргах судалгаа хийлгэж байсан байдаг. Манайд төсөлд ажиллаж байсан Австрали мэргэжилтнээс “Танайх яагаад олон царигтай байдаг юм бэ?” асуухад “Бүх төмөр зам тус тусдаа далай руу явсан, харин нэгийг нь Англи, дараагийнхыг Шотланд, сүүлийнхийг Уэльс мэргэжилтэн бариулсан. Тэд өөр өөрийнхөө царигийг хийчихсэн юм” гэж билээ.

Царигийн сонголт хийсэн шалтгаануудыг “Цэргийн” ба “Эдийн засгийн” гэсэн хоёр шалтгаанд үндсэнд нь хуваагаад байна. Эхний шалтгаан нь “дайсан” тухайн нутгийн төмөр замыг эзэлж аваад өөрсдийнх нь эсрэг ашиглах вий гэсэн болгоомжлолоос сонгогдоно. Хоёр дахь шалтгааныг дотор нь “Эдийн засгийн” ба “Санхүүгийн” гэж хувааж болох юм. “Эдийн засгийн” шалтгаан нь ихэвчлэн тухайн төмөр замыг
байгуулсан компани өөр компанид төмөр замаа ашиглуулах тун дургүй байсантай холбоотой байдаг. Трамвай явж буй замууд өөр өөр царигтай байсан зарим АНУ-гийн хотууд эдийн засгийн хямралын үед царигийн зөрөөний “гор”-ыг сайн амсч байжээ. “Санхүүгийн” шалтгаанд ихэвчлэн төмөр зам барихад зардал багатай нарийн цариг сонгогдсон байдаг нь нөлөөлнө. Нарийн царигтай хөдлөх бүрэлдэхүүн жижиг тойргоор элэгдэл багатай, эсэргүүцэл багатай явах бөгөөд дэр мод бага орж зам төмрийг хөнгөн хийж болдог. Хүнд нөхцөлд бага зайд эргэлт тойруу хийж өгсөнөөр гүүр далан ухмал гэх мэт зүйлсийг хэмнэнэ. Энд нарийн цариг гэж яригдаад байгаа нь 1067мм-ээс доош царигийг хэлнэ.

Дэлхийд өргөн дэлгэрсэн чухал царигууд.

Дэлхийд хамгийн өргөн дэлгэрсэн 1435мм-ийн царигийг “Стандарт” гэж нэрлэдэг ба бусад царигийг түүнээс өргөн буюу нарийн гэж ангилах хандлага байдаг.

Өргөн царигууд:
1676мм “Энэтхэгийн өргөн цариг”. Өргөн дэлгэрсэн царигаас хамгийн өргөн нь. Энэтхэг, Пакистан, Бангладеш, Шри Ланк, Чили, Аргентин.

1668мм “Иберийн өргөн цариг”. Испани ба Португал улсын өөрийнх нь хэмжих системээс үүссэн.

1600мм “Ирландын өргөн цариг”. Ихэвчлэн Ирланд, Хойд Ирланд, Австрали Бразилийн зарим хэсэг. Германы Баден муж цэргийн сонирхлоор сонгоод дараа нь стандартад шилжиж бусадтайгаа нэгдсэн.

1524мм “Оросын өргөн цариг”. Орос, ЗХУ-д багтаж байсан улсууд, Финлянд, Монгол улсууд. Одоо 1520 болж өөрчлөгдсөн нь Финляндаас бусад улсад хэрэгжсэн. Замын уртаар бүх царигаас 2-р байранд орно. Манайхан өргөн цариг гэж нэрлэж хэвшиж байгаа нь зарчмын хувьд буруу юм. Гадаадынхны хэрэглэдэг албан бус хэллэг нь “оросын цариг”.

Стандарт цариг:
1435мм Тархалтаараа дэлхийн 60 хувийг эзэлнэ. Хятад, Хойд Америк тэр чигээрээ, төв өмнөд Америкийн зарим улсууд, Европын улсуудын их дийлэнх тал, өмнөд Солонгос ба Япон, Тайвань, Испаний хурдны замууд, Арабын улсууд.

Нарийн царигууд:
1067мм “Капын цариг”. Өмнөд Африк, Япон, Индонез, Филиппин, Австралийн зарим хэсэг, Шинэ Зеланд, өмнөд Америк, Африкийн зарим улсууд. Уртаараа 3-р байранд орно. Стандарт цариг луу шилжилт их байна.

1000мм “Метрийн цариг”. Бразил, Боливи, Аргентин, Чили, Африкийн улсууд, Энэтхэг, Вьетнам, Кампучи, Бангладеш, Тайланд, Малай, Мьянмар гм.

950мм “Италийн метрийн цариг”. Итали (байсан), Эритреа.

914мм “3 тохой, 3 инчийн цариг”. АНУ, НВУ, зарим элсэн чихэр тариалах газар, төв өмнөд Америкийн зарим улс.

750мм Герман, Швейцарь улсын зарим уулын ба үйлдвэрийн замд. Вагоныг аюулгүй хэрэглэж болохоор хамгийн нарийн цариг.

381мм-ийн царигийн ГТ-ний машинч засвар хийж байгаа нь
Үүнээс гадна маш олон төрлийн цариг ашиглагдаж байгаа ба байсан байна.

Цариг солих
Цариг өөр байх үед ерөнхийдөө өөр хөдлөх бүрэлдэхүүнүүд тус тусын замаар явах ба энэ ажлыг хөнгөвчлөх үүднээс янз бүрийн техникийн шийдлүүд хийгдэж, туршигдаж байна.

Ангилвал, цариг солих үйлдлийг:
1. Шилжүүлэн ачих
2. Хөдлөх бүрэлдэхүүний цариг шилжүүлэх
3. Олон царигийн замыг давхар тавих гэсэн аргуудаар шийдэж байна.

Шилжүүлэн ачихыг дотор нь “ачааг буулган дахин ачих”, “альтернатив шилжүүлэгч хэрэглэх” гэж хувааж болох юм.

Ачааг буулган дахин ачих. Суудлын галт тэргэнд зорчигчдыг нэг галт тэрэгнээс нөгөө рүү шилжүүлэн суулгах, ачаа бараанд гараар болон сэрээт машин, жижиг кран хэрэглэн нэг галт тэрэгнээс нөгөө рүү ачих гэх мэт аргууд.

Одоо манай шинэ төмөр замын төсөлд хэрэглэгдэх магадлалтай “нүүрсийг хөмрөх маягаар буулган овоолго үүсгээд өөр галт тэргэнд туузан дамжлагаар дамжуулан цамхаг бункерээс дахин ачих” өөрөөр хэлбэл төмөр замаас далайн тээвэрт шилжүүлэн ачих гадаадад хэрэглэдэг аргыг бас энэ хүрээлэлд оруулж болох юм. Их хэмжээний нурмаг ачааг шилжүүлэх энэ арга одоогоор энгийн техник хэрэгслээр манайд хэрэглэгдэж (ковш, гараар буулгах – Болд Төмөр Ерөө компаний Эрээний шилжүүлэн ачих байгууламж) байгаа ба богино хугацаанд их хэмжээний нурмаг ачааг шилжүүлэн ачихад дээр дурдсан боловсронгуй технологи шаардагдана.

Альтернатив шилжүүлэх хэрэглэх. Стандартаар зааж тохируулсан чингэлэг болон түүнтэй төстэй зөөж тавих сав ашиглах нь бас шилжүүлэн ачих нэг хэлбэр юм. Энэ аргыг хэрэглэсэн тохиолдолд өргөн кран маягийн техник (калмар, ямаан кран) нэмж шаардагдана. Японд бас царигийн зөрөө байдаг учир ачааны галт тэрэгт зориулан вагон дотор вагон буюу 1067мм царигийн вагоныг 1435мм-ийн царигтай вагон дотор оруулж тээвэрлэх концепт боловсруулагдаж байна.

Вагон дотор вагон. Том вагон дотроос жижиг вагоныг шууд сугалан авч байна

Хөдлөх бүрэлдэхүүний цариг шилжүүлэх аргыг дотор нь “автомат буюу явуут цариг солих”, “автомат биш буюу явах анги солих” гэж хувааж болох юм.

Автомат буюу явуут цариг солих. Энэ аргыг бас дотор нь хоёр хувааж болох бөгөөд “хос дугуйн ачаалалгүй” ба “хос дугуйн ачаалалтай” цариг солилт гэж болох юм. Хос дугуйн ачаалалгүй цариг солилтын хувьд Испаний “TALGO” фирмийн бүтээгдэхүүн Испаниас Франц руу холбогдох хурдны галт тэргэнд хэрэглэгдэж байна. Мэдээж хурд чухал учраас хурдны галт тэргэнд энэ арга хэрэгтэй байх нь ойлгомжтой бөгөөд тусгайлан зохион бүтээсэн хөндлөн тэнхлэгт шилждэг дугуйтай тэргэнцэрээр галт тэргийг тоноглож өгнө. Хос дугуй царигаа солих үедээ өнхрөх гадаргууны ачааллыг гүүшингийн гадна талын туслах тулгуурт шилжүүлнэ.

Швейцарьт уулархаг нутагт “метрийн цариг” хэрэглэдэг учраас бас Альпийн нурууны суудлын галт тэргэнд явуут цариг солих технологи хэрэглэх гэж байна. Испаний технологийг бодвол Швейцарийн царигийн зөрөө их учраас нэмэгдэл хүндрэлүүд үүсч байгаа юм. Жишээ нь 1000мм, 1435мм-ийн царигийн зорчигчийн вагоны хаалга, зорчигчийн тавцангийн өндөр нь өөр байгаа учраас цариг солихдоо вагоны арлын өндрийг бас өөрчлөх шаардлагатай болж байгаа юм.

“TALGO” цариг солих схем

Хос дугуйн ачаалалтай цариг солилт гэвэл Польш улсын “SUW 2000” технологи байх юм. Украйны хил дээр ийм технологийг хэрэглэхээр тавьсан байна.

Ачаалал дор цариг солих хос дугуй

Ачааны галт тэргэнд автомат цариг солих технологи хэрэглэдэг улсууд энд тэнд мэр сэр байдаг боловч сонирхол татахуйц хэмжээнд хүрээгүй байгаа юм.

Автомат биш буюу явах анги солих. Энэ арга нь бас дотроо “хос дугуй солих”, “тэргэнцэр солих” гэсэн хоёр төрөлд хуваагдана. Хоёр голтой вагон их хэрэглэдэг учраас Испани, Финляндад хос дугуй солих ажлууд хийгддэг байна.

Цариг солих гэвэл хамгийн түрүүнд Оросын цариг бусад царигтай уулзахад өргөн хэрэглэдэг тэргэнцэр солих технологи бүх хүний толгойд буудаг бөгөөд Эрээн болон Брестийн тэргэнцэр солих газрыг жишээнд хамгийн түрүүнд авах нь их байна. Энэ аргыг хэрэглэхэд бас нэг нэмэгдэл асуудлыг шийдэх хэрэг гардаг бөгөөд энэ нь цариг өөрчлөгдсөн үед бас автоугсрааны зөрөө гардагаас автоугсраа солих эсвэл автоугсраа
дамжуулах вагон хэрэглэх шаардлага гардаг байна. Энэ газруудад суудлын галт тэрэгний тэргэнцэр солилт хийгдэж цагийн алдагдал их гардаг учраас баруун Европынхонд энэ маш их “содон” байдаг. Тийм учраас ачааны галт тэрэгний тэргэнцэр сольдог Хятад-Казакстаны туршлагыг хүн нэг их мэдэхгүй байх хандлагатай. Хятад-Казакстаны хилийн ачааны вагоны цариг өөрчлөлтийг нурмаг ачааг буулган дахин ачих шийдлээр хийгээгүй нь тэнд салхи ихтэйгээр тайлбарлаж болох юм.

Орос – Хятадын хилийн Уссурийскийн тэргэнцэр солих ажиллагаа

Олон царигийн замыг давхар тавих. Ерөнхийдөө цариг зөрсөн бөгөөд газар багатай хот дотор хамгийн тохиромжтой гэж үзэгддэг, хэрэв царигийн зөрөө хангалттай их бол 3 зам төмөртэй хийж болох бөгөөд тэр зай хангалтгүй бол (жишээ нь Капын болон метрийн царигийн хооронд) 4 зам төмөр тавих шаардлага гарна. Бага зардалтай баригдах боловч зам, дохиолол холбооны засварын ажилд хүндрэл үүсгэх ба зарим газарт хурдны хязгаар тавих шаардлага гарах талтай.

Хос царигийн төмөр зам Швейцарь, Австрали, Аргентин, Бразил, Хойд Солонгос, Испани, Тунис, Вьетнамд байдаг. Хятад Вьетнамын хоорондын суудлын галт тэрэгний замын царигийн зөрөөний асуудлыг шийдэхдээ Вьетнамын нутаг дахь 1000мм царигтай замд нэг зам төмөр нэмж З зам төмөртэй болгосон мэдээ байна. Монголд 2011 онд болсон олон улсын төмөр замын семинарт оролцож байсан Вьетнам улсын төмөр замын удирдах ажилтан эмэгтэйтэй уулзаж “Нийслэл Ханойгоос Хятадтай холбогдох шинэ төмөр замын 2 чиглэлийнхээ царигийг яаж сонгов?” гэж асуухад “Ханойгоос шууд стандарт 1435мм цариг хойшоо 2 чиглэлээр явж хятад руу хил давна” гэж хариулж байсан юм.

Хятадын төмөр замын музейн хос царигтай зам

Цариг зөрөхөөс зугтсан арга. Словак улс “стандарт цариг”-тай боловч Кошицегийн төмөрлөгийн үйлдвэрт оросын төмрийн хүдэр хэрэгтэй байсан учраас 1963 онд оросын хилээс тэдний нутаг руу 88км оросын царигтай зам шууд тавьсанаар өнөөдөр хүртэл энэ зам өндөр ачаалалтай хэрэглэгдэж байна. Яг тийм зорилгоор 1979 онд тавьсан Польшийн нэг замаар оросоос польш руу төмрийн хүдэр, эсрэг чиглэлээр чулуун нүүрс зөөж байна. Словакийн Чоп өртөөнөөс Украйнаар дайран Румын лүү очсон зам байдаг байна. Словак Румын “стандарт 1435мм цариг”-тай Украйн “орос 1520мм цариг”-тай учир энэ зам Украйны нутгаар “стандарт цариг”-аар тавигдсан байна. Оросын нутгаас Балтийн улсуудаар хүрээлэгдэн тусдаа салсан Калининград хотоос Европ руу явахад Польшоор дамждаг учир “стандарт цариг”-ийн хэдэн зам Калининград хотын өмнөд вокзал руу очсон байдаг байна.

Царигийн ирээдүйн хандлага. Өнөөдрийн байдлаар царигийн нэгдмэл байдлыг хангах сонирхол хаа сайгүй байгаа учраас шинэ төмөр замыг цариг зөрүүлэхгүй хийх, аль болохоор стандарт цариг сонгох, метрийн нарийн царигуудыг стандарт цариг болгон өөрчлөх хандлага байна. Испани улс өөрийн өргөн царигийг стандарт цариг болгох асуудлыг судалж үзсэн бөгөөд 2007 оны судалгаагаар ийм ажил 2020 он хүртэл үргэлжилнэ гэж гарсан байна. Зардал босгох л ярвигтай байдаг бололтой. Европын улсууд улс дамжсан хурдны төмөр замаа царигийг нь нэгдмэл болгон стандарт царигаар тавьж байна. Шинэ төмөр замын төсөлд ажиллаж байгаа Герман компаний Литва мэргэжилтнээс “Танай Балтийн улсууд стандарт царигтай болсон гэл үү?” гэж асуухад “Тийм гарлагандаа гарсан мөнгө хаанаас олдох билээ дээ. Харин Балтийн 3 улсын хойд зүгээс Герман луу явах хурдны галт тэрэгний 1435мм царигтай төсөл хэрэгжүүлнэ. Санхүүжилт олох л чухал” гэж хариулж билээ.

 

 

Зүтгүүрийн ахлах инженер Ц.Лхагвасүрэн

ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ХЭЛТЭС