EPC ГЭРЭЭНИЙ СУБЪЕКТ БУЮУ ОРОЛЦОГЧ

Удирдтгал: EPC Сontract буюу EPC Гэрээг хэрэгжүүлэхэд хэд хэдэн оролцогч, эсхүл талууд оролцдог (Захиалагч, Гүйцэтгэгч, Хөрөнгө оруулагч, эсхүл Санхүүжүүлэгч, Туслан гүйцэтгэгчид, Төрийн эрх бүхий байгууллага гэх мэт ) бөгөөд эдгээр оролцогчид нь төслийг хэрэгжүүлэх, дуусгахад тус тусдаа тодорхой үүрэг гүйцэтдэг. Эдгээр оролцогчдын үр дүнтэй хамтын ажиллагаа, харилцаа холбоо нь EPC төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Гэхдээ энэ удаагийн судалгааны нийтлэлээр тэдгээр оролцогчдоос Захиалагч, Гүйцэтгэгчийн талаар судалж, Захиалагч, Гүйцэтгэгч гэж хэн болох, EPC Гэрээнд тэдгээрийн гүйцэтгэх үүргийн талаар товч танилцуулахыг хичээлээ.

Түлхүүр үг: EPC Гэрээ, Гүйцэтгэгч, Захиалагч .

1. EPC Гэрээний талаар товч. “EPC” гэдэг (Engineering, Procurement and Construction) нь Зураг төсөл, Худалдан авалт, Барилга угсралт гэх үгсийн товчлол бөгөөд Engineering, Procurement and Construction Contract буюу “Зураг төсөл, Худалдан авалт, Барилгын ажил гүйцэтгэх Гэрээ” (цаашид “EPC Гэрээ” гэх) нь Fédération Internationale Des Ingénieurs-Conseils (цаашид “FIDIC” гэх) буюу Олон Улсын Зөвлөх Инженерүүдийн Холбооноос боловсруулан гаргадаг жишиг гэрээний нэг юм. Уг гэрээ нь дэлхийн өнцөг бүрт дэд бүтэц, эрчим хүчний төслүүд, ялангуяа төслийн санхүүжилт бүхий томоохон төслүүдэд ихээхэн ашиглагддаг гэрээ юм. EPC Гэрээ нь эрсдэлийг бууруулж, удирдах хэрэгсэл болж чаддаг төслийн гэрээ бөгөөд тус гэрээ нь барилгын бүх үе шатны эрсдэлийг гүйцэтгэгчид шилжүүлэх зорилготой боловсруулагдсан гэрээ юм3. Өөрөөр хэлбэл EPC Гэрээний гүйцэтгэгч төслийн зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын бүхий л ажиллагааг хариуцах замаар төслийг амжилттай хэрэгжүүлэх явцыг оновчтой болгох, ингэснээр үр ашигтай гүйцэтгэлийг хангахад оршино.

2. EPC Гэрээний оролцогч талууд. EPC Гэрээнд оролцогч талууд нь төслийн захиалагч, төслийн гүйцэтгэгч болон зарим тохиолдолд инженер (техникийн туслалцаа үзүүлэх, хяналт тавих) байна. EPC Гэрээний захиалагч (цаашид “Захиалагч” гэх) нь төсөлд тавигдах шаардлага, гүйцэтгэгчийн ажилд хяналт тавих, төлбөр тооцоо хийх, төслийг тохиролцсон нөхцөл, болзлын дагуу дуусгахыг баталгаажуулах үүрэгтэй бол гүйцэтгэгч (цаашид “Гүйцэтгэгч” гэх) нь EPC Гэрээгээр төслийн зураг төсөл боловсруулах, шаардлагатай тоног төхөөрөмж, бараа материалыг худалдан авах, барилга угсралтын ажлыг төслийн шаардлага, хуваарийн дагуу хийж гүйцэтгэнэ. Харин EPC Гэрээний инженер нь техникийн туршлага зөвлөгөөгөөр хангаж, зураг төслийн баримт бичгүүдийг хянаж, төслийн хэрэгжилтэд хяналт тавьж, техникийн асуудлыг шийдвэрлэхэд туслах үүрэг гүйцэтгэдэг байна.

EPC Гэрээг ихэвчлэн Захиалагч болон Гүйцэтгэгч нь өөр өөр улс бүхий олон улсын төслүүдэд хэрэгдэгдэг. Учир нь ихэнх томоохон дэд бүтэц, аж үйлдвэрийн төслүүд нь олон улсын хамтын ажиллагааны хүрээ, зорилгыг хамардаг тул төслийн Захиалагчид дэлхийн өнцөг, булан бүрээс арвин туршлага, чадвартай Гүйцэтгэгчийг эрэлхийлж байдаг. Гэсэн хэдий ч үндэсний, эсхүл олон улсын Гүйцэтгэгчийг сонгох эсэх нь төслийн мөн чанар, хамрах хүрээ, шаардагдах туршлага, төсөв, зардлын тооцоо, хууль, эрх зүйн болон бусад дүрэм, журмын зохицуулалт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж байдаг. Иймд хууль, эрх зүйн тогтолцоо, соёл иргэншлийн ялгаа, логистикийн зэрэг олон хүндрэл, сорилыг хил дамнасан төслүүдэд анхаарч үзэх шаардлагатай болдог.

Олон улсын буюу хил дамнасан EPC төслүүдээс дурдвал: БНБУ-д 2019 онд ашиглалтад орсон “The UTE Pamba Sul” 345МВт-ын хүчин чадалтай нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцын төслийг БНБУ-ын “Engie Brasil” компани нь БНХАУ-ын “Shangdong Electric Power Engineering Consulting Institute”-тай EPC Гэрээ байгуулж төслийн ажлыг хэрэгжүүлсэн. Үүнээс гадна 120 жилийн түүхтэй АНУ-ын “Betchel Corporation” нь газрын тос, байгалийн хийн салбарт дэлхийн хэмжээнд EPC үйлчилгээг үзүүлж ирсэн нэр хүндтэй компани юм. Мөн тус салбарын хоёр дугаарт БНСУ-ын “Hyundau Heavy Industries”Co.Ltd нь олон улсад EPC үйлчилгээ үзүүлдэг байна. Нэмж хэлэхэд, хил дамнасан буюу олон улсын төслийн хувьд холбогдох хууль тогтоомж, маргаан шийдвэрлэх механизмууд болон бусад шаардлагатай асуудлыг зохицуулах заалтуудыг EPC Гэрээнд зайлшгүй тусгаж өгдөг.

Дээр өгүүлсэнчлэн үндэсний, эсхүл олон улсын Гүйцэтгэгчийг сонгох эсэх нь тухайн төслийн олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл, Захиалагч болон Гүйцэтгэгчийн хэн хэн нь дотоодын, эсхүл аль нэг нь гадаад улсынх байх эсэхийг төслийн шаардлага, туршлага, төслийн нөхцөл байдалд хамаарах бусад хүчин зүйлд үндэслэсэн стратегийн шийдвэр гэж үзэж болно. Иймд EPC Гэрээнд Захиалагч, Гүйцэтгэгч хоёр заавал өөр, өөр улсаас байх шаардлагагүй (гэхдээ хил дамнасан төсөлтэй харьцуулбал маш цөөхөн). Тухайлбал: Нэг талаас АНУ-ын “Georgia Power” Compаny болон АНУ-ын “Powersecure Solar” LLC хооронд 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр EPC Гэрээ байгуулсан байдаг. Мөн Европ дахь хамгийн том дэд бүтцийн төслүүдийн нэг болох Их Британийн “Hinkley Point C” атомын цахилгаан станцын EPC Гэрээг Францын төрийн өмчит Их Британийн нэгдсэн эрчим хүчний компани болох “EDF Energy” болон Их Британий хамгийн том үндэстэн дамнасан компани болох “Liang O’Rouke” болон БНФУ-ын дэд бүтцийн барилгын компани нэгдэл консорциум болох “Bylor” -той байгуулсан байдаг.

3. EPC Гэрээний Гүйцэтгэгч. EPC Гэрээний Гүйцэтгэгч нь ихэвчлэн EPC Компани, эсхүл EPC Фирм гэж нэрлэгддэг бөгөөд зураг төсөл боловсруулах, худалдан авах үе шатаас эхлэн төслийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, ашиглалтад бэлэн болгон Захиалагчид хүлээлгэн өгөх хүртэлх үйл ажиллагааг нэг нэгдсэн гэрээний дагуу бүрэн хэмжээнд гүйцэтгэдэг байгууллага юм. Дээр дурдсанчлан тэдний үүрэг бол тодорхой төсөв, хуваарийн хүрээнд төслийг дуусгахын зэрэгцээ гүйцэтгэлийн тодорхой стандартыг хангах замаар төслийн Захиалагчийн эрсдэлийг буруулах явдал юм.

EPC Гэрээний Гүйцэтгэгчийн үүрэг нь зураг төсөл, худалдан авалт, барилга угсралт гэсэн гурван үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Жаахан дэлгэрүүлбэл, Зураг төсөл боловруулах үе шатанд Гүйцэтгэгч нь зураг төсөл боловсруулах үүрэг, хариуцлагыг хүлээх ба тэд ийнхүү зураг төсөл боловсруулахаас гадна, тэдгээр нь бүгд стандарт, шаардлагад нийцсэн байх шалгуурыг хангасан байхыг шаарддаг. Худалдан авалтын үе шатанд төсөлд шаардлагатай бүх материал, тоног төхөөрөмжийг худалдан авах ба ингэхдээ бүх шаардлагатай зүйлсийг зөв цагт, зөв үнээр, зөв чанартайгаар худалдан авахыг баталгаажуулдаг.

Барилга угсралтын үе шатанд Гүйцэтгэгч нь барилгын бодит үйл явцыг хариуцах ба ингэхдээ бүх ажиллах хүчийг зохицуулж, талбай дээрх үйл ажиллагааг удирдаж, барилын үйл явц төслийн төлөвлөөгөөнд нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллана.
EPC Гэрээний Гүйцэтгэгч болно гэдэг нэг алхамын үйл явц биш юм. EPC Гэрээний Гүйцэтгэгчээр шалгарахад дараах шалгуур үзүүлэлтийг ерөнхийд нь чухалчилна. Үүнд:
– Инженерийн болон барилгын чиглэлээр мэргэшсэн ихэвчлэн мэрэгжлийн эрдмийн зэрэгтэй байх;
– Барилгын төсөл дээр ажиллаж байсан олон жилийн туршлагатай байх;
– Найдвартай туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчдийн сүлжээг бий болгох нь мөн чухал бөгөөд энэ нь Гүйцэтгэгчийн худалдан авалтын үүргийн гол үндэс болдог;

– Нарийн төвөгтэй, олон үе шат бүхий төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд төслийн менежментийн мэдлэг, ур чадвартай байх;

-Аюулгүй ажиллагааны өндөр стандарт, сахилга баттай байх;
– Төслийн бүх үе шатанд чанарыг эрхэмлэдэг байх;
– Санхүүгийн тогтвортой байдал;
– Техник, технологийн чадавх зэрэг;

БНСВУ-ын Барилгын яамнаас гаргасан захирамжинд EPC Гэрээний Гүйцэтгэгчийн талаар нарийвчлан зохицуулалт хийж өгсөн байдаг ба тус баримт бичигт: “EPC Гэрээний Гүйцэтгэгч нь EPC Гэрээний ажлын цар хүрээний бүхий л ажлыг хийж гүйцэтгэх үйл ажиллгааны хангалттай хүчин чадалтай байх, үүнд: Зураг төсөл, тоног төхөөрөмжийн худалдан авалт, нийлүүлэлт, ашиглалтын үеийн сургалт болон барилга угсралтын ажил зэргийг хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу хийж гүйцэтгэдэг байх”-аар тодорхойлсон байна. Түүнчлэн, Гүйцэтгэгч нь EPC Гэрээний хүрээнд ажлын цар хүрээний 60%-иас дээш ажлыг дэд туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэхгүй байхыг заасан.

4. EPC Гэрээний Захиалагч. EPC Гэрээний Захиалагч (англи хэл: Employer, Owner or Client) гэж төсөл санаачлагч, барилга байгууламж барих шаардлагатай аж ахуйн нэгж, байгууллага байх бөгөөд энэ нь төрийн болон хувийн хэвшлийн аль ч байгууллага байж болдог. EPC Гэрээнд Захиалагч нь төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд үүгээр хязгаарлагдахгүй дараах үүрэг, оролцоотой байна. Үүнд:

Төслийн санаачлага ба алсын хараа. Төслийн Захиалагч нь ихэвчлэн төсөл санаачлагч байгууллага байдаг. Энэ нь хувийн компани, эсхүл төрийн байгууллага, эсхүл тухайн төслийг хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлагатай аливаа байгууллага байна. EPC Гэрээний Захиалагч нь төслийн зорилго, зорилт, хүрэх үр дүнг тодорхойлдог.

Санхүүгийн хариуцлага. Төслийн Захиалагч нь ихэвчлэн төслийн санхүүжилтийг хариуцдаг өөрөөр хэлбэл, тэд зураг төсөл, худалдан авалт, барилгын ажилд шаардлагатай хөрөнгө, санхүүжилтийг босгодог. Үүнд, төслийг бүхлээр нь төлөвлөх, шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлнэ.

Төслийн удирдлага. EPC Гэрээний Гүйцэтгэгч нь төслийн өдөр тутмын менежментийг хариуцаж ажил, үүргээ гүйцэтгэдэг бол Захиалагч нь төслийг цогц байдлаар удирддаг буюу төслийн ерөнхий менежментийг хариуцдаг. Үүнд, гол шийдвэр гаргах, төслийн гол үе шатуудыг батлах, төсөл нь байгууллагын ерөнхий зорилго, зорилттой нийцэж байгаа эсэхийг байнга хянаж, баталгаажуулна.

Хууль, эрх зүйн нийцэл. Хэрэгжүүлж буй төсөл нь тухайн улс орон, бүс нутгийн хууль тогтоомж, дүрэм журам, зохицуулалттай нийцэж байгаа эсэхэд EPC Гэрээний Захиалагч хяналт тавина. Үүнд, Засгийн газрын эрх бүхий байгууллагаас шаардлагатай зөвшөөрөл, гэрчилгээ, эсхүл тэдгээртэй адилтгах баримт бичгийг авах, төсөл нь байгаль орчин, аюулгүй байдал болон холбогдох бусад стандартыг дагаж мөрдөхийг баталгаажуулах зэрэг багтана.

Зураг төслийг батлах. Төслийн зураг төслийг батлахад Захиалагч чухал үүрэг гүйцэтгэдэг. EPC Гэрээний Гүйцэтгэгч зураг төсөл боловсруулах үүрэгтэй боловч Захиалагч нь тухайн зураг төсөл нь тэдний шаардлага, хүлээлтэд нийцэж байгаа эсэхийг хянаж, баталгаажуулна.

Оролцогч талуудын харилцаа холбоо. EPC Гэрээний Захиалагч нь хөрөнгө оруулагч, эсхүл санхүүжүүлэгч, Гүйцэтгэгч, төрийн байгууллага, болон бусад байгууллага, этгээд зэрэг олон тооны оролцогч талуудтай харилцаж, уялдаа холбоог хангаж ажилладаг.

Эрсдэлийн удирдлага. Төсийн Захиалагч нь хэрэгжүүлж буй төсөлтэй холбоотой аливаа эрсдэлийг тодорхойлж удирдахад оролцоно. Үүнд, эрсдэл бууруулах стратеги болон гэнэтийн нөхцөл байдлын төлөлөвлөгөө боловсруулахын тулд Гүйцэтгэгчтэй хамтарч ажиллана.

Эцсийн хүлээн авалт. Төсөл дууссаны дараа Захиалагч нь эцсийн үр дүнг хянаж үзэн, байгууламжийг хүлээн авахаас өмнө Гүйцэтгэгч нь EPC Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхийг баталгаажуулдаг.

Ерөнхийдөө EPC Гэрээний Захиалагч нь төслийг амжилттай дуусгахад шаардлагатай алсын хараа, санхүүжилт, хяналтыг бий болгож, төслийг хөдөлгөгч хүч болж өгдөг.

Товч дүгнэлт. EPC Гэрээний талаарх олон тодорхойлолтод: “EPC Гэрээ нь төслийн зураг төсөл, худалдан авалт, барилгын бүх үйл ажиллагааг Гүйцэтгэгч дангаар хариуцан үүгээрээ Захиалагчийн эрсдэлийг бууруулах зорилготой төслийн гэрээ” гэж тодорхойлсон байдаг. Харин төслийн Гүйцэтгэгчийн харьяаллын хувьд түүнийг гадаадын этгээд байх талаар шаардлагыг тодорхойлоогүй, түүнчлэн EPC Гэрээний Гүйцэтгэгчид тавигдах шаардлагад түүний чадамж, туршлагын талаар, гүйцэтгэх ажил, үүрэгтэй нь холбогдуулан шаардлага тавьсан байдаг боловч түүний үндэсний, эсхүл гадаадын этгээд байх талаар ямар нэг шаардлагыг тусгайлан заагаагүй байна.

 

Хуульч, Хууль зүйн ухааны доктор (Ph.D)  Д.Ундралсайхан  

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН АЛБА