Бодь Интернэшнл ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд “Google” компанийн “Street view” буюу гудамж, талбайн зураглал дахь Улаанбаатар хотын дүр зургийг шинэчлэх төслийг санаачлан хэрэгжүүлж ирсэн.

2014 онд Улаанбаатар хотын бүх гудамж, талбайн зургийг анх удаа 360 градусын өнцгөөр “Google street view”, “Google map”-д оруулж байсан бөгөөд үүнээс хойш өдгөө 9 жилийн хугацаанд хотын дүр зураг ихээхэн өөрчлөгдөж, мэдээллийн сан дахь зураг, мэдээлэл хуучирсан тул шинэчлэх зайлшгүй шаардлага бий болжээ.

Дэлхий дахинаа интернэт хэрэглэгчдийн хамгийн өргөн хэрэглээ болсон Google map, Google street дэх газар орны байр зүйн бодит зураглал, мэдээллийг Google компаниас тавьсан шаардалгад нийцүүлэн шинэчлэх энэ удаагийн төслийг Бодь Интернэшнл ХХК болон Нийслэлийн Инновац хөгжлийн газар хамтран хэрэгжүүлэхээр “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа.

Энэхүү төслийн үр дүнд Улаанбаатар хотын бодит дүр зураг, цаг үеийн нөхцөл байдлыг интернэт хэрэглэгч бүр дэлхийн хаанаас ч цаг алдалгүй авах боломж бүрдэхийн зэрэгцээ улмаар Монгол орны аялал жуулчлалын салбарыг технологийн дэвшлийн тусламжтай шинэ шатанд хүргэх, уламжлал шинэчлэлийг хослуулж буй Улаанбаатар хотыг дэлхийд таниулан сурталчлах зэрэг олон давуу талуудыг  нээж буйгаараа онцлогтой.